Монголын сагсан бөмбөгийн холбооны 19 дэх удаагийн Дээд лигийн плей-оффын тоглолтууд Спортын төв ордонд үргэлжилж байна. Өчигдөр болсон тоглолтод ‘Хасын хүлгүүд’, ‘Алдар Танан гарьд’ багууд хожил авч цувралыг 2:3 болгож чадлаа. Одоогоор ‘Ард Этүгэн Ирвэсүүд’, ‘Авт Төв ургац’ багууд гурван хожилтой байгаа бөгөөд тэдний хувьд финалд өрсөлдөхийн тулд ганц хожил хэрэгтэй. Тэгвэл хожигдох эрхгүй ‘Хасын хүлгүүд’, ‘Алдар Танан гарьд’ багууд өчигдрийн тоглолтын ялагч болж, цувралыг 2:3 болгож чадлаа. Дараагийн тоглолт ирэх даваа гаригт Спортын төв ордонд болно.
Өчигдрийн тоглолтын мэдээллийг хүргэе.
(3) АРД ЭТҮГЭН ИРВЭСҮҮД 62 – 105 ХАСЫН ХҮЛЭГҮҮД (2)
Өнгөрсөн жил финалд таарч өрсөлдөж байсан ‘Хасын хүлэгүүд’, ‘Ард Этүгэн Ирвэсүүд’ багууд энэ жил эхний шатанд өрсөлдөж байгаа. Цувралын харьцааг Ирвэсүүд 3-1-р тэргүүлж байсан учраас цом хамгаалагч ‘Хасын хүлэгүүд’ багт хожигдох эрхгүй тоглолтыг хийсэн юм. Хүлэгүүд тоглолтын эхний хагаст олон онооны зөрүүг бий болгосон бөгөөд хоёрдугаар үе дуусахад 48-27 харьцаатай тэргүүллийг авсан. Энэ байдал сүүлийн хагаст ч үргэлжилж, Хүлэгүүд үндсэн цагт 105-62 онооны харьцаагаар хожлоо.
Тоглолтын шилдгээр Хүлэгүүдийн довтлогч Жэй Ди Видерспүүн нэрлэгдсэн бөгөөд 20 оноо 11 самбараас бөмбөг авалт хийж багаа тэргүүлсэн байна. Мөн ОУХМ Б.Батжавхлан 20 оноо дөрвөн самбар, дамжуулалт өгсөн бол ОУХМ Т.Санчир, Э.Цэвэлдорж, Жөү Рэйд нарын тоглогчид 10 дээш оноог авчээ. Харин ‘Этүгэн Ирвэсүүд’ багаас ОУХМ Г.Баттөр, Д.Мөнхтүвшин болон довтлогч Найжель Янг нар 10 дээш оноо авсан ч бусад гишүүд хангалтгүй байлаа. Ийнхүү ‘Хасын Хүлэгүүд’ цувралыг 3-2 харьцаатай болгон ойртууллаа. Дараагийн тоглолт ирэх даваа гарагт 19:30 цагаас болно.
(2) АЛДАР ТАНАН ГАРЬД 107- 88 АВТ ТӨВ УРГАЦ (3)
Батлан хамгаалах яамны ‘Алдар’ спорт хорооны ‘Алдар Танан Гарьд’ АВТ Группийн ‘Төв Ургац’ багууд өчигдөр тоглосон . Цувралыг тэргүүлж байгаа ‘Төв Ургац’ багийн залуус эхний хагаст оноогоор тэргүүлж чадсан ч тоглолтын төгсгөлийг армийн залуус сайн хийж чадсан юм. Тэр дундаа ОУХМ Ц.Азбаяр, шинэ легинер Винс Гарретт нарын шидэлтүүд амжилттай болсноор ‘Танан гарьд’ тэргүүлэлийг авч чадлаа. Тоглолт үндсэн цагт 107-88 онооны харьцаагаар өндөрлөсөн. Ингэснээр хожлын цуврал 3:2 боллоо.
Тоглолтын шилдгээр ОУХМ О.Ууганбаяр нэрлэгдсэн. Тэрбээр нийт 29 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 27 оноо, 11 самбар, гурван оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол хамгаалагч Б.Болдбаатар 14 оноо, 14 самбар авснаар тус хүргэсэн. Мөн ОУХМ Ц.Азбаяр, хамгаалагч Уолтер Врайт, довтлогч Винс Гарретт нар 10 дээш оноо авчээ. Харин ялагдал хүлээсэн ‘Төв Ургац’ багаас ДиАнжело Хамилтон 24 оноо, 13 самбараас бөмбөг авалт хийсэн бол Энтони Харрис, Маркус Хэммондс нар тус бүр 14 оноо авлаа. Цувралын дараагийн тоглолт ирэх долоо хоногийн даваа гарагт 18:00 цагаас Спортын төв ордонд болно.