Хэдийг үрж, хэдийг олж буйгаа мэдэх хэрэгтэй | News.MN

Хэдийг үрж, хэдийг олж буйгаа мэдэх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Хэдийг үрж, хэдийг олж буйгаа мэдэх хэрэгтэй

Хэдийг үрж, хэдийг олж буйгаа мэдэх хэрэгтэй

Өрх бүр сард дундажаар 70 мянган төгрөг хуримтлуулах боломжтой

Монголчуудын нэг авууштай тал нь бид их, бага орлогоос үл хамааран амьдралаа залгуулж чаддаг. Гэсэн хэдий ч олохын­ хоо хэрээр үрдэг том сул талтай. Хэдийгээр бага орлогоор амьдралаа залгуулах чадал бий ч, эсрэгээрээ их орлоготой болмогц эргээд бага орлогоор хэрэгцээгээ зохицуулж чаддаг­гүй. Монголбанкны олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургулын хэлснээр, хувийн санхүү нь хувь хүний дадал, хандлагатай шууд холбоотой. “Санхүүгийн дадал, зуршлаа өөрчлөхөд дунджаар таван жил зарцуулдаг гэсэн тооцоо байдаг байна. Хэдийг олж, хэдийг үрж буйгаа мэдэх хэрэгтэй. Үүний тулд тэмдэглэл хөтлөх эсвэл гар утасны аппликейшн ашиглаж болно. Е баримтаас ч та зарлагаа хялбар тооцож болно. Түүнчлэн орчин үед санхүү, мөнгөтэй холбоотой маш олон бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болсон. Наанадаж л банкны олон төрлийн хадгаламжийн алийг нь сонговол танд хамгийн ашигтайг мэддэг байх хэрэгтэй” гэв. Wall Street Journal сонин ху­вийн санхүүгээ зөв төлөвлөхийн тулд хөрөнгө оруулалт, даатгал, өр, банкны хадгаламж, зардлаа хянахыг зөвлөдөг. Үндэсний статистикийн хо­рооны мэдээлснээр 2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар монгол өрхийн сарын дундаж орлого 1,188,933 төгрөг. харин өрхийн дундаж хүнсний зарлага 290,395 төгрөг бол хүнсний бус бараа, үйлчилгээний зардал 825,252 төгрөг байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэг өрхийн сарын дундаж зардал 1,115,647 төгрөг. тиймээс зөрүү болох 73,286 төгрөгийг хадгалах бүрэн боломжтой юм. Тэгвэл банкуудын хадгаламжийн хүү дунджаар 14.6 хувь бөгөөд сар бүр тогтмол 70 мянган төгрөг хадгалахад дундаж орлоготой өрх жилд дунджаар 852,264 төгрөг хуримтлуулах боломжтой юм. Их биш боловч “дуслыг хураавал далай” гэдгийн адил өрхийн хуримтлал бий болохоос гадна үр дүнд нь илүү үнэ цэнэтэй дадал зуршилтай болох юм.

Богино хугацааны зорилт ба өрөө хурдан барагдуулах арга

Хувийн санхүүг сайжруулъя гэвэл урт, богино хугацааны зорилтуудаа тодорхой болгож төлөвлөгөө гаргах нь маш чухал. Жишээ нь, урт хугацааны зорилтоо орон сууц, автомашин худалдаж авахаар төлөвлөж болох бол богино хугацаанд зардал танах, кредит картын хэрэглээгээ багасгах зэрэг байж болох юм. Санхүүгийн зорилтод хүрэхэд тулгардаг томоохон саад бол өр. Тиймээс эхний ээлжинд өрөөс салах нь зүйн хэрэг. үүнд мөн төлөвлөгөө шаардлагатай бөгөөд бүх өр лүүгээ бага зэрэг мөнгө хийхийн хажуугаар аль нэгд нь бага зэрэг илүү мөнгө зарцуулах хэрэгтэй. Ингэснээр нэг өр тань бүрэн төлөгдөж дуусмагц дараагийн өрийн төлөлтөд тэр хэмжээний мөнгө зориулж илүү түргэн өрнөөс салах боломж бүрдэнэ. Харин өрнөөс бүрэн салсны дараа ахиж өр тавихгүй байхад хүчин чармайлт шаардлагатай. Кредит картаас аль болох тат­ галзаж, “гэнэтийн хэрэгцээнд зориулсан” хадгаламж нээн онцгой нөхцөлд ашиглах нь зүйтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Мөн дараах аргууд өрөө илүү богино хугацаанд төлөхөд тусална

Удаан хугацаанд хэрэглээгүй зүйлсээ зарж өрнөөс салах төлөвлөгөөндөө нэмэрлэх. Өрөө хурдан барагдуулах үүднээс орлогын хоёрдогч эх үүсвэр бий болгох. ингэснээр урт хугацааны зорилгод тань ч нэмэр болох нь мэдээж. Хугацаа хожихын тулд танаж болох зардлыг олж тогтоох.

Байвал зохих хадгаламжийн төрлүүд

Нээлттэй эдийн засагт олон зууныг элээсэн барууны ер­төнц хувийн санхүүг хэрхэн зөв төлөвлөх талаар нэлээд судалж, арга замыг нь олон нийт амьдралдаа хэрэгжүүлдэг. Үүний шалгарсан арга гэж хэлж болох банкны хадгаламж нь яах аргагүй хамгийн бага эрсдэлтэй. Банкны хадгаламжийг мөнгө түгжих хэрэгсэл гэж ойлговол өрөөсгөл юм. Гадаад орны болон амжилттай яваа эрхмүүдийн жишгээс харахад хадгаламж нь эрсдэлээс хамгаалах, өөртөө хөрөнгө оруулах томоохон хэрэгсэл болдог бөгөөд Амери­кийн алдарт хөрөнгө оруулагч, бизнесийн магнат Уоррен Баффеттийн хэлсэнчлэн “Зар­ цуулсныхаа дараа хадгалах бус хадгалсныхаа дараа зарцуул” гэдэг нь хамгийн оновчтой сон­ голт юм.

Гаднын туршлагаас харахад ихэнх хүмүүст дор хаяж гурван хадгаламж хэрэгтэй.

Ажлаас халагдахад зориулсан эрсдэлийн хадгаламж. Америкийн долоо хоног тутмын Time сэтгүүлийн судалгаанаас ха­рахад хүн ажлаас халагдаад дараагийн ажилд орох хүртэл дунджаар зургаан долоо хоног шаардлагатай байдаг аж. Иймд энэ үеийг даван туулах зорилгоор орлогынхоо тодорхой хэсгийг хадгалахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Өөртөө хөрөнгө оруулах урт хугацааны хадгаламж. Аялал зугаалга, хүссэн зүйлээ худалдаж авах, бизнес эхлүүлэх гэх зэргээр зорилгодоо хүрэхийн тулд заавал урт хугацааны хадгаламжтай байх шаардлагатай аж. Гэнэтийн эрсдэлээс сэргийлэх хэрэгцээт хадгаламж. Хүн амьдралынхаа аль ч мөчид урьдчилан тооцоолж үл болох аюултай тулгарч болно. Гэнэтийн осол, өвчин эмгэг тусах, машин эвдрэх зэрэг гэнэтийн зардал мундахгүй. Иймд орлогынхоо тодорхой хувийг эрүүл мэнд болон зайлшгүй шаардлагатай зүйлсдээ зориулж хадгалахыг зөвлөдөг байна.

Урсгал зардал танах арга

МУИС-ийн эдийн засгийн сургуулийн багш, доктор, про­фессор Л.Оюуны хэлснээр, хувийн санхүүг ухаалгаар удирдах хамгийн эхний алхам бол орлого, зарлагаа бүртгэх. Гэтэл энэ эхний алхмыг хийхгүй байгаа учраас удирдах, төлөвлөх гээд дараа дараагийн алхмууд үргэлжилдэггүй байна. Тиймээс эхлээд орлого, зарлагаа аль алийг нь бүртгэж сурах хэрэг­тэй. ингэснээр таны хувийн санхүүгийн байдал тодорхой болж, тоон үзүүлэлтүүд ч танд ямар шийдвэр гаргахыг хэлээд өгнө. Мэдээж хэрэг зайлшгүй хэрэгцээнээс гадна тооцоолоход бэрх урсгал зардал маш их гардаг. Гэвч энэ нь зохицуулах боломжгүй гэсэн үг биш. Хэрэв та ухаалаг гар утастай бол санхүүгээ зохицуулж болох олон аппликейшн бий. Эдгээр нь танд үр ашиггүй зардлаа олж тогтооход туслах тул шинэ зорилгоо үүнээс эхлээрэй. Заавал ухаалаг утасны апп­ликейшн гэлгүй зөвхөн өрхийн хэрэглээг хянах зорилготой дэвтэр ч бий. Үүний нэг жишээ нь Чөлөөт хэвлэл Сангаас гаргадаг “өрхийн төсөв дэвтэр”. Энэхүү дэвтэр нь “Номин”, “И-март” сүлжээ дэлгүүрийн салбаруудад борлогддог аж. Түүнчлэн “хямдхан аргаар тэтгэвэрт гарах нь” номын зохиолч Жефф Ейгэр дэлгүүр хэсэхдээ зөвхөн хэрэгтэй зүйлсээ аваад нэг долоо хоног өөр юунд ч мөнгө үрэхгүй аргацаагаад үз гэж зөвлөдөг. Мөнгөний асуудалгүй болоод ирэхээр санхүүгээсээ болж сандрахгүй байгаадаа ч гайхаж эхэлдэг байна.

Хөрөнгө оруулахын өмнө мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө хүсэх нь зүйтэй

Америкийн нэгэн их сургуу­лийн судалгаагаар иргэдийн худалдан авалтын 40 хувь нь шаардлагагүй гэнэтийн худалдан авалт байдаг нь тогтоогджээ. Учир нь худалдааны төвүүд ихэнхдээ тав тухтай орчин бүрдүүлж худалдан авагчдыг илүү урт хугацаанд уях зорилгоор ажилладаг тул шаардлагагүй зүйлс авах нь их. Иймээс дэлгүүр орохын өмнө авах зүйлсийн жагсаалтаа нарийн гаргаад зөвхөн хэрэгтэй зүйлсээ авах хэрэгтэй.

Хөрөнгө оруулалтын хэрэгслүүд ба хоёрдогч орлогын эх үүсвэр

Хувийн санхүү төлөвлөлтөө сайжруулах сонирхолтой хү­мүүст хөрөнгө оруулалтын мэдлэг маш чухал. Учир нь хөрөнгө оруулалт нь өөрөө хуримтлалын нэг төрөл гэж хэлж болох бөгөөд банкны хадгалам­ жаас ялгаатай нь өгөөж өндөр, эрсдэл ихтэй. Иймд хөрөнгийн зах зээлээр дамжуулж хуримтлал үүсгэх гэж буй хүмүүс хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг сайтар ойлгох шаардлагатай. Хөрөнгө оруулалтын үндсэн хэрэгсэл нь бонд, хувьцаанаас бүрдэнэ. Бонд, хувьцаа зэрэг нь өрийн хэрэгсэл бөгөөд хувьцаатай харьцуулахад бонд эрсдэл багатай, түүнийгээ дагаад өгөөж нь бага байдаг. Wall Street Journal-ийн зөвлөж буйгаар эрсдэлд дуртай хөрөнгө оруулагчид ч гэсэн зайлшгүй нэг эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийх нь зохистой юм. Харин хувьцааг аливаа компани үйл ажиллагаагаа өргөжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүднээс гаргадаг. Иймээс төсөл, хөтөлбөр нь хэрэгжмэгц эрэлт нэмэгдэж хувьцааны үнэ цэнэ өсдөг. Энэ нь өгөөж өндөртэйгөөс гадна ямар ч компани орлогоо өсгөх гэж хичээдэг тул эрсдэлийн хувьд харьцангуй бага байдаг ч төсөл нь амжилтгүй болох магадлал үргэлж байх учир бондыг бодвол эрсдэл өндөр юм.

Зөвлөгөө хүсэхээс бүү эргэлз

Хангалттай мөнгө босгон хө­рөнгө оруулахад бэлэн болсон үедээ мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө асуух нь зүйтэй. Зарим сайн зөвлөгч таны хөрөнгө оруулалтын эрсдэлийг тань давхар үүрч ч магадгүй. Түүнчлэн мэргэжлийн хүмүүс төсвөө хэрхэн зарцуулахад туслах бөгөөд зорилгодоо түргэн хүрэхэд тань дөхөм болох юм. Анхааруулахад, хөрөнгө оруу­лалт бол урт хугацааны стратеги гэдгийг санах хэрэгтэй. Богино хугацааны уналтаас болж хэзээ ч түргэн шийдвэр гаргаж болохгүй гэдгийг ихэнх мэргэжилтэн зөвлөдөг аж.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж