Трамп Сингапурыг, Ким Монголыг

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Трамп Сингапурыг, Ким Монголыг

Трамп Сингапурыг, Ким Монголыг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын түүхэн уулзалтыг зохион байгуулах боломжтой орноор хоёр улс тунаж үлджээ. Өмнөд Солонгосын “JoongAng Ilbo” сонинд эх сурвалжийн мэдээлснээр Вашингтоны талаас Сингапурыг, Пхеньяны зүгээс Монгол Улсыг уулзахад хамгийн тохиромжтой орон гэж үзсэн байна.  


Олон улсад “Их Монгол” эзэнт гүрний Чингис хаан, чанартай ноолуураар танигдсан Монгол Улсын хувьд хоёр тэргүүний уулзалтыг зохион байгуулах нь нэр хүндээ өсгөх том боломж юм. Тиймдээ ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж анх энэ санаачилгыг гаргаж, нүүр номоороо дамжуулан Улаанбаатарыг дэвшүүлсэн билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн  Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн гуравдугаар сард Хойд Солонгосын Элчин сайд О Сун Хог хүлээн авч уулзахдаа уулзалтыг Монгол зохион байгуулах хүсэлтээ илэрхийлжээ.

1990 оны ардчилсан хувьсгалаас хойш Монгол Улс гадаад бодлогод  олон талт тулгуур үзэл баримтлах болсон нь мөнхийн хоёр хөрштэйгөө найрсаг харилцааг эрхэмлэх, холын орнуудтай “гуравдагч хөршийн бодлого”-оор дамжуулан харилцаа тогтоох, олон талын гэрээ хэлцэлд нэгдэх зэрэг аж.

Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс нь АНУ, Хойд Солонгос зэрэг олон улстай найрсаг харилцаатай явж ирсэн. Түүнчлэн Монгол Улс нь НҮБ-ын гишүүн орны үүргээ биелүүлэхэд анхаарч, Солонгосын хойгийн зөрчлийг энх тайвны замаар шийдвэрлэхэд идэвхийлэн зуучлал үзүүлдэг. Бүс нутаг болон олон улсын зөрчлийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах нь Монгол улс ирэх 2022 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн болох хичээл зүтгэлд  тустай.

 

Хүн амын талаас илүү хувь нь оршин суудгаас шалтгаалан автозамын түгжрэл ихтэйг үл тооцвол Улаанбаатар хот нь уулзалтыг зохион байгуулах тохиромжтой, аюулгүй орон юм. Солонгосын хойгийн зөрчил энх тайвны замаар шийдвэрлэгдэх нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй 40-50 мянган иргэний аюулгүй байдлыг хангах баталгаа болно.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн гуравдугаар сард хуягт галт тэргээрээ Хятадад айлчлаад буцсан. Хойд Солонгосын удирдагчдын хувьд нисэх онгоц ашигласнаас хуягт галт тэргийг илүү аюулгүй гэж үздэг. Ким Жон Ун хуягт галт тэргээрээ ОХУ болон Хятадын газар нутгаар дайраад Улаанбаатарт хүрэх боломжтой. Их Британийн Колумбын их сургуулийн докторын зэрэг горилогч М.Жаргалсайханы тооцоолсноор Пхеньян хотоос Бээжин хүртэл хуягт галт тэргээр 25 цаг, цаашаа Улаанбаатар хүртэл 30 цагийг зарцуулах гэнэ.

 “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уулзалтыг зохион байгуулахад тохиромжтой таван байршлыг хэлэлцэж байна” гэж дөрөвдүгээр сарын 17-нд мэдээлж байв. Эх сурвалжийн мэдээлснээр Швед, Швейцарь зэрэг Европын орнуудыг уулзалтыг зохион байгуулах туршлагатай гэж санал болгосон ч Ким Жон Ун хүрч очиход хүндрэлтэй гэж үзэн жагсаалтаас хасчээ. Хойд Солонгосын ерөнхийлөгчийн Чаммэ-1  хувийн нисэх онгоц нь зогсолтгүйгээр 5000 км замыг туулах хүчин чадалтай аж. Гэтэл Пхеньянаас Стокгольм хүртэл 7200  орчим км, Цюрих 8500 орчим км. АНУ нь улс орны ашиг сонирхолтой Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг орныг жагсаалтаас хасчээ. Мөн  хоёр Солонгосын хилийн Панмунжом тосгонд  өнөөдөр хоёр улсын тэргүүний уулзалт болох учир  нэг газар давхцуулахгүй байхаар болжээ. Хэдийгээр АНУ нь Монгол Улстай найрсаг харилцаатай боловч дэд бүтэц тааруу гэх шалтгаанаар Сингапур улсыг санал болгоод буй. Сингапур нь АНУ-аас тавьсан аюулгүй байдал, дэд бүтцийн шалгуурт нийцэж байгаа аж. Пхеньянаас Сингапур хүртэл 4700 км зайтай орших бөгөөд Чаммэ-1 нисэх онгоцоор зургаан цаг 30 минут нисээд хүрэх боломжтой.

Харин Хойд Солонгосын талаас хуягт галт тэргээр хүрч очих боломжтой Монгол Улсыг хамгийн тохиромжтой газар хэмээн санал болгожээ. Хойд Солонгосын Элчин сайдын яам Монгол Улсад  байрлахаас гадна Пхеньяны холбоотон Хятад, ОХУ-ын дунд оршдог. Үүнээс гадна өмнө Улаанбаатар хотноо Пхеньяны албаныхныг оролцуулсан Япон, Өмнөд Солонгостой хийх уулзалтыг Монгол Улс зохион байгуулсан туршлагатай. Хэрэв уулзалт болох газрыг тохирч чадвал тавдугаар сарын сүүлээр эсвэл зургадугаар сарын эхээр Дональд Трамп Пхеньяны удирдагчтай уулзахаар төлөвлөжээ. Гэхдээ уулзалт болох өдрийг хүртэл хаана болохыг нь нууцлах аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж