Б.Дөлгөөн нь 1995 оны долдугаар сарын 29-нд төржээ. Тэрбээр БНСУ-ын Санмёнг их сургуульд төгсөх курст суралцдаг. Суралцахынхаа хажуугаар Солонгосын кино урлагт хүч үзэн одоогоор 20 орчим сериалд туслах дүр бүтээгээд байгаа юм. БНСУ-ын кино зах зээлд ийнхүү Монгол охин хөл тавьж байгаа нь бахархууштай. Цахим хуудсаар дамжуулан түүнээс цөөн хэдэн асуултад хариулт авлаа.
-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-News.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Б.Дөлгөөн гэдэг. Би Сэлэнгэ аймагт төрсөн. Одоо Солонгос Улсад Олон улсын худалдааны чиглэлээр суралцаж байгаа. Солонгос улсад амьдраад таван жил болж байна.
-Олон улсын худалдааны чиглэлээр мэргэшсэн хүн яагаад урлагийн салбартай холбогдов?
-Миний багын мөрөөдөл жүжигчин болох. Хэдий өөр мэргэжлээр суралцаж байгаа ч гэсэн миний дотор жүжигчин болох чин хүсэл буцалж байдаг. Монголд байх хугацаандаа SCH телевизэд “Найзуудаа Наашаа” хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Тэр үедээ “Тэнгэрийн продюсер” киноны сонгон шалгаруултанд орсон. Гэтэл намайг эрлийз царайтай гээд шалгаруулаагүй. Гэхдээ би хүсэл мөрөөдлөө хэзээ ч орхиогүй.
-Таныг Солонгос улсын хэд хэдэн кинонд дүр бүтээсэн тухай Монголчууд тэр бүр мэдэхгүй байх. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Би БНСУ-д ирээд 20 гаруй олон кинонд туслах дүр бүтээсэн байна. Өсвөр насны охидын шүтэн биширдэг Ли Мин Хо, охидын дуртай EXO хамтлагийн У Сэ-Хүнтэй хамт рекламд тоглож байсан. Мөн Солонгосын нэртэй жүжигчин Ким Вон -Хэ, И Жун Гил нартай хамтран олон ангит кинонд тоглосон.
-Жүжиглэхийн хажуугаар фото моделиор ажилладаг гэсэн. Цагийн менежментийг хэрхэн төлөвлөдөг вэ?
-Хамгийн анх Солонгос улсад оюутан болж ирээд удаагүй нэгдүгээр курст сурч байхад фото моделийн санал ирж байсан. Дараагаар нь удалгүй нэгэн студитэй гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Хичээлийнхээ завсар зайгаар зохицуулаад явдаг байсан.
-Гадаад хэлтэй байж энэ их амжилтыг гаргах нь мэдээж. Солонгос хэлийг хэрхэн сурч байв? Солонгосоор сайн ярина биз?
-Ер нь гадаад хэлийг сурахад орчин гэдэг зүйл хамгийн чухал юм шиг санагддаг. Би нэг жил хэлний бэлтгэлд нь сууж Солонгос хэлийг сурсан. Одоо бол гайгүй ярьчихна шүү.
-Одоо ямар нэгэн уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?
-Яг одоогийн байдлаар ажиллаж байгаа ямар нэгэн уран бүтээл байхгүй байгаа. Учир нь би энэ жил төгсөх курсийн оюутан болохоор диплом бичих,шалгалтдаа бэлдэх зэргээр маш завгүй байгаа.
-Тодорхой түвшинд кино уран бүтээлд дүр бүтээж, хамтран ажиллаад үзчихлээ. Монголын кино, уран бүтээлийг үздэг үү. Хэр санагддаг вэ?
-Би Монголынхоо мундаг авьяаслаг уран бүтээлчдийг шүүмжлэхээсээ илүүтэйгээр тэд нараасаа их олон зүйлийг суралцахыг хүсдэг.
-Өөрөө их эгдүүтэй хөөрхөн юм. Солонгос охид өөрийг чинь анх хараад Монгол охин гэж мэддэг болов уу? Ер нь Солонгос охин байна гэж андуурах тохиолдол гарч байв уу?
-Баярлалаа.Намайг анх хараад Монгол царайтай гэж хэлж байсан хүн ер нь цөөхөн. Намайг Оросын эрлийз гэж андуурдаг.
-Мэргэжлээрээ Монголдоо ирж ажиллах төлөвлөгөө бий юу?
-Миний дипломын сэдэв Монголын нэг компанийн бүтээгдэхүүнийг гадаадад худалдаалах чиглэлээр судалгаа хийж байна. Ер нь цаашдаа Монголынхоо бүтээгдэхүүнүүдийг дэлхийн улс орнуудад худалдаалах хүсэлтэй байдаг. Гэхдээ эхний ээлжид төгссөн мэргэжлийнхээ дагуу БНСУ-д ажиллаж туршлага хуримтлуулна. Үүний дараа Монголдоо ирж ажиллах төлөвлөгөөтэй л байна. Өөрийгөө мэргэжлийнхээ хажуугаар урлагийн тал руу хөгжүүлнэ гэж бодож байгаа.
-Хүсэл зорилго гэснээс өөрийнхөө мөрөөдлөөс бидэнд хуваалцана уу?
– Сургуулиа төгсөөд төгссөн мэргэжлээрээ ажиллаж Монголынхоо гадаад худалдааг хөгжүүлэх хүсэлтэй байна. Үүний хажуугаар мэдээж урлагийн салбарыг орхихгүй. Би багаасаа урлагийн хүн болно гэж мөрөөдөж байсан. Энэ мөрөөдлөө хэзээ ч орхихгүй.
-Солонгос улсад жүжигчний мэргэжлээр суралцахыг хүсэж буй залуустаа юу гэж зөвлөмөөр байна вэ?
–Хүний газар байгаа болохоор Монгол гэсэн нэрээ бодож амьдардаг. Мэдээж суралцахаар ирж байгаа хүмүүст эх орныхоо нэрийг бодож л хичээгээрэй гэж зөвлөмөөр л байна. Хичээл зүтгэлтэй, зорилготой тууштай байгаарай.