Он гарсаар 29 хүнийг хөнөөсөн хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Он гарсаар 29 хүнийг хөнөөсөн хэрэг гарчээ

Он гарсаар 29 хүнийг хөнөөсөн хэрэг гарчээ

Нийслэлийн цагдаагийн газраас өнөөдөр /2018.04.27/ нийслэлд үйлдэгдэж буй гэмт хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга дэд хурандаа Ц.Амгалан-Энх, Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга хошууч Э.Товуудорж, Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Н.Болдбаатар нар оролцов.


Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга дэд хурандаа Ц.Амгалан-Энх “ Нийслэлийн хэмжээнд 2018 оны нэгдүгээр улиралд нийт 7975 гэмт хэрэг бүртгэгдсэний 3293 буюу 41.2 хувь нь хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Хулгайн гэмт хэргийн ихэнх хувийг буюу 2688 гэмт хэрэг буюу 81.6 хувийг нь бусдын өмчийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа. Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд иргэд маань цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцож ажилладаг болсон. Энэ чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газраас “Хулгайчаас салцгаая” фэйж хуудас нээн иргэд мэдээлэл өгсний үндсэн дээр цагдаагийн байгууллага 10 гаруй гэмт хэргийг илрүүлсэн. Сүүлийн үед автомашинд халдах гэмт хэргүүд нэлээдгүй бүртгэгдсэн. Тухайлбал, авто машины эд ангийг тонох, автомашин хулгайд алдах,  аккумлятор хулгайлах гэмт хэргүүд бүртгэгдсэн. Энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаад ажилласны үр дүнд дээрх бүлэг этгээдүүдийг баривчилсан. Эдгээр этгээдүүд нь хулгайлсан эд зүйлсээ хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдэд борлуулдаг болох нь шалгалтын явцад тогтоогдсон” гэв.

Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Н.Болдбаатар “Сүүлийн үед авто машины эд ангийг хулгайлсан хэрэг нэлээдгүй бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар автомашин хулгайлж, эд ангийг нь худалдаалдаг хоёроос гурван бүлэг этгээдийг баривчилсан. Дээрх хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, 16-17 орчим насны этгээдүүд 12 авто машиныг хулгайлсныг илрүүлэн шалгаж байна. Одоогийн байдлаар зургаан авто машиныг олсон. Бусад машиныг эрэн сурвалжлах арга хэмжээ явагдаж байна. Мөн “Тоёота Приус” 10, 20 маркийн авто машинуудыг  хулгайд алдагдах гэмт хэрэг ихээр гарсан. Одоогийн байдлаар 30 орчим машиныг олж тогтоогоод хохирогч нарт нь хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Уг хэргийг үйлдэгчид машины сери дугаарыг солиод Үнэгүй.мн гэх сайтуудаар зар тавьж эд ангийг нь борлуулдаг. Тэдгээр залуус 22-25 насны залуус болохыг тогтоосон” гэж мэдээллээ.

Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга хошууч Э.Товуудорж “Нийслэл хотын хэмжээнд энэ оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар хүнийг алах гэмт  хэрэг 29 бүртгэгдэж, цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн халуун мөрөөр шуурхай ажилласны үр дүнд гэмт хэргийн илрүүлэлт зуун хувьтай байна. Сүүлийн үед нийгмийг цочроосон онцлог гэмт хэргүүдээс танилцуулъя. 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 25-р эмийн сангийн ойролцоох шөнийн цэнгээний газарт архи согтууруулах ундаа хэрэглэсэн таван залуу гурван залуутай үйл ойлголцсоны улмаас зодолдон нэгнийхээ аминд хүрчээ. Тухайлбал, иргэн Г нь хүнд гэмтэж иргэн Н нь духан тус газраа зэвсгийн чанартай зүйлээр хатгуулж амь насаа алдсан хэрэг гарсан. Дээрх хэргийг Сүхбаатар аймгийн харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй А,Ч,Б нар бүлэглэн үйлдсэнийг тогтоон шалгаж байна” гэж мэдээллээ.

Э.Ариун 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж