В.Путины захиас элчийн аманд буй

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

В.Путины захиас элчийн аманд буй

В.Путины захиас элчийн аманд буй

Оросоос зочин иржээ.  Зочны нэрийг Ю.П.Трутнев гэнэ. Тэрбээр Оросын  Засгийн газрын орлогч, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнод тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч юм.

Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар  Улаанбаатарт албан ёсоор айлчилж буй Ю.Трутнев өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин нартай  уулзсан. Өнөөдөр тэрбээр Ерөнхийлөгчид бараалхлаа.

Засгийн газрын албан ёсны сайтад мэдээлснээс харвал Оросоос ирсэн элч болгонд  Монголын дарга нараас улиг болтол дайдаг  махны экспортоо нэмэгдүүлэх, Оростой хийх худалдаагаа сайжруулах мөнөөх л хүсэлтээ Шадар сайд Ө.Энхтүвшин В.Путины бие төлөөлөгчид уламжилж, зочны зүгээс хэн хэнийхээ ашиг сонирхлыг нарийн судалж, улс төрийн болоод эдийн засгийн хувьд бүрэн ойлголцох боломж байгааг  дуулгаад Евро-Азийн эдийн засагтай чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ амалжээ. Ерөнхийлөгчийн сайтад ‘ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа Монголын ачаа тээвэрт 25 жилийн хугацаатай тарифын хөнгөлөлт үзүүлэх баримт бичиг бэлэн болсныг тухайлан ярьсан’ талаар мэдээлсэн байна.

 Ирсэн, очсон орос дарга болгоноос гуйдаг монголчуудын ганц зүйл нь ОХУ-ын зах зээлд монгол малын махыг экспортлох асуудал. Монголын махны экспортыг дэмжихэд бэлэн гэх байнгын бэлэн зэлэн үгтэй явдаг  оросуудын хувьд багахан хэмжээний жонш, ноолуур, арьс ширээс өөрөөр бусдаар бол  Монголын махыг шүлхий гэж дэлхийгээр нэг зарладаг хүмүүс шүү дээ.

Арав хоногийн дараа буюу, тавдугаар сарын 7-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх В.Путины илгээсэн элчийн гол зорилго юу байв. Түүний аманд байгаа В.Путин захиас юу байж болох вэ. Тэр тусмаа Монголын эдийн засгийг чирч яваа Оюутолгойн гэрээний асуудлаар Монгол Улс хоёр ч Ерөнхий сайдаа шоронд хорьсон үйл явдлын араас  Улаанбаатарт хөл тавьсан Оросын элчийн сонирхол монголчуудын хардлагыг төрүүлэхээс өөр аргагүй биз.

Орос, Монголын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асуудал орос, монгол дарга нарын айлчлал болгоны хөнддөг сэдэв байдаг. Хоёр улсын гадаад худалдааны  нийт эргэлт нэг тэрбум, 900 орчим сая ам.доллар. Үүний  дөнгөж гуравхан  хувийг Монголын экспорт эзэлдэг. Үлдсэн 99 хувь нь Орост ордог мөнгө. Тэгэхээр монголчууд Орос руу жилд 380 сая ам.долларын экспорт хийдэг. Эсрэгээрээ 1.5 тэрбум долларын бүтээгдэхүүнийг импортоор авч байна гэсэн үг.

Алс Дорнод руу бүсийн худалдаа хийх тухай монголчуудын хүсэлтийг ноён В.Путины бие төлөөлөгч хүлээн авахаа илэрхийлжээ.  Ердөө Монголын хилээс 267 км зайтай орших Тавантолгойн төмөр замаа тавьж чадахгүй хэрэлдэж суугаа монголчуудад алс Дорнодын боомт руу аваачиж зарах бараа нь мэдээж, монгол малын мах сүү биш.  Тэд Монголоос уран, алт, мөнгө, жонш олборлох сонирхлоо үргэлж илд далдаар тулгадаг байсан. Тиймдээ ч зочны хэлсэн хэн, хэний маань улс төр, эдийн засгийн ашиг сонирхол юу байж болох нь, ялангуяа хоёр Ерөнхийлөгчийн хувьд чухал байж мэднэ.

 В.Путинийн бүрэн эрхт төлөөлөгчийн хувиар  Монголд ирсэн Ю.Трутневын гол зорилго нь Оюутолгой, Тавантолгой хийгээд нефть боловсруулах үйлдвэр байж мэдэх хардлага хөршийн зочны “даруйхан” айлчлалаас  төрж буй.  Тэр тусмаа У.Хүрэлсүхийн Хятадад хийсэн айлчларын мөрөөр,  УИХ-ын хаврын чуулганаар  Тавантолгой, төмөр замын төслийг хэлэлцүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал  эрх баригч намын дунд ид яригдаж буй цаг дор айлчилжи ирсэн элчийн даалгавар Монголын улс төр, эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтойг хэлэхэд хэцүү.

Ерөнхийдөө явцуухан хүрээнд өрнөж буй Ю.Трутневийн айлчлалын уулзалт, ярилцсан асуудлын талаар албаны хүмүүс Засгийн газрын албан ёсны  сайтад тавигдсан албан жижиг мэдээллээс өөрөөр өгөх сонирхолгүй нөхцөлд хардлага дагуулах нь зүйн хэрэг.

 Ялангуяа Монголын эдийн засаг, улс төрийг доргиосон үйл явдлууд шил дараалан өрнөж, УИХ дээр Оюутолгой, Тавантолгой асуудал сөхөгдөж, Рио-Тинтогийн эсрэг ухуулга хүчтэй явагдаж байгааг далимдуулан   В.Путинийн зүгээс  “хэн хэнийхээ ашиг сонирхлыг нарийн судлах’ даалгаврыг элчдээ өгсөн байхыг бас үгүйсгэхгүй.  Учир нь ураны ордоос эхлээд Монголын стратегийн орд газруудын гол тоглогчоор тодрох сонирхол оросуудад нэн эртнээс байсан. Монголын хаана ямар ашигт малтмал байгааг тэд биднээс ч  илүү сайн мэдэх ёстой. Олон жилийн турш гуйж гувшиж байж,  өнгөрсөн гуравдугаар сард оросуудаас геологийн зарим судалгаагаа салгаж авсан бий.

Юутай ч аугаа их ялалтын баяраас хоёр хоногийн өмнө, уламжлалт ёсоор  тавдугаар сарын 7-ны өдрийг сонгон дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх  В.Путины  тангаргийн баярт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга очих  мэдээлэл улс төрийн хүрээнээс сонсогдож буй.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж