Батлан хамгаалах зардлыг улсын төсвийн хоёр хувьд хүргэвэл зохино

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалах зардлыг улсын төсвийн хоёр хувьд хүргэвэл зохино

Батлан хамгаалах зардлыг улсын төсвийн хоёр хувьд хүргэвэл зохино

ҮАБЗ-ын шинжээч, ҮБХИС-ын профессор, Цэргийн ухааны доктор, хошууч генерал З.Болдбаатартай ярилцав.

-Энэ сарын 28-нд Монгол улсын генерал цолтны өдөр тохиож байгаа, Та ‘Монгол генерал’ төвийн гүйцэтгэх захирлын хувьд цэргийн дээд цолтон  генералуудын тухай уншигчдад товч мэдээлэл өгнө үү?

-“Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт генерал цол” олгоно хэмээн журамласан ёсоор эрхэм хүндтэй генерал цолыг анх БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор бий болгож, тухайн үеийн МАХЦ-ийн шилдэг дарга 11 хүнд олгосон байдаг. Нийтдээ генерал цол хүртсэн 180 хүн байна. Өнөөдөр амьд сэрүүн 90 гаруй хүн байгаагийн 30-аад нь цэргийн жинхэнэ албанд үүргээ гүйцэтгэж, бусад нь бэлтгэл болон чөлөөнд байгаа юм.

Цэргийн дээд цолтнуудыг цолоор нь ангилбал Монгол улсын маршал – 3, армийн генерал – 1, хурандаа генерал – 8, дэслэгч генерал – 20, хошууч генерал – 111, бригадын генерал – 39 бий. Тэдний дотор Монгол улсын баатар 6, гавьяат цолтон 9, эрдмийн зэрэг цолтой 39, олон улсын болон энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 10, төрийн өндөр дээд албан тушаалд ажилласан 15 хүн байна. “Монгол генерал” төвөөс энэ өдрийг тохиолдуулан генерал бүхий байгууллагуудтайгаа хамтран олон төрлийн ажил зохион байгуулдаг сайхан уламжлалтай юм. Энэ жил уг арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хариуцан ажиллаж байна. Удахгүй болох цэргийн дээд цолтны өдрийг тохиолдуулан эрхэм генералууддаа эрүүл энх сайн сайхан, ажлын амжилтыг танай агентлагаар дамжуулан хүргэж байна

-Нэгэнт уулзсан завшааныг ашиглаж, судлаач хүний хувьд танаас улс орны дотоод аюулгүй байдлын орчныг цэрэг-стратегийн талаас нь яаж дүгнэж байгааг сонирхмоор байна?

-Төрөөс ард түмэн, улс орноо гэсэн цэгцтэй бодлогогүй, улс төрийн байдал тогтворгүй, эргээд нам төвтэй болж, намууд нь талцан хуваагдаж, гэмт хэргийн зөрчил ихэсч,  хүний эрх зөрчигдөж, хөдөлмөрийн хөлсний үнэлэмж ихээхэн бага, ажилгүйдэл ядуурал ихтэй, иргэдийн эрүүл мэндийн хамгаалалт, хүнсний аюулгүй байдлын хяналт суларч, мэдлэг боловсрол, ёс зүй, ахуйн соёл өнөөгийн шаардлагын түвшинд хүрээгүй, оюун санаа, сэтгэл зүйн байдал тогтворжиж чадахгүй байгаа нь дотоод аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл үзүүлнэ.

Дээрх нөхцөл байдлыг цэрэг-стратегийн талаас нь авч үзвэл улс орны батлан хамгаалах чадавх, зэвсэг хүчний нөхөн хангалт, сургалт бэлтгэл, бэлэн байдал, дайчилгааны чадамжид нөлөөлж болзошгүй юм.

Улс орныхоо дотоодын аюулгүй байдлын асуудлаа шийдэж чадахгүй цаг  алдвал том гүрнүүдийн тоглоом болдгийг Украин, Сири улсын жишээнээс харж болохоор байна. Дотоод аюулгүй байдалтай холбоотой бас нэг зүйл нь стратегийн бүтээн байгуулалтууд бөгөөд үүнийгээ батлан хамгаалах эрх ашгийн үүднээс үнэлж дүгнэх тал дээр ихээхэн учир дутагдалтай, цэрэг стратегийн болзошгүй үйл ажиллагааны хувилбаруудыг бодож тооцдоггүй дутагдал бий. Энэ асуудлаар батлан хамгаалах эрх зүйн зохицуулалт  уг нь  аль эрт хийгдсэн байдаг.

-Хөрш орнууд эдийн засгийн өндөр чадамжтай, хүчирхэг цэрэг армитай, дэлхийн улс төрийн болон геополитикийн бодлогыг тодорхойлоход их нөлөөтэй, цэрэг-стратегийн хүчтэй бодлого явуулдаг. Иймд манай улс аюулгүй байдлаа, тэр тусмаа цэргийн аюулгүй байдлаа яаж хангах вэ?

-Бидний оршин байгаа Зүүн хойд азийн бүс нутаг, хөрш улсууд үнэхээр цэрэг-улс төрийн болон цэрэг-техникийн хүчтэй бодлого явуулж, үүнийгээ аюулгүй байдлаа хангах, хүчний тэнцвэрийг барих, улс орноо хөгжүүлэх тулгуур бодлогоо гэж тодорхойлоод байна. Зах зээлийн харилцаанд тулгуурласан эдийн засгийн хүчтэй хөгжлөөр цэрэг армиа хөгжүүлж, түүнийгээ ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тодоор зарлаж байна.

Манай эргэн тойронд цэргийн бүлэглэл, тойргууд байсаар зэвсэг техник нь хөгжиж боловсронгуй болсоор байна. Улс орон мөнгөтэй, хүчтэй болох тутам бодлого зорилго нь өөрчлөгдөж байдаг зүй тогтолтойг ямагт бодолцож анхаарч байх ёстой. Манай улсын хувьд мөнхийн сонор сэрэмж шаардах газар зүйн байрлалтай улс шүү дээ. Цэргийн аюулгүй байдлаа хангах үндсэн арга зам бол аюулгүй байдлын олон талт баталгаа гаргах олон улсын эрх зүйн орчныг сайн бүрдүүлэх, улс төр дипломатын идэвхтэй олон талт бодлого явуулах, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, арга механизмыг өргөн хүрээтэй ашиглах, мөн цэрэг-улс төрийн дипломат бодлого явуулах, аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл солилцох, тагнуулын  болон цэргийн тагнуулын байгууллагуудыг сайн бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудаа орон тоо бүтэц, байшин барилгыг нь томруулах биш мэргэжлийн талаас нь чадваржуулан техник технологийн шинэчлэл хийх зэргээс гадна иргэдээ болзошгүй аюулд бэлтгэж, хүнээ хөгжүүлэх бодлого явуулах, тухайлбал монгол хүн, монгол залуучууд англи, орос, хятад хэлийг сайн эзэмших, хөрш орнуудынхаа хөгжил боловсролын чиг хандлагаас хоцрохгүй байх, болж өгвөл бид нэг шат дээгүүр байх ёстой.

Манай улсын хувьд улс орноо батлан хамгаалах цэрэг эдийн засгийн чадамж нь нийт иргэдийн мэдлэг боловсрол, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилт, батлан хамгаалах бэлтгэлжилтийн түвшин, улс орны эдийн засгийн хөгжлийн бодлогоос ихээхэн хамааралтай байгаа юм.

-Та цэргийн стратегич, цэргийн эдийн засагч мэргэжилтэй хүний хувьд батлан хамгаалах төсвийг ямар хэмжээнд байвал зохистой гэж үздэг вэ?

-Төрийн том бүтэц, олон шат дамжлага улс орны эдийн засагт хохирол учруулж байна. Бид 30-аад жил улс төрийн тогтолцоогоороо тоглож, шинэчлэл хийх гэж үзлээ. Ард түмэнд хүрсэн тодорхой үр дүн харагдахгүй байна.

Батлан хамгаалах төсөв 2018 онд ДНБ-ний дөнгөж 0,90 хувь байгаа даанч харамсалтай. Энэ нь үндсэндээ цэргийн албан хаагчдын цалин хангамж, үйл ажиллагааны зардалд зарцуулагддаг. Үүнээс үзэхэд батлан хамгаалах чадамжийн чухал үзүүлэлт болох зэвсэглэл, техникийн болон шинжлэх ухаан технологи, эрдэм шинжилгээний асуудал төсөвт тусгагдах боломжгүй болов. Ер нь улс орнуудын жишгээр батлан хамгаалах төсвийн бүтцэд  өөрчлөлт хийх шаардлагатай гэж би үздэг.

Энэ асуудлыг Сангийн яамны ажил хариуцсан мэргэжилтнүүд цэргийн мэргэжил, цэргийн шинжлэх ухааны зүй тогтол, ач холбогдлыг ойлгодоггүй бусад иргэний байгууллага, яамдын жишгээр төсвийн бүтэц хийдэг нь үндсээрээ буруу юм. Цаашдаа батлан хамгаалах төсвийн бүтцэд үйл ажиллагааны зардлаас гадна зэвсэглэл, техникийн зардал, цэргийн шинжлэх ухааны зардал, цэргийн албан хаагчдын орон байрны зардал гэсэн ангиллуудыг тусгайлан суулгаж өгч байх нь зүйтэй байна.

Цэргийн шинжлэх ухааны онолоор олон оронд улсын төсвийн 15-20 хувийг зэвсэглэл, техникийн зардалд, эрдэм шинжилгээ судалгаа туршилтын зардалд 10-15 хувийг, цэргийн албан хаагчдын орон байрны зардалд 0.5-5.0 хувийг тус тус хуваарилдаг олон улсын жишиг байдаг. Батлан хамгаалах асуудлаар төрөөс бодлого болгон дэвшүүлсэн зорилтын биелэлтийг хангах, аюулгүй байдлын дотоод, гадаад орчин нөхцөлтэйгөө уялдуулан батлан хамгаалах төсвийн ДНБ-нд эзлэх хувийг тодорхой үе шаттайгаар хоёр хувь болтол өсгөх нь зүйтэй байна. Тухайлбал манайхтай хүн ам, газар зүйн байрлалын хувьд адил төстэй улсад ДНБ-ний тодорхой хувийг, тухайлбал Сингапур 3.5, Гүрж 2.9, Эстон 2.3, Киркиз 3.6, Польш 2.0 хувь тус тус зарцуулж байна. Батлан хамгаалах, зэвсэгт хүчнийг хэрэглээний төсвөөр хэт удаан, амгалан байлгах нь цэргийн чадамжийг сулруулах, дадлага сургуулилт, бэлэн байдлыг алдагдуулдаг сөрөг талтай. Цаашдаа нэгэнт төрийн бодлогоор батлан хамгаалах, зэвсэгт хүчний хөгжлийн зорилтыг тодорхойлж, эрх зүйн талаас нь албажуулсан л бол түүнийгээ хэрэгжүүлэх санхүү эдийн засгийн үндэс суурийг эргэлт буцалтгүйгээр сайн тавьж өгөхөд Улсын Их Хурал, Засгийн газар нэг мөр нэгдсэн ойлголтой байх нь чухал юм. Ингэснээр хууль, төрийн бодлого бүрэн дүүрэн хэрэгжих болно.

-Цэргийн албан хаагчдын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах талаар бодлогын болон эрх зүйн ямар зохицуулалт шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-Эдүгээ манай салбарт тулгамдсан асуудал нь цэргийнхний орон байр, цалин хангамж юм. Миний мэдэж байгаагаар байр орон сууцны хүсэлт гаргасан дөрвөн мянга гаруй хүн байдаг. Цалин хангамжийн хувьд бол дунджаас арай бага түвшинд байна. Цэргийн албан хаагчдаас олон улсын ажиллагаанд 14 мянга гаруй офицер, ахлагч нар оролцож, улс орныхоо нэр хүндийг олон улсад гаргаад зогсохгүй, гаднын улс орнуудын цэргийнхний цалин хангамж ямар байдгийг сайн мэдэж харьцуулж үздэг боллоо. Цэргийн албан хаагчдаа байр орон сууцтай болгох боломж байна. Харамсалтай нь энэ асуудал улс төрчид, сайд дарга нарын сэтгэл дутсан, арга барил, ашиг сонирхлоос болоод хэрэгждэггүй юм.

Бидэнтэй хамтарч ажилладаг улс орнууд үүнийгээ шийдсэн олон сайхан туршлага сургамж байдаг. Жишээ нь, Канад гэхэд л амьжиргааны хэрэгцээг хангах  (сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ,  соёл, үзвэр үйлчилгээ, байр орон сууцны шаардлага, гэр бүлийн хүний тоогоор, наад захын ахуйн хэрэглээ гэх мэт) олон зүйлийг харгалзан үзэж, цэргийн албан хаагчдынхаа цалинг нэмснээр  орон байраа зах зээлээс авах боломжийг бүрдүүлдэг байна.

Цэргийнхэн хүнд албыг хөдөө гадаа явж хаадаг бөгөөд тэднийг  дагаад гэр бүл үр хүүхдүүд явах, гэргий нь мэргэжлийн ажлаа хийж чадахгүй байх, үр хүүхэд нь дуртай дугуйланд хамрагддаггүй зэрэг олон бэрхшээлүүд байдаг. Батлан хамгаалах, зэвсэгт хүчинд 25-аас дээш жил ажилласан хүнд 60 метр квадратаас доошгүй 2 өрөө байраар хангадаг тогтолцоог бүрдүүлж бий болгох ёстой гэж би хувьдаа үздэг.  Өнөөдөр манай олон цэргийн дарга офицер, ахлагч нар тэтгэвэрт гараад орох оронгүй, энд тэнд харуул хамгаалалтын ажил хийвэл их юм. Тэднийг эх орныхоо төлөө залуу халуун нас, эрүүл мэндээ зориулсныг ойлгож хүндэтгэж байгаа зүйл тун бага, цаашдаа цэргийнхний нийгэмд эзлэх  байр суурь, нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэх системтэй олон арга хэмжээ авах шаардлага байгаа юм.

2013 онд батлан хамгаалах төрийн захиргааны төв байгууллагаас монгол цэрэг бүтээн байгуулалт хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулан ажил хэрэг болгож, 1000 гаруй залуучуудыг цэргийн алба хаах хугацаанд нь МСҮТ-өөр сургаж, төрөл бүрийн нарийн мэргэжил эзэмшүүлж,  цалинтай халагдуулж байсан. Тэдний олонх нь орон нутагт зарим нь барилгын салбарт ажиллаж, амьдрал ахуйгаа сайн авч явж байна. Нам, эвслээрээ талцаж хуваагдахгүйгээр зөв менежмент хийвэл их боломж байгааг дээрх жишээнээс харж болно.

 -Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлага ямар байх, орон нутгийн хамгаалалт гэж юу гэсэн зүйл бэ?

-Төрөөс  төрийн цэргийн байгууллагуудыг 2030 он хүртэл хөгжүүлэх чиглэл, Зэвсэгт хүчнийг 2020 хүртэл хөгжүүлэх хөтөлбөр бодлого болон тодорхойлогдсон. Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг хандлагаар хөгжүүлж, орчин үеийн зэвсэгт хүчин болгоно гэсэн зорилт дэвшүүлсэн. Энд цэргийн сургалт бэлтгэл, бэлэн байдал, зэвсэг техник, мэдлэг боловсрол гээд цэргийн албаны олон зүйл хамарна. Мэргэжлийн зэвсэгт хүчинтэй болохын тулд цэргийн албан хаагчдын сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх, ахуй амьдралын нөхцөлийг нь сайжруулах, албан тушаалуудад тавигддаг мэргэжлийн болон ёс зүй, сахилга хариуцлагын шаардлагуудыг өндөр болгох, орчин үеийн техник технологийн мэдлэгийн шалгуурыг бий болгох хэрэгцээ өдрөөс өдөрт тавигдах боллоо. Эдгээр шинэ нөхцөл шаардлагуудыг манай олон улсын энхийг сахиулах ажиллагаанд яваад ирсэн дайчид бидэнд тавиад байгаа юм.

Батлан хамгаалах, зэвсэгт хүчинд цэргийн мэргэжлийн болон эдийн засгийн удирдлагын шинэ менежмент хийх хэрэгцээ бий болсныг хэлж байна гэж хүлээж авах ёстой юм. Дээрх бодлогын зорилт агуулгын цаад мөн чанарыг нь  олон талаас бодож сайн ухаж ойлгох, хэрэгжүүлэх арга замаа эдийн засгийн талаас нь хамгийн хэмнэлтэй, үр дүнтэй байх аргыг сонгож, хурд эрч хүчтэй ажиллах шаардлага тавигдаж байна. Тийм учраас зэвсэгт хүчний бүтцэд ХХЕГ, ОБЕГ-ыг оруулах, цэргийн мэргэжлийн нэг стандарттай болгох асуудлыг судлан шийдвэрлэх хэрэгтэй. Цэргийн шинжлэх ухааных нь зүй тогтлын дагуу хуурай замын цэргийн командлал, агаарын цэргийн командлалыг бий болгосон . Цаашдаа тусгай хүчин, барилга инженерийн төрөл цэргийг бий болгох хэрэгцээ шаардлага гарч ирэх байх, манайх шиг хүн ам багатай улс, улс орныхоо стратегийн байгууламжуудыг гаднын улсаар бариулаад байх нь аюулгүй байдал талаасаа их зохимжгүй.

Монгол улс  хүчирхэг байхдаа төр цэргийн нэгдмэл тогтолцоотой хатуу сахилга баттай, хууль цаазыг чанд мөрддөг, мөрдүүлдэг байсан түүхтэй. Энэ уламжлалаа бид хадгалан авч үлдэн батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо гэж өнөө үед хэлээд байгаа юм. Үүний үндэс нь орон нутаг, засаг захиргааныхаа хүрээнд  орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих, улс орноо батлан хамгаалахад иргэд, залуу үеэ бэлтгэх, болзошгүй аюул хямралаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чадвартай байх, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, эх оронч хүмүүжил олгох тал дээр анхаарч олон талт арга хэмжээ авах ёстой. Ингэж орон нутаг, иргэд бэлтгэлттэй болсноор улс орны батлан хамгаалах чадамж сайжрахаас гадна бүх нийтийн оролцоонд тулгуурласан батлан хамгаалах стратеги хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Энгийнээр хэлэх юм бол батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх иргэд, цэргийн байгууллагуудын олон талт хамтын ажиллагааг орон нутгийн хамгаалалт гэж ойлгож болно. Энэ дашрамд  орон нутгийн хамгаалалтын тухай хууль санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн бариад байгаа батлан хамгаалах яамны шинэ удирдлага хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэж байна.

                                                                                                                Ярилцсан: Г.СУМЪЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж