Г.Тэмүүлэн: Томилгоо хийдэг тогтолцоогоо хэрхэн зөв болгох тал дээр л анхаарах ёстой

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Г.Тэмүүлэн: Томилгоо хийдэг тогтолцоогоо хэрхэн зөв болгох тал дээр л анхаарах ёстой

Г.Тэмүүлэн: Томилгоо хийдэг тогтолцоогоо хэрхэн зөв болгох тал дээр л анхаарах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.04.27/-ны нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Ганболд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар санаачилсан байна. Хуулийн төсөлд тусгасан өөрчлөлт нь сургууль, цэцэрлэгийн удирдлагыг сонгох сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж, сум, дүүргийн Засаг дарга томилдог байх. Дүүргийн боловсролын хэлтсийн даргыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж Нийслэлийн боловсролын газрын даргын саналыг харгалзан томилдог байх гэсэн зохицуулалтыг тусгажээ.

Чуулганы хуралдааны үед УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн байр сууриа илэрхийлсэн бөгөөд тэрбээр боловсролын салбарын томилгоог эрүүл байлгах, улстөржилтөөс ангид байлгах тал дээр анхаарах ёстой гэдгийг онцолсон юм.

Тэрбээр “Томилгоог хэн хийх, хэн томилдог болох, улс төрийн эрх мэдлийг хэн барих вэ гэдэг улс төрийн явцуу өнцгөөс асуудалд хандаад байна уу даа гэж харагдаж байна. Хамгийн гол нь томилдог тогтолцоог эрүүл болгох, улс төржилтөөс ангид байлгахын тулд ажиллах ёстой. Боловсрол, эрүүл мэндийн салбарыг хэзээ ч улстөртэй хольж болохгүй гэдэгт 100 хувь санал нэг байна.  Хөдөө орон нутагт боловсон хүчний нөөц, бололцоо муу. Дээр нь улаан, цэнхэрээр хуваагддаг. Ийм нөхцөлд сургууль, цэцэрлэгийн захирлуудыг Засаг дарга томилно гэвэл дөрвөн жилд хэд хэдэн удаа томилгоо явагдана. Тэгэхээр бид төр засаг, төрийн албыг бэхжүүлэх, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх талаас нь ярих ёстой болохоос төрийн бүх шатны үйл ажиллагаанд ил болон далд хэлбэрээр улс төрийн намуудын оролцоог дэмжсэн хууль баталж болохгүй. Монгол Улсад боловсролын салбарын тогтвортой байдал хангах нь хамгийн чухал. Үр хүүхдийн боловсрол гэдэг бол тоглоом биш. Боловсрол олгож байгаа багш нар мэргэжил, мэргэшил, ур чадвараар үнэлэгддэг байх тогтолцоог бид суулгаж өгөх ёстой. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд улс төрийн хүчнүүдийн утсан хүүхэлдэй байж болохгүй. Энэ талаас нь шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Тэрнээс сумын Засаг дарга солигдох болгонд сургууль, цэцэрлэг үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг байж болохгүй. Өнөөдөр сумын Засаг дарга ч улс төрч, аймгийн Засаг дарга ч улс төрч хүмүүс байдаг. Тэгэхээр улс төрчид л томилгоо хийдэг тогтолцоог бид дэмжиж болохгүй. Өнөөдөр шинэчлэл хийж байгаа л бол эрс шинэчлэх хэрэгтэй. Боловсрол олгож байгаа багш нар мэргэжил, мэргэшил, ур чадвараар үнэлэгддэг байх тогтолцоог бид суулгаж өгөх ёстой. Хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, ур чадвартай хүнийг томилдог байх тогтолцоог бий болгомоор байна. Тиймээс би энэ хуулийн төслийг дэмжиж чадахгүй” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж