Ардчилсан залуучуудын холбооноос “Бодлого зарчим” форумыг тогтмол зохион байгуулж байхаар болжээ. Энэхүү форумын эхний хэлэлцүүлэг өнөөдөр /2018.04.27/ болж байгаа бөгөөд “Үндсэн хуулийн шинэчлэл” сэдвээр өрнөв. Энэ хэлэлцүүлгийн хамгийн гол зорилго нь Үндсэн хуулийн сэдвээр талцаж, улстөржиж, аль нэг намыг буруутгах биш шинжлэх ухаанч байдлаар, ул суурьтай, ирээдүйг харсан хэлэлцүүлэг өрнүүлэхийг зорьж байгаагаа зохион байгуулагчид онцолж байв.
Хэлэлцүүлэг:
- Шүүх эрх мэдэл
- Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага ба шинэчлэл
- Гүйцэтгэх эрх мэдэл
- Хууль тогтоох эрх мэдэл ба шинэчлэл гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд явагдав.
Хэлэлцүүлэгт Хууль зүйн сургуулийн дэд профессор А.Бямбажаргал, Хуульч судлаач Х.Тэмүүжин, Хууль зүйн сургуулийн дэд профессор О.Мөнхсайхан нарын хүмүүс илтгэл тавьсан юм.
Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд:
-Үндсэн хууль бол нэг намын асуудал биш. Ард түмний нийтлэг эрх ашгийн хамгийн том баримт бичиг юм. Тиймээс бид улстөрийн байр сууринаас биш, цэвэр төрт ёсны зарчмаар энэ асуудалд хандах нь зүйтэй гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн төслийг хэн оруулж ирж байгаагаас үл хамаарч, зөв, бурууг шийдэхээс илүүтэй тухайн төсөл нь хүний эрх, чөлөөт нийгмийн гол үзэл санааг хангасан эсэхийг хэлэлцэх юм. Өнөөдөр улс төрийн хямралт нөхцөл байдал, манлайллын хомсдолд Үндсэн хууль хэрхэн нөлөөлж байгааг эрдэмтэн судлаачдын олон талын байр сууринаас сонсохын тулд энэ хэлэлцүүлгийг хийж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг дэмжих эсэх байр сууриа намын удирдлагууд илэрхийлэх байх. Ардчилсан залуучуудын холбооны зүгээс Монголын залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудал болон залуучууд бодлого боловсруулах, шийдвэр гаргах боломжийг Үндсэн хуулиар хэрхэн нээж өгөхийг хэлэлцүүлж байгаа юм.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай юу?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэдэг дээр маш олон хүн санал нэгддэг. Гэхдээ ямар арга замаар, юу юуг өөрчлөх вэ гэдэг нь чухал. Одоо яригдаж байгаа Үндсэн хуулийн төсөл дээр бол 35 наснаас дээш хүнийг УИХ-д нэр дэвшүүлнэ гэж байгаа нь шүүмжлэлтэй. Зөвхөн нэг хүний асуудлаас болж Монголын нийт залуусыг ёс зүйгүй гэж дүгнэж, хэлмэгдүүлж болохгүй.
Ардчилсан залуучуудын холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Х.Номингэрэл:
-Үндсэн хуулийн төслийг дэмжинэ дэмжихгүй гэдэг байр сууриа илэрхийлэх нь эрт байна. Цаашид яг аль төслийг, ямар процессоор хэлэлцэх гэж байгаа нь одоо болтол ойлгомжгүй байна. Гэхдээ өнгөрсөн 25 жилийн хугацаанд хэрэгжсэн Үндсэн хуулийг өөрчлөх ёстой юу гэвэл тийм. Гагцхүү ямар хүрээнд шинэчлэл хийх вэ гэдгийг бид хэлэлцүүлж байна.
Ардчилсан залуучуудын холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэбулган:
-Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудалд эрх барьж байгаа нам илүү оролцоотой байна. Тэр дундаа сөрөг хүчний оролцоог хумьсан байдалтай байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг тодорхой хүрээнд хийх нь зүйтэй ч нухацтай ярилцаж, зарчмын хүрээнд хийхгүй бол 2000 оны өөрчлөлт шиг явцуу хүрээнд шийдэж болохгүй. 1992 онд Үндсэн хууль баталж байх үед нэгдүгээрт, зах зээлийн эдийн засгийн талаар бүрэн дүүрэн ойлголтгүй байсан. Хоёрдугаарт, ийм их хэмжээний уул уурхайн баялагтай гэдгээ тооцоолоогүй байсан. Энэ баялаг маань эдийн засаг, улс төрийн тогтолцоонд нөлөөлж байгаа учраас баялгийн асуудлаа Үндсэн хуульд тусгаж өгөх нь зүйтэй. Одоо бол томоохон уурхайн асуудлыг Засгийн газар, УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэх энэ гурван байгууллага гурвуулаа өөрсдийн эрх хэмжээний асуудал гэж тодорхойлдог. Үүнээс үүдээд эдийн засгийн үл ойлголт би болдог. Тэгэхээр асуудлаа зөв зүйтэй тооцоолох хэрэгтэй. Одоо яригдаж байгаа Үндсэн хуулийн процессыг хангалтгүй гэж үзэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвхөн энэ удаагийн УИХ ч биш, дараагийн УИХ-аар нухацтай хэлэлцэж, өөрчлөх нь зүйтэй.