Улстөрч сэтгүүлчдээр яаж “оролддог” вэ

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Улстөрч сэтгүүлчдээр яаж “оролддог” вэ

Улстөрч сэтгүүлчдээр яаж “оролддог” вэ

ХЗДХ-ийн сайд маань сэтгүүлчдийг тагнаж, утсыг нь чагнаж гэнэ. Бүр машиных нь дугуй руу “дорбинкдуулсан” ч гэх шиг. Тэр нь ч арай юу юм бэ. Бичдэг, тэр тусмаа “Нямдоржийг бичигч” гэж овоо хараанд орсон хэдэн хүний дунд лав тийм тохиолдол гараагүй, нэр дурдсан этгээд олдохгүй байгаа бололтой мэдээтэй “түгшүүрт” нэгэн өдрийг барав. Мэдээж ХЗДХ-ийн сайд энэ талаар дуугүй байсангүй. Дуугарсан нь ч сайн юм боллоо. Тэр “Хэзээ ч, бас дахин хэзээ ч сэтгүүлчээр оролдоогүй, оролдохгүй” гэлээ. Харин өөрийгөө С.Зориг агсантай, О.Дашбалбар агсантай зүйрлэсэн нь эдүгээ алба хааж яваа хүний хувьд даруу биш хэрэг байсан болов уу.

Одоогоос гурван сарын өмнө буюу 2018 оны нэгдүгээр сарын 29-нд Ц.Нямдорж сайд нэгэн хэвлэлийн бага хурлыг хийлгэсэн юм.

Энэ үеэр “Нямдоржийг дуусгах гэж их өндөр албанд ажиллаж байсан хүний бичсэн мэссэж 2000 онд ял шийтгүүлж байсан хүнд очсоныг УИХ дахь АН-ын болон МАН-ын гишүүд надад биеэр орж ирж хэлсэн шүү. Та аюулгүй байдалдаа анхаарахгүй бол болохоо байж байгаа юм байна гэсэн” хэмээн ярьсан…

Нэг жилийн өмнө, 2017 оны гуравдугаар сарын 31. Төрийн ордонд Ц.Нямдорж сайд мэдээлэл хийв. Энэ үеэр “С.Зоригийн  амь насыг хөнөөсөн хэргээр шийтгүүлсэн Ц. Амгаланбаатар шоронд хоригдох хугацаандаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар руу 100 гаруй удаа мессеж бичиж сүрдүүлсэн” гээд зарим мессежийг сар, өдөртэй нь уншиж өгөхөд л анх удаа “Ингэж мессежийг уншдаг байх нь” гэж цочсон хүн олон…Уг мэдээллийн зорилго өөр, мессеж чагнасан зорилго нь бүр ч чухал л даа. Гэхдээ мессежийг гүйцэтгэх байгууллага уншдагийг Хууль зүй дотоод хэргийн сайд нотолсон юм.

Харин өнөөдөр сэтгүүлчид хэнтэй эс, юу эсийг бичдэг байх вэ. Тэр мессежүүдийг хуулийн байгууллагынхан “уншаад сууж байдаг” гэж бодохыг хүсэхгүй байгаа ч бид юугаараа өөр болоод “уншуулахгүй өнгөрөх билээ” гэсэн эргэлзээ давхар төрж байна. Энэ нэг хэрэг.

Тэгвэл сэтгүүлчийг хэн “оролддог” вэ. Яаж оролддог вэ. “Би Нямдорж сайдыг хамгийн олон удаа шүүмжилсэн” гээд цээжээ дэлдээд босоод ирэх онгироо нэгэн бидний дунд тийм ч олон биш. Хэн бэ гэдгийг уншигчид болон Ц.Нямдорж сайд өөрөө л мэдэх хэрэг. Харин сэтгүүлчдийг тодорхой бүлэглэлээс, ялангуяа “Эрдэнэтийн 49 хувийнхан” гэгчээс бараг л цалин авч бичдэг гэж энэ хүн удаа дараа гүтгэсэн. Тэгэхдээ хэн, хэдэн төгрөгний “цалин төлбөр” авсан баримт харуулж байсангүй. Сэтгүүлчид ч түүнд “гомдсоноос” хаданд хашхирсан нь дээр гэж үздэг. Эсвэл “Ц.Нямдорж сайд хэлсэн юм чинь энэ яг авсан байх” гэж боддог биз.

Ер нь манай Хууль зүй дотоод хэргийн сайд өөрөө хууль биелүүлэхдээ хойргошсон удаа дараагийн явдал бий. “Та шүүхийн шийдвэрийг дагаж Х.Баттулга гэдэг хүнээс уучлал гуйх ёстой” гэхээр “Төмөр зам тавих гэж байсан мөнгийг төлүүлээдэх” гэж “тэнсэх” жишээний. Өнөөх дуулиантай өндөр үнэтэй, тоноглосон машинаа зарсан болов уу, яасан бол. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны нэгдүгээр сарын 29-нд, Засгийн газрын 100 хоногийн ажлыг тайлагнах үеэрээ “Ц.Нямдорж сайдыг машинаа буцааж зар аа гэсэн. Зараад төсөвт мөнгийг нь оруулна биз” гэсэн юм. Ерөнхий сайдынхаа үгнээс гажаагүй бол машинаа зарсан болон төсөвт мөнгөө оруулсан баримтаа харуулчихвал түүнд л итгэдэг хүмүүсийн итгэл улам батжих юмсан.

Энүүхэндээ гэхэд үе үеийн Хууль зүй дотоод хэргийн сайд нараас хамгийн их шүүмжлүүлсэн нь Ц.Нямдорж сайд байх. Сүүлийн 27 жилийн дотор дөрвөн удаа сонгогдсон “эмзэг нандин” түүх нь ч нөлөөлдөг биз. Гэхдээ л Ц.Нямдорж сайд өөрийг нь шүүмжилсэн сэтгүүлчийг шүүхэд өгөөд, нэр төрөө сэргээлгээд, уучлал гуйлгаад мөнгө нэхэмжлээд явсан гэж дуулдаагүй нь үнэн юм шүү.

Түүний өөрөө бусдыг хатуухан шүүмжилдэг хувийн шинж чанар, бас туршлагатай улстөрчийн хувиар дандаа сайнаар магтуулснаар сайн болдоггүйг мэддэг мэдрэмж нь үүнд нөлөөлдөг биз. Тэгээд ч “Ц.Нямдоржийг шүүмжлээд өг” гэж мөнгө өгөх тэнэг ховор л доо. Харин энэ удаад Ц.Нямдорж сэтгүүлчийн утсыг чагнуулжээ, тагнуулжээ гэдэг мэдээнээс бол сайдыг өмөөрмөөр байна. Лав нэр ус, чагнасан тагнасан баримт, буудсан буу, буудуулсан машиныг бичлэгээр үзэхгүй л бол итгэхэд бэрх санагдана.

Улстөрчид сэтгүүлчийг яаж “оролддог” вэ гэхээр үнэн бодитой бичсэн мэдээлэлд нь эгдүүцэж нотлох баримтыг нь “голон, голон” цагдаад өгсөөр байдаг юм.

Түүнд нь “хилсээр” залруулга гаргаад ч, гуйж гувшаад ч нэмэргүй насан туршдаа хувиараа “яллаад” байдаг. Ийм золиосонд идэр залуу насаа, нэр хүндээ “үрсэн” ахмад сэтгүүлчийн жишээ нэгээр тогтохгүй. Тэд маань гомдлоо үүрээд тэнгэрийн оронд очсон болохоор хүндэтгээд нэрийг нь хэлэхээс түдгэлзье. Гомдоогч этгээд нь Төрийн тэргүүн асан юм. Хожим нь бичигч биш бичүүлэгч нь торны цаана сууж үзэж билээ гэхээр та бүхэн таних биз ээ.

Үүнийг л “улстөрч сэтгүүлчээр оролдох” гэж ойлгодог байлаа. Үүнээс цааш гар утсаа хэрхэн чагнуулахгүй байх вэ, ямар загварын гар утас ашиглавал “аминд өлзийтэй” байх талаар “зайн сургалтууд” сонирхол татаж эхлэх бололтой. Цаг үеэ дагаад хамгаалалтаа чангатгахыг надаас эхлээд Ц.Нямдорж сайдад хүртэл холбогдох байгууллагаас анхааруулаад байгаа юм билээ. Гэхдээ тайван баймаар байна. Хэзээ хэн чагнана гэж үгээ түлхүүр үгээр орлуулж, нэрээ кодолж суухав. Бүх юм нууц биш болсон энэ улсад яаж нууцлах вэ. Тэртээ тэргүй манай улсад худалдаалж буй бүх гар утас нууцлалын талаар ямар нэг байдлаар учир дутагдалтай нь том гүрнүүдийн зөрчил, маргааны нэгээхэн хэсэг болчихоод байхад энэ талаар толгойгоо өвтгөх хэрэг юун. Нэгэнт Хууль зүй, дотоод хэргийн сайд л “сэтгүүлчийг оролдохгүй” гэсэн юм чинь бусад улстөрчөөр “оролдуулж” үзсэн ч яахав.“Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэдэг бил үү. Үнэндээ Ц.Нямдорж сайд л “сэтгүүлчээр оролдохгүй, хэзээ ч…” гэсэн болохоос бид “Хууль зүй дотоод хэргийн сайдаар хэзээ ч оролдож болно шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж