Сурагчид дээр Д витамины туршилт хийсэн үү?

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Сурагчид дээр Д витамины туршилт хийсэн үү?

Сурагчид дээр Д витамины туршилт хийсэн үү?

“Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Уянга, тус  байгууллагын гадаад харилцаа хэвлэл мэдээллийн төлөөлөгч И.Энхжаргал болон бусад холбогдох хүмүүс өнөөдөр /2018.04.27/ мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийн эхэнд “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл ТББ”-ын зүгээс манай байгууллагыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад туршилт хийж байна  гэсэн ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй, худал гүтгэлгийн чанартай мэдээлэл тараасан учир залруулга хийн энэхүү хурлыг хийж байна” гэв.

Хүүхдүүдэд  Д аминдэмийг туршсан хэрэг огт биш

“Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Уянга “Манай байгууллага нь Харвардын анагаахын их сургуулийн эрдэм шинжилгээний нэгж байгууллага  гэж явдаг. 2004 оноос эхлэн Д витаминтай холбоотой нийтдээ  20  гаруй судалгааг олон улсын түвшинд хийж ирсэн. Одоогийн хийж байгаа судалгаа бол  6-13 насны  9814 сурагчдыг  оролцуулаад Сүрьеэгийн далд халдвараас урьдчилан сэргийлэх  Д амин дэмийн нөлөө судалгааг Эрүүл мэндийн яамны ёс зүйн хороо, АШУҮИС-ийн эрдмийн зөвлөл, Харвардын их сургуулийн ёс зүйн хорооны албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хийж эхэлсэн. 2015 оны тавдугаар сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн яамны яамны ёс зүйн хорооноос зөвшөөрөл авсан.

 Анх судалгааны ажлыг эхлүүлэхдээ бид судалгаанд хамрагдах хүүхдүүдийн  эцэг эхэд судалгааны талаар танилцуулж албан ёсоор зөвшөөрөл болон гарын  үсэг авч сайн дурын үндсэн  дээр эхлүүлсэн.  Хүний биеийн  дархлааг дэмждэг Д аминдэм нь амьсгалын замын  хурц халдварт өвчин болон сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлдэг тул сүрьеэтэй тэмцэх эдийн засгийн хувьд хэмнэлттэй, эрүүл мэндэд хор нөлөөгүй арга. Судалгаанд оролцогч хүүхдүүдэд  Д аминдэмийг туршсан хэрэг огт биш. Д аминдэм нь сүрьеэгээс  сэргийлэх олон улсын туршлага яг Монгол хүүхдүүдэд ямар тун, ямар хэмжээгээр уувал тохиромжтойг судалж байна.

Хүний биед ямар ч сөрөг нөлөө байхгүй

“Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-ын гадаад харилцаа хэвлэл мэдээллийн төлөөлөгч И.Энхжаргал “Бидний судалгаанд ашиглаж байгаа Д аминдэм нь  АНУ-ын Тишкон корпорацд үйлдвэрлэсэн. Тус Д аминдэмийн идэвхт бодисын тун байх ёстой хэм хэмжээндээ тохирсон, баталгаат хоёр жилийн хугацаандаа үйлчилгээ үзүүлнэ гэдэг чанарын баталгааг  бие даасан олон улсын тусгай лабораториор баталж гаргаж өгдөг.  Хүний биед ямар ч сөрөг нөлөө байхгүй. 

Энэ судалгаанд хамрагдсан 6-13 насны 9814 хүүхэд сүрьеэгийн далд халдварын шинжилгээнд хамрагдсанаас 946 нь далд халдвартай гарсан. Эдгээр бүх хүүхдүүдийг судалгааны багтай хамтраад сүрьеэгийн үзлэг, нарийн шинжилгээ  хийхэд 129 хүүхэд  идэвхтэй    сүрьеэтэй гэж оношлогдоод  зарим хүүхдүүд нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж, зарим нь тухайн дүүргийнхээ эмнэлэгт  эмчилгээ хийлгэсэн байдаг. Харин үлдсэн 700 гаруй хүүхдүүд хяналтад  байгаа. Эдгээр хүүхдүүдийг долоо хоног бүр ханиад хүрсэн үү?, жин буурсан уу? гэх сүрьеэгийн илрүүлгийн асуумжаар хяналт, урьдчилан сэргийлэлт байнгын идэвхтэй илрүүлгийг тогтмол хийж ирсэн” гэв.

Тэд судалгааны талаар худал ташаа мэдээллийг олон  нийтэд цацаж, ард иргэдийг төөрөгдүүлж судалгааны ажилд ноцтой хохирол учруулж байгаа Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл ТББ”-ыг бид зохих хууль ёсны  байгууллагад хандана гэсэн юм.

Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж