Д.Пүрэвдаваа: Хотын дэд төвдүүдийг яаралтай байгуулах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Д.Пүрэвдаваа: Хотын дэд төвдүүдийг яаралтай байгуулах хэрэгтэй

Д.Пүрэвдаваа: Хотын дэд төвдүүдийг яаралтай байгуулах хэрэгтэй

Нийслэл хотын хөрсний 80 гаруй хувь нь бохирдолтой гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл чимээгүй аюул учруулж байгаа хөрсний бохирдлоос хэрхэн сэргийлэх, төр засгийн зүгээс энэ асуудалд хэрхэн хандаж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваагаас тодрууллаа.

-Нийслэлд хоёр дахь жилдээ “Хөрс хамгаалах” өдөрлөгийг зохион байгуулж байна. Таны бодлоор энэ өдөрлөгийн гол ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна?

-НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтын санаачлагаар “Хөрс хамгаалах өдөрлөг”-ийг нийслэл хотод маань хоёр дахь жилдээ хийлээ. Энэ бол маш зөв зүйтэй, нүдээ олсон ажил гэж харж байгаа. Агаарын бохирдол бол зөвхөн хүйтний улиралд л яригдаад өнгөрдөг. Харин хөрсний бохирдлын асуудлыг төдийлөн хөндөөд байдаггүй. Гэтэл нийслэл хотын маань хөрс маш их бохирдож, аюултай хэмжээнд хүрснийг олон нийтэд ойлгуулах, хөрсний бохирдлыг бууруулахад иргэн хүний оролцоо ямар байх, төр засаг бодлогын түвшинд хэрхэн шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хөндсөн ач холбогдолтой өдөрлөг боллоо гэж харж байна.

Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн 2017 оны нэгдүгээр сарын 10 өдрийн өргөтгөсөн хуралдаанаас нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай зөвлөмжийг гарсан байдаг. Энэ зөвлөмжид агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүргэсэн гэж үзээд Засгийн газар, УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-д онцгой байдлын горимд ажиллахыг үүрэг болгосон. Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг идэвхитэй оролцохыг ч уриалсан байгаа. 

-Хөрс бохирдуулж байгаа гол хүчин зүйл нь иргэдийн ухамсаргүй байдал, гэр хорооллын нүхэн жорлон гэж би боддог. Ер нь нийслэл хотын хөрсийг бохирдуулж байгаа гол хүчин зүйл нь юу юм бэ?

-Хөрсийг хамгийн ихээр бохирдуулагч эх үүсвэр нь гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон болон муу усны цооног юм. Улаанбаатар хотод 220 орчим мянган өрх гэр хороололд амьдардаг. Эдгээр өрхийн 200 мянган нүхэн жорлон, 140 мянга орчим муу усны цооног байна. Мөн авто засварын газруудаас гарч байгаа тослох болон шатах материалуудыг хөрсөнд хаяж, булах тохиолдлууд ажиглагддаг. Нийслэлийн хөрснөөс авсан шинжилгээгээр нийт авсан дээжний  88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрч, худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд хөрсөн дэх органик бохирдол 52,6 хувь,  шивтрийн бохирдол 88,4 хувь, сульфатын бохирдол 72 хувьтай гарсан.

-Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх бэ, Ямар гарц байна?

-Юун түрүүнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хэрэгтэй. Орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн нэмэгдэнэ үү гэхээс саарахгүй байна шүү дээ. Жилд хамгийн багадаа 7 мянга орчим, хамгийн их нь 2004 онд 68 мянга орчим иргэн нийслэлд шилжин ирсэн байдаг. Эдгээр айл өрхийн дийлэнх нь гэр хороололд бууж, суурьшдаг. Тиймээс агаар, хөрсний бохирдлоос иргэдээ хамгаалах эхний ажил бол хотын дэд төвүүд болон дагуул хотуудыг яаралтай байгуулах гэж харж байна.

Мөн гэр хороололд амьдарч байгаа өрхийн дундаж орлого 2017 онд 800 орчим мянган төгрөг байсан. Энэ нь дэд бүтцэд холбогдох болон орон сууцны зээлд хамрагдахад хүрэлцдэггүй. Тиймээс өрхийн дундаж орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Цаашлаад техник технологийн хямд шийдлийг санал болгох хэрэгтэй гэж үзэж байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж