Аргентин улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Аргентин улсын шигшээ баг

Аргентин улсын шигшээ баг
  • Дасгалжуулагч: Хорхе Сампаоли
  • Багийн ахлагч: Лионель Месси
  • Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Хавьер Занетти
  • ФИФА-н чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 5
  • ДАШТ-нд оролцсон тоо: 16 удаа оролцсон бол 1938, 1950, 1954 болон 1970 онуудад өнжсөн.
  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 1978, 1986 онуудад алтан медаль хүртэж 1990 болон 2014 онд мөнгөн медаль хүртсэн.

Москва хүрэх замд:

Алдарт Марадонагийн эх орон Аргентин улсын шигшээ баг ОХУ-д болох ДАШТ-ний сонгон шалгаруулалтыг тун адармаатай, хүндхэн туулж эцсийн мөчид тизээ захиалах эрхийг авсан. Сонгон шалгаруулалтыг Ж.Мартиногийн удирдлага дор эхлүүлсэн ч 2016 оны зун дасгалжуулагчаа явуулж оронд нь Э.Баузаг томилсон. Гэвч мөн л жилийн дараа Э.Бауза ажлаа хүлээлгэн өгч Х.Сампаолиг шигшээ багийн дасгалжуулагчаар томилсон. Мөн энэ хугацаанд багийн лидер Л.Месси 2016 оны 6 сард явагдсан Копа Америка тэмцээний дараа шигшээ багаасаа зодог тайлж буйгаа зарласан. Энэ мэт дуулиан шуугиан Аргентины шигшээ багийг нэг цул болгож чадахгүй байсны дээр дэлхийн аваргад орох нь ч эргэлзээтэй байдал үүсэж байсан. Гэвч эцсийн мөчид шинэ дасгалжуулагч Х.Сампаолигийн удирдлага дор Аргентины шигшээ баг нэг зүгт чиглэж, Л.Месси ч олон хүний ятгалгын үр дүнд шигшээ багтаа эргэн ирсэн. Ингээд Аргентин улсын шигшээ баг дэлхийн аваргын шийдвэрлэх тоглолтоо 2017 оны 10 сард Эквадорын эсрэг хийн 3-1 харьцаатай хожиж дэлхийн аваргын эрхээ авч чадсан юм. Аргентин улсын шигшээ баг Өмнөд Америкийн бүсээс 18 тоглолт хийж 7 хожил, 7 тэнцээ, 4 хожигдолтой 3-р шалгарсан.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

Аргентин улсын шигшээ багийн дасгалжуулагч Х.Сампаоли ирэх сарын 27-нд урьдчилсан байдлаар 30 тоглогчоо зарлах бол 6 сар гаргаад албан ёсоор дэлхийн аваргад оролцох 23 тамирчны нэрийг мэдүүлэх ёстой. Одоогийн байдлаар Х.Сампаолигийн мэдэлд дараах тоглогчид байна.

  • Хаалгач: С.Ромеро (Манчестер Юнайтед), Н.Гузман (Мексикийн УАНЛ Тигерс), А.Марчесин (Мексикийн Америка), В.Кабаллеро (Челси), Г.Рулли (Реал Сосьедад). Хаалгачийн хувьд эхний сонголт нь С.Ромеро боловч түүний хувьд Манчестер Юнайтед багт Испаний хаалгач де Хеагийн сэлгээний хаалгач юм. Ийм түүнд магадгүй шигшээ багийн №1 сонголт болно гэхэд эргэлзээтэй болоод байгаа. Түүний оронд Челсигийн ахмад хаалгач В.Кабаллеро ч байж болох юм.
  • Хамгаалагч: М.Рохо (Манчестер Юнайтед), Н.Отаменди (Манчестер Сити), Г.Меркадо (Севилъя), Фунес Мори (Эвертон), Ф.Фазио (Рома), Й.Майдана (Аргентины Ривер Плате), К.Ансалди (Торино), Э.Инсуа (Штутгарт), Н.Таглиафико (Аякс), Ф.Бустос (Аргентины Индепендиенте), Г.Пеззелла (Фиорентина), М.Каско (Аргентины Ривер Плате). Өнөөгийн Аргентин улсын шигшээ багийн хамгаалалт тийм ч найдвартай биш. Н.Отаменди, М.Рохо гэсэн “том” нэрнүүд байгаа ч Аргентины шигшээ баг дэлхийн аваргын сонгон шалгаруулалтанд хамгаалалт тун муу байсан бөгөөд сонгон шалгаруулалт өндөрлөхөд ердөө +3 бөмбөгтэй байгаа нь хамгаалалт ямар сул байгааг харуулж байна.
  • Хагас хамгаалагч: Х.Машерано (Хятадын Хэбэй Чайна Фортуне), А.ди Мариа (ПСЖ), Э.Банега (Севилья), Ф.Гаго (Аргентины Буко Хуниорс), Л.Балия (АС Милан), Х.Пасторе (ПСЖ), Э.Перез (Аргентины Ривер Плате), А.Фернандес (Хятадын Бээжин Ренхэ), М.Акуна (Спортинг), М.Кранедиттер (Зенит), Э.Салвио (Бенфика), Д.Перотти (Рома), Ф.Беллушчи (Аргентины Сан Лоренцо), А.Гомез (Италийн Аталанта), Э.Рижони (Зенит), Ло Целсо (ПСЖ), М.Ланзини (Вест Хэм Юнайтед), Л.Паредес (Зенит). Тулгуурын хагас хамгаалалтанд сайн тоглодог Х.Машераног сүүлийн 2 ч шигшээ багийн цугларалтанд дуудаад байна. Мөн ди Мариа хэмээх авъяаслаг тоглогч Аргентины шигшээ багийн дундын шугаманд байгааг мартаж болохгүй.
  • Довтлогч: Л.Месси (Барселона), С.Агуэро (Манчестер Сити), Г.Игуаин (Ювентус), П.Дибала (Ювентус), А.Корреа (Атлетико Мадрид), М.Икарди (Интер Милан), К.Павон (Аргентины Буко Хуниорс). Довтолгооны шугам бол үнэхээр энэ цаг үеийн Европын шилдгүүд тоглож байна. Заавал онцлох шаардлагатай гэвэл Л.Мессиг хэлэх болов уу?

ДАШТ-ний хэсэг:

D хэсэгт Европ тивийн төлөөлөл Исланд, Хорват болон Африкийн Нигери улсуудтай багтсан. “Супер бүргэдүүд” буюу Нигерийн шигшээ багтай 2017 оны сүүлийн нөхөрсөг тоглолтонд хожигдсон нь нэгийг бодогдуулсан байх. Хорватын шигшээ баг бол хэзээ ч амар өрсөлдөгч биш юм. Аргентины шигшээ баг дэлхийн аваргын эхний тоглолт бол сүүлийн хэдхэн жилийн дотор хөлбөмбөг нь гайхалтай хөгжиж буй Исландын эсрэг хийх тоглолт юм. Энэ тоглолтоос заавал хожил авахгүй бол дараагийн хоёр өрсөлдөгч нь тийм ч амаргүй өрсөлдөгчид.

Багийн түлхүүр тоглогч:

Дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси хэмээх гайхамшигтай нэгэн энэ багт бий. Шигшээ багтаа хэнтэй ч харьцуулшгүй шилдэг нь бол Л.Месси. Л.Месси эргэн ирж байж шигшээ багаа дэлхийн аваргад явах эрхийг нь авч өгсөн гэж хэлбэл нэг их хол зөрөхгүй байх. Түүний дотор 2014 оны мөнгөн медалийнхаа өнгийг хувиргах нууцхан хүсэл байгаа нь дамжиггүй.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж