Буриадын Соёлын яамны сайдтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Буриадын Соёлын яамны сайдтай уулзлаа

Буриадын Соёлын яамны сайдтай уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа ОХУ-ын Буриад улсын Соёлын яамны сайд Соёлма Баяртуевна Дагаеватай өнөөдөр уулзлаа. Уулзалтад Соёлын төв өргөөний дарга Б.Байгалмаа, нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга М.Мөнхсайхан, Буриад улсын “Ульгэр” хүүхэлдэйн театрын дарга Баирма Дашидоржиева нар болон холбогдох албаныхан оролцов. Тэд СТӨ-ний 30 жилийн ойд зориулан энэ сарын 25-29-ний хооронд ОХУ-ын Буриад улсын “Ульгэр” хүүхэлдэйн театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж 6 жүжиг толилуулах гэж байгаа талаар болон хоёр улсын урлаг, соёлын хамтын ажиллагааны цаашдын бодлогыг ярилцсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Улаанбаатар хотын захиргаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын засгийн газар хооронд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл урлаг болон бусад салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун явдаг. Үүний нэг тод жишээ нь энэ оны нэгдүгээр сарын 18-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Буриад улсын төрийн тэргүүн Цыденов А.С-тай уулзаж, хоёр талын харилцааг агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээвэр, аялал жуулчлал, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр өргөжүүлэх талаар санал солилцон уулзсан явдал билээ. Цаашид хоёр улсын соёл урлаг болон бусад салбарын харилцаа улам өргөжсөөр байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

Нийслэлийн Соёлын төв өргөө нь 30 жилийн ойдоо зориулан гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Буриад улсын “Ульгэр” хүүхэлдэйн театрын уран бүтээлчдийг урьж, нийслэлийн хүүхэд залуучуудад бэлэг барих зорилгоор энэ сарын 25-29-ий хооронд 6 жүжгийг толилуулах гэж байна. Тус арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Буриад улсаас холбогдох албаныхан Улаанбаатар хотод зочилж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж