50 мянган иргэний интернет банкийг ашиглан залилжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

50 мянган иргэний интернет банкийг ашиглан залилжээ

50 мянган иргэний интернет банкийг ашиглан залилжээ

“Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл” чуулган өнөөдөр /2018.04.26/  боллоо. Энэхүү чуулганыг Монголбанкнаас санаачлан хэрэгжүүлж буй Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аяны хүрээнд анх удаа зохион байгуулжээ. Чуулган цахим банкны аюулгүй байдал, төлбөрийн картын эрсдэл, цахим банк болон төлбөрийн аюулгүй байдлын тухай иргэд, олон нийтийн мэдлэг боловсрол гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж, салбар бүрийн шилдгүүд панелистаар оролцон хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн олон улсын болон дотоодын экспертүүд оролцож, илтгэл тавин хэлэлцүүлэг хийснээс гадна Монгол улсын бизнесийн салбарын томоохон компаниудын шийдвэр гаргах түвшний 200 гаруй албан тушаалтнууд оролцжээ. 

Чуулганы нэг сэдэв “Цахим банк болон төлбөрийн аюулгүй байдлын тухай иргэд олон нийтийн мэдлэг” байсан юм. Энэ хүрээнд “Монгол улсын гэмт хэргийн нөхцөл байдал” сэдвээр Эрүүгийн цагдаагийн ахлах албаны кибер мөрдөгч, гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад У.Батнасан илтгэл тавьсан. Түүний илтгэл анхаарал татаж байсан бөгөөд тэрбээр илтгэлдээ өнөөгийн цахим банкны гэмт хэргийн талаарх мэдээллийг өглөө.

Интернэт банк, онлайн төлбөрийн системтэй холбоотой гэмт хэрэг, цахим төлбөр тооцооны мэдээллийн системийг ашиглан гүйлгээ хийсэн болон интернет залилан хийсэн гэмт хэргийн талаар онцолсон юм.  

Монгол иргэдийн email хаяг руу хуурамч мэдээлэл ирж, түүний дагуу иргэд хууртагдах нь ихэссэн байна. Хаягийн нууц дугаарыг хууран авч залилан хийсэн тохиолдол олон гарчээ. 50 мянган иргэнээс долоон мянга нь өөрийн интернет банкны мэдээллийг өгсөн тохиолдол бүртгэгджээ. Мөн цахим шуудан хаягтай холбоотойгоор хууран мэхлэх арга ч ихэсчээ. Энэ нь банкны систем рүү холбогдох нэг арга болсон байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон 40 орчим насны эмэгтэй зургаан сая орчим төгрөгөө алджээ. Гэтэл дахин өөрт нь мөнгө зээлээч гэсэн захиа ирэхэд хууртагдан мөнгөө шилжүүлсэн тохиолдол гарсан байна. Үүнээс үндэслэн иргэдийн боловсролын асуудал дутмаг байна гэж үзэж байгаа аж. Гэмт этгээдүүдийн арга улам нарийсч интернэт банк руу нэвтрэх нууц кодыг ахин дахин хийж, нэвтэрч чадсан нь олон иргэд хохироход хүргэжээ. Мөн АТМ дээр иргэдийг саатуулж, картыг нь ашиглан мөнгө шилжүүлэх гэсэн юм гэсэн аргыг хэрэглэж залилан хийжээ. Үүнд ахмадууд өртөж,  данснаасаа мөнгө алдсан тохиолдол ч гарсан байна.

Хэлэлцүүлгийн үеэр цахим банкны аюулгүй байдал сэдвийн гол илтгэгчээр Акати Консалтинг, компанийн гүйцэтгэх захирал, мэдээлэл технологийн Олон улсын эксперт Кришна Ражагопал, төлбөрийн картын эрсдэл сэдвийн гол илтгэгчээр Кorea&Mongolia, VISA Inv компанийн Эрсдэл хариуцсан захирал Крис Кан нар оролцсон байна. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж