Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч, Алс Дорнодын Холбооны тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгч Ю.П.Трутневтэй уулзлаа.
Хоёр орны бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Цаашид энэхүү бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа нь Монгол Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол хүчин зүйлс болно гэж үзэж буйгаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.
ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг бол газар зүйн хувьд Монгол Улстай ойрхон, хөгжиж буй бүс нутаг юм. Бид тус бүс нутагт харилцан ашигтай, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Үүнд ноён Ю.П.Трутневийн оролцоо, дэмжлэг туслалцаа чухал гэлээ.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг өөдрөгөөр харж байна гэж Ерөнхий сайд хэлээд энэхүү хамтын ажиллагаа нь гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д энэ дөрөвдүгээр сард албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын үеэр Хятадын тал гурван талын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа нотолсон. Хөтөлбөрийн тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх 32 төслөөс Монголын тал нэн тэргүүнд гурван төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байна. УБТЗ-ын шинэчлэлтэй холбоотой төсөл, Азийн автозамын АН3 замын төсөл, БНХАУ-ын санхүүжилтээр Орос, Монголын талууд хамтран хэрэгжүүлэх эрчим хүчний төсөл нь манай хоёр орны хамтын ажиллагаанд харилцан ашигтай тул Оросын тал дэмжинэ гэдэгт найдаж байна гэлээ.
ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр Монгол, Оросын нийт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх том боломж байна гэдэгт хоёр тал санал нэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ