Г.Дэнзэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгох уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Г.Дэнзэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгох уу?

Г.Дэнзэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгох уу?

Эрдэнэс Тавантолгой” компаниас тендерийн 17 тэрбум төгрөг завшсан гэсэн үндэслэлээр шүүхээс 3,6 жилийн ял авч байсан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнгийн хэргийг Улсын дээд шүүх өнгөрсөн оны аравдугаар сард хянахдаа хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүх рүү буцаасан.

Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс энэ сарын 25-нд өгсөн мэдээллээр бол уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа аж. Ингэхдээ энэ хэрэг хэрэгсэхгүй болох магадлал өндөр байна.

Хэрэг хэрэгсэхгүй болоход Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нөлөөлсөн юм биш биз гэх хардлага араасаа дагуулж буй. Учир нь Н.Алтанхуяг Засгийн газрын тэргүүнээр  томилогдсоныхоо дараа Хэрэг эрхлэх газрын дэд даргаа чөлөөлж, хүргэн Г.Дэнзэнгээ томилуулсан байдаг. Улмаар ‘Эрдэнэс Тавантолгой’ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар давхар томилсон юм. Энэ үедээ Г.Дэнзэн ‘Эрдэнэс Тавантолгой’ компанийн тендерт эхнэр Ч.Уянгын ‘Говь повер’ компанийг ялуулсан’ гэх дуулианд нэр холбогдсон. Тухайн үед цөөнх байсан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Н.Номтойбаяр ‘Г.Дэнзэн Эрдэнэс Тавантолгой’-н тендерт оролцохын тулд эхнэр Ч.Уянгын нэр дээр ‘Говь повер’ компанийг байгуулсан байна. Байгуулагдаад ердөө хоёр хонож байсан уг компани тендерт ялсан нь Г.Дэнзэн эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлийг бий болгож байна’ гэж мэдэгдсэн юм. Г.Дэнзэн энэ мэдээллийг үгүйсгэсэн ч тендерт ‘Говь повер’ ялалт байгуулсан нь батлагдсан. 

Харин Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх энэ хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгосон нь хамгийн их анхаарал татаж буй. 

Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын тайлбараар бол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шийдвэр үндэслэлтэй. Авлигатай тэмцэх газар нь Г.Дэнзэнд эрүүгийн хэрэг үүсгэн, гурван жил орчим байцаахдаа гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэнд тооцож үл болно гэх заалтыг ноцтой зөрчсөн.

Шүүхийн шийдвэр гарахаас өмнө Г.Дэнзэнг урьдчилан хорих 461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг гэмт хэргийг хүлээлгэх арга хэрэгсэл болгож, удаан хугацаагаар цагдан хорьсон.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс “хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн шаардлага хангаагүй, хор хохирлын хэмжээ бүрэн тогтоогдоогүй, нотлогдоогүй, шүүхээр шийдэх бололцоогүй эргэлзээтэй гэж үзсэн. Тиймээс тус хэрэг анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүлэх шат буюу уг хэргийг шүүхээр хянан хэлэлцэх хангалттай нотлох баримт цугларсан эсэх, мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн эсэх, холбогдогч нарын санал хүсэлтийг шийдвэрлэсэн эсэхийг шалгаж байж хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдэх болж байна” гэж үзжээ.

Харин  анхан шатны шүүхээс энэ хэрэгт холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнд 3,6 жил, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурьт 2 жилийн ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биеэр эдлүүлэх шийдвэр гаргасан бол шүүгдэгч н.Түмэнхүү, н.Төгсбаяр нарт 2 жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч н.Баярмаад мөнгөн торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн юм. Мөн шүүгдэгч нараас 5,5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргаж байжээ.

Ингэхдээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн нь “Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын алба хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж,  Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерт эхнэр Ч.Уянгын нэр дээр бүртгэлтэй “Говь повер” ХХК-г иргэн Д.Баярмаагийн нэрээр оролцуулан ялуулсан гэж буруутгасан төдийгүй ‘Эрдэнэс Тавантолгой’ ХК-аас 5,3 тэрбум төгрөгийг ‘Говь повер’ ХХК-ийн дансруу шилжүүлэн авсан гэж үзсэн юм. Харин энэ бүхэнд дээр нэр дурдагдсан хүмүүсийг оролцсон гэж үзэн, ял өгчээ.

Энэ хэргийг хуулийн байгууллагынхан хэрхэн шийдэхээс эрх мэдэлтнүүдэд хууль үйлчилдэг үү гэдгийг ард түмэн харах л үлдлээ.  

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж