"З.Энхболд төрийн ажлыг жонхуу болгох хэрэггүй"

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

"З.Энхболд төрийн ажлыг жонхуу болгох хэрэггүй"

"З.Энхболд төрийн ажлыг жонхуу болгох хэрэггүй"

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хоёр сайдыг огцруулахаар АН-ын бүлгээс Засгийн газарт саналаа хүргүүлсэн. Улс төрийн хүрээнд ч гэсэн зургаан сайдыг огцруулах нь гэсэн яриа гарах боллоо?

-Засгийн газар байгуулахтай зэрэгцээд Засгийн газрыг огцруулах асуудал яригддаг. МАН-ын бүлэг дээр Засгийн газраа унагах, зарим сайд нараа сугалах гэж байгаа зүйл байхгүй. Ардчилсан намын бүлгээс хоёр сайдыг огцруулахаар шаардлага хүргүүлсэн гэж ойлгосон. Энэ бол Засгийн газар дотроо Ерөнхий сайд өөрөө шийдэх асуудал. Ер нь бол Засгийн газар тогтвортой байх байр суурин дээрээ МАН-ын бүлэг хэвээр байгаа.

-Ардчилсан намын бүлгээс сайд нарыг огцруулахаар тавьсан үндэслэлүүдийг та юу гэж харав, бодитой үндэслэл үү?

-Ямар нэг зүйлтэй холбоотой асуудлын аль нь үнэн, худал вэ  гэдгийг хуулийн байгууллага тогтооно. Хотгор шанага, ашиг сонирхлын зөрчил гэх мэт асуудлыг хуулийн байгууллага тогтоохоос биш аль нэг улс төрийн хүчин тогтоогоод ийм асуудлаар огцруулна гэдэг нь үндэслэлгүй юм. Хэрэв АТГ болон хуулийн байгууллагаас эцсийн шийдвэр гарах юм бол хүссэн, хүсээгүй хуулийн дагуу асуудал шийдэгдэнэ. Сүүлийн үед улстөрчидтэй холбогдсон янз бүрийн хэрэгт урьдчилж ял өгдөг, хэрэгтэн болгодог асуудал нийгэмд маш их газар авч байна. Ийм мэдээллийг их явуулах нь сайн зүйлд хүргэхгүй. Засгийн газрыг тогтворгүй байлгах, ард түмний итгэлийг алдагдуулах, төрдөө, төрийн албан хаагчдад итгэх итгэл алдрах сөрөг үр дагавартай гэдгийг хүн бүр бодох хэрэгтэй. Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг болохгүй л зүйл байвал улс төр, улстөрчид рүү дайрч давшилдаг асуудал нь сайн үзүүлэлт биш. Мэдээж, улстөрчид хүн нь л болсон хойно сайнтай, муутай, алдаа, оноотой, буруу, зөрүү шийдвэр гаргах зүйл байна. Энэ бүхнийг нийгэмд донжийг нь олж үнэн зөв мэдээллээр хангах нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үүрэг, сэтгүүлчдийн амин чухал асуудал шүү дээ.

-МАН-ын бүлэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцсан. Мөрийн хөтөлбөрийн биелэлт 30-40 хувьтай байна гэж байсан. Мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй байгаа шалтгаан нь юу вэ. Бүлгийн зүгээс ямар дүгнэлт хийсэн бэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг маш нямбай хэлэлцсэн. Бүлгийн гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт удаан байна, хангалтгүй байна гэдгийг хэлсэн. 40 хувь гэдэг бол өнгөрсөн Засгийн газрын нэг жилийн хугацаанд хийсэн ажил. Тиймээс одоогийн Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, улс орны эдийн засгийн үзүүлэлтүүдээ сайжруулах чиглэлээр түлхүү анхаарч ажиллах ёстой гэдгийг Засгийн газрын гишүүдэд сануулсан. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт яагаад удаан байна вэ гэдгийг дүгнээд хэлэхэд бид улс төрийн хүрээнд эдийн засагт нэмэр болохуйц дорвитой шийдвэр гаргаж чадахгүй байна. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Хаа байна нөгөө Тавантолгой, төмөр замын төслүүд.

Монголын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах том төслүүдээ хөдөлгөж  чадахгүй байна. Харин ч эдийн засагт нэмэр болж байгаа томоохон төслүүд рүүгээ дайрч, давшилсан байдалтай байгаа нь гадны хөрөнгө оруулагчдыг гайхширсан байдалд оруулаад байна шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ эдийн засгаа сэргээх дорвитой шийдвэр хүлээж байна. Энэ Засгийн газар байгуулагдахдаа зоримог, зоригтой шийдвэр гаргана гэж гарч ирсэн. Зоригтой шийдвэр гаргаж ажиллахгүй бол цаг хугацаа дуусах нь. Дараагийн сонгууль хаяанд ирсэн шүү.

-Нам болгон мөрийн хөтөлбөртөө том төслүүдээ хөдөлгөнө гэдэг ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээд явсан нь алга. Хэрэгжүүлэхгүй, хийхгүй байгаа шалтгаанаа Засгийн газар бүлэгт танилцуулж, ярив уу?

-Одоогоор бүлэг дээр ярианы түвшинд л явж байна. Би бол том төслүүдээ хөдөлгөх ёстой, Тавантолгойгоо, төмөр замаа яах гэж байна гэж байнга асууж шаарддаг гишүүдийн нэг. Гэвч одоогоор бүлэгт танилцуулагдсан зүйл алга. Том төсөлтэй холбоотой асуудалд дээд талдаа учраа олохгүй, тохиролцохгүй, хэсэг бүлгийн ашиг сонирхлын зөрчил явагдаад байна. Энэ бүхнийг аль нэг талд нь багтаагаад шийдэх хэрэгтэй. Алийн болгон амьд үхсэн нь мэдэгдэхгүй явах юм бэ. Цаашид томоохон төслүүд дээр төр оролцдогоо болих хэрэгтэй. Төр оролцоод ирэхээр л бүх зүйл явахаа больдог. Тавантолгойн төслийг хувийнхан хэрэгжүүлсэн бол аль хэзээний төмөр замаа тавьж, нүүрс угаах үйлдвэрээ барьчихсан, нүүрсээ өндөр үнээр борлуулаад сууж байх байсныг үгүйсгэхгүй. Жишээ нь ‘Ухаахудаг’ төсөл өнөөдөр ямар явж байгааг бүгд харж байгаа. Маш том бүтээн байгуулалтыг Өмнөговь аймагт сүндэрлүүлсэн шүү дээ. Харамсалтай нь, төр төмөр замаа тавина, тавихгүй гэж маргасаар өнөөдрийг хүрлээ. Энэ мэт хэн нь юу хийгээд байгаа талаар наад захын ойлголтыг олон түмэнд өгөх хүсэл төр, засагт  байна уу, үгүй юу  гэдэгт эргэлзэж, бухимдаад Засгийн газарт тодорхой зүйлүүдийг хэлсэн. Юм бүтээгээд байгаа хүмүүсээ үзэн яддаг болсон үзлээс Монгол Улс хэзээ салах вэ, бүтээгч бүхэн хулгайч, луйварчин болж хувираад байна. Тэгэхээр энэ улс яаж хөгжих вэ. Улсын хөгжил зогссоор, бид хэрэлдсээр л байх уу гэдэгт хариулт өгдөг төр засгийг ард түмэн хүсээд байна шүү дээ.

-Засгийн газар зургаан сартайгаа золгож байна. Үнэхээр энэ Засгийн газарт хариуцлага алдсан, ажлаа хийхгүй байгаа бол хариуцлага тооцож болдоггүй юм уу гэсэн хандлага бас байна. 65-ын бүлэг Засгийн газарт шахалт, шаардлага тавьж болдоггүй юм уу?

-Засгийн газрыг сайн шахаж, ажиллаж байгаа. Хариуцлага тооцно гээд огцруулах асуудлыг ярих нь буруу. Хариуцлага нэхэх, алдаа оноо гаргасан, ажлаа хийж чадахгүй байвал огцруулах асуудал яригдана уу гэхээс шууд чи ажлаа хийхгүй байна огцруулна гэж болохгүй. Бүлгийн зүгээс энэ Засгийн газарт  тавих шаардлагаа өндөржүүлж, илүү сайн шахалт үзүүлж ажиллах ёстой гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ бодит зүйлийг ярих ёстой. Бодитой гэдэг нь тухайн салбарт юу хийх ёстой, юу хийж болохоор байна, яаж шийдэх вэ гэдгийг яам тус бүрээр нь бодитойгоор ярьж хэлэлцэн, шахаж ажиллуулах ёстой гэсэн үг.

-Энэ Засгийн газрыг цаашид хэр хугацаанд харах ёстой гэж бодож байна. Ялангуяа том төслүүдээ хөдөлгөх, том зургаа тодорхой болгоход?

-Энэ жил бүтээн байгуулалтын хувьд хамгийн өгөөмөр жил байлаа. Учир нь сүүлийн жилүүдэд гуравдугаар сар гэхэд  дулаарч, газар гэсч бүтээн байгуулалтын ажил хийх боломж бүрдэж байсангүй. Харин энэ гуравдугаар сард цаг агаар дулаахан, бүтээн байгуулалт хийх маш таатай боломжтой жил байлаа. Харамсалтай нь, өнөөдөр тендер нь яаж зарлагдсан, зам засвар, барилга, бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна уу гэхээр бодитой зүйл харагдахгүй л байна. Энэ талаар бид Засгийн газарт ч хэлсэн. Хий хоосон ярих биш олон түмний дунд орж, амьдрал дээр юу болж байна вэ, юу болохгүй байна вэ гэдгийг сонсох чадвар энэ Засгийн газарт дутаад байна уу гэж би хараад байгаа юм. Хэт их ажилдаа дарагдаад  том төслүүд яриад л байдаг үр дүн алга. Тиймээс Засгийн газарт бага ярьж, их хий гэж анх байгуулагдахад нь ч, өнөөдөр ч хэлж байгаа.

-Засгийн газар бүхэлдээ биш зарим нэг сайд нар хариуцлага алдсан, ажлаа хийхгүй байна гэх шүүмжлэл танай намын гишүүд дундаас ч гарах боллоо. Байнгын хороо, чуулганы хуралдаан дээр ч гишүүд Засгийн газрын гишүүдэд хандаж ширүүхэн үг хэлэх зүйл ч их гарах болж?

-Ажил төрөл нь хүссэнээр, бодсоноор биш, ажиллаж чадахгүй байна гэдэг шүүмжлэлийг ярьдаг. Мэдээж, сайд нарт хандаж ийм ажил хийх ёстой гэдгийг хэлэх зүйл бүлгийн хуралдааны үеэр ч гардаг. Энэ бол  байх ёстой эрүүл шүүмжлэл. Түүнээс манай бүлгийг намын өнгөөр харж, шүүмжлэхгүй байна гэвэл үнэнд нийцэхгүй. Улстөрчид бие биенийхээ ажил хэргийн шугамаар тавьж буй шаардлагыг зөвөөр хүлээж авдаг байх ёстой гэж бодож байна.

-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр ч Ерөнхий сайдыг хорьсон. Энэ нь өөрөө уг төсөл буруу, зөв гэсэн маргааныг нийгэмд бий болгоод байна. Үүсээд байгаа маргаанд, олон нийтийн төөрөгдлийг арилгах субъект нь хэн юм бэ?

-Хуулийн байгууллага энэ асуудалтай холбогдуулан шалгаж байгаа хүмүүсийн гэм буруутай, авлига авсан эсэх асуудлыг нь тодорхой болгож, нийтэд мэдээлэх ёстой. Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлснээр Монголын эдийн засаг, нийгэм ийм эмх замбараагүй, ядуурал, ажилгүйдлийн байдалд ороогүй. Ерөөсөө л улс төр, эдийн засгийн буруу бодлогын үр дүнгээс л ийм байдал үүссэн. Дотооддоо ойлголцож чадахгүй байгаагаас Монгол Улс ийм арчаагүй байдалд ороод байна. УИХ-аас Оюутолгой төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулсан. Гэрээтэй холбогдсон асуудлаар тодорхой санал дүгнэлт гаргах болов уу гэж бодож байна.

-Саяхан Ерөнхий сайд БНХАУ-д айлчилсан. Энэ үеэр Хятадын талаас бид бүх талаар туслахад бэлэн. Ганцхан та бүхэн дотооддоо учраа ол гэдэг зүйлийг хэлсэн байсан. Энэ дотооддоо учраа олох гэдэг асуудалд хэн санаачилга гаргаж цэг тавих ёстой юм болоо. Энэ үл ойлголцлын цаана  хэр зэрэг том улс төр яваад байна вэ?

– Ингэж хэлсэн бол зөв л хэлсэн байна. Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч нь Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд ажилладаг болох хэрэгтэй. Өндөр албан тушаалтнуудын үл ойлголцол удаан үргэлжлэх юм бол Монгол Улс хөгжихгүй, ард түмэнд маш их хохиролтой. Юунаас болоод

Том төслүүд яагаад хөдлөхгүй байна гэхээр төрийн томчуудын үл ойлголцлоос болоод явахгүй байна.

УИХ бол байр сууриндаа байж, хуулийн дагуу хэлэлцэх асуудлаа бүрэн хэлэлцээд явж байгаа. Тавантолгой гэх мэт том төсөл хөтөлбөртэй холбоотой асуудал орж ирвэл, хэлэлцээд шийдэхэд бэлэн байна. Засгийн газраас оруулж ирсэн бүх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ажиллах боломжоор бүрэн хангаж байгаа.

-Төрийн гурван өндөрлөгийг өөр өөрсдийн ажлаа хийдэг болоход юу хэрэгтэй вэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад нэмэр болох уу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой. Үүнийг хийж байж Монгол Улс болохгүй байгаа зарим нэг зүйлээ засна. Гэхдээ үүнд улс төр оруулж, МАН өөртөө зориулж өөрчлөх гэж байна гэх мэт яриа гаргаж байгаа нь буруу. Энэ 76 хүн шилдэг, тэргүүний биш байж болох ч бүгд Монгол хүн. Монгол Улсын төлөө гэсэн зүрх, сэтгэлтэй хүмүүс. Улсынхаа хувь заяаны асуудлыг намын эрх ашигтай хутгаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж байхгүй. Бүх төвшиндөө ойлголтоо нэгтгээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж энэ парламентад байгаа.

-АТГ-ын даргыг олон нийтийн санал асуулгаар томилох тухай Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын ярианд та ямар байр суурьтай байгаа вэ?

– Нэгдүгээрт АТГ-ын дарга солигдох хуулийн хугацаа болоогүй. Хоёрдугаарт ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Гуравдугаарт ажлаа өгөх тухай өөрөө хүсэлтээ өгөөгүй. Иймд АТГ-ын дарга хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгээд явах ёстой. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын яриад байгаа зүйлийг ердөө ойлгохгүй байгаа. Хүүхдүүдийн яриагаар төрийн ажлыг ингэж жонхуу болгох хэрэггүй гэж зөвлөмөөр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж