Хураана, хорино, цаазална!

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Хураана, хорино, цаазална!

Хураана, хорино, цаазална!

Жил  бүрийн есдүгээр сарын 10-ныг монголчууд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулдаг. Олон мянган иргэнээ улс төрийн хилс хэрэгт хоморголон хэлмэгдүүлсэн хар үйл явдлаас хойш 81 жил өнгөрчээ. Тагнуулын ерөнхий газрын бүрэн бус мэдээгээр 1922-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт 36 мянга орчим хүнийг хэлмэгдүүлсэн  гэдэг. Энэ бол  Монгол ардын намаас хусавч үл арилах гашуун түүх билээ.

Хэлмэгсдэд зориулсан дурсгалын хөшөөний үг нь “Халуун итгэл цөхөрсөн. Хатан зүрх шархирсан. Хар дарсан зүүд шиг он жилүүдийг. Хамаг монголчууд бүү мартах тун’. Яг энэ хөшөөний дэргэдээс  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  төрийн нэрийн өмнөөс улс төрийн хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс уучлалт гуйж, толгойгоо бөхийлгөсөн юм. Тэрбээр энэ өдөр “Нийт 17 мянга орчим лам хувраг хилс хэрэгт шийтгэгдсэний 14 мянга нь цаазаар авахуулсан байна. Энэ бол сонссон монгол хүн бүр сэтгэл шимшрэхгүй байхын аргагүй тоо. Энэ бол Монголын өв уламжлал, язгуур сэтгэлгээ, үндэстний ой санамж, эх оронч тэмүүллийг хэдий хэмжээгээр тасдан хаясныг илтгэх тоо. Улс төрийн хэлмэгдүүлэлт бол аль ч цаг үед Төрөөс гаргаж, давтаж болохгүй балмад үйлдэл бөгөөд үндэстний тэргүүний оюун ухаан, дархлааг мөхөөх далд явуулгын илэрхийлэл юм.

Монголын төр ахин хэзээ ч ард иргэдээ хэлмэгдүүлэхгүй байх, төрийн өндөр албан тушаалтнууд улс төрийн зорилгоор өрсөлдөгчдөө хэрэгт унагаадаг шат дамжлага, шударга бусын хонгилыг төрийн бүтцийг ашиглан бий болгодоггүй байх тийм бат бөх ардчилал, шударга ёс бүхий иргэний төрийг бид өдөр тутмын шаардлага, сонор сэрэмжээрээ л бий болгож, бэхжүүлэх учиртайг би энэ өдөр ахин дахин сануулмаар байна” гэж байв.

Хураана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий дөрвөн генералын цол хураалгахаар боллоо. Хамгийн түрүүнд Монгол Улсын иргэншлээс татгалзсан Х.Жекейгийн генерал цолыг хураасан Ерөнхийлөгчийн шийдвэрийг олон нийт “нүдээ олсон” гэж зөвтгөж байсан юм.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Ч.Амарболд, П.Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Т.Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг хураах уг зарлигт ялсан монголчууд нь хүртэл  эгдүүцэж байгаагаа нүүр номоороо дамжуулан илэрхийлцгээжээ.  Ерөнхийлөгчийн энэхүү зарлигийн талаар Тамгын газрын дарга З.Энхболдынх нь өгсөн тайлбар нь “ Гэмт хэрэг хийх үедээ цолтой байсан хүмүүсийн цолыг хураах хуультай. Нэгэнт гэмт хэрэг хийсэн бол цолыг нь хураах ёстой гэсэн хууль байгаа, түүний хүрээнд л ажилласан”.  Тэрбээр нэр бүхий зарим уяачдын цолыг хураахаа мэдээлсэн бол зарим бөхчүүдийн цолыг хураахаа ч анхааруулсан..

Мэдээж, өгсөн юмаа буцаагаад авах эрх нь  Х.Баттулга Ерөнхийлөгчид бий. Гэвч, солгой гараараа одон тарааж, баруун гараараа хурааж яваа түүний эл үйлдэл “Би өгч ч чадна, авч ч чадна” гэсэн хэн нэгэнд өгч буй анхааруулга мэт харагдаж байна.

Хорино

Засгийн газраас Швед Улсад суугаа Элчин сайд М.Энхсайханыг эргүүлэн татахаар болсон гэх мэдээлэлтэй зэрэгцээд “архивт” байгаа Тавантолгойн төслөөр ахиад нэг Ерөнхий сайдаа шоронд хорих уу гэх асуулт ч давхар хөндөгдөөд эхэллээ.  Ямартай ч АТГ-д дуудагдсан Монголын гурван Ерөнхий сайдын нэг.  Тэрбээр хууль дуудсан цагт зангиагаа зүүгээд гэрчийн мэдүүлэг өгөөд буцсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарыг мөн л АТГ дуудах болсон нь Оюутолгой тойрсон шуугиант баривчилгаан дунд улс төрийн нэг хачир болж байна.

   Хоёрын хоёр экс Ерөнхий сайд нараа нэг өдөр, нэг цагт ачаад явсан АТГ-ын үйлдэл, хийгээд  энэ үзэгдэл нь  улс төрийн хилс хэрэг байх вий гэх эмзэглэл болгоомжлолыг Ардчилсан намын жирийн гишүүд дэмжигчдийн зүгээс  хүчтэй сануулах болсон нь Ардчилсан Ерөнхийлөгчийн сонорт хүрсэн эсэхийг мэпэхгүй. Гэхдээ унаж яваа нэгнээ дэвсэлдэггүй монгол хүний зан талаас харвал, АТГ-ын хорьсон үндэслэл нь учир дутагдалтай  байгаа нь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын “Яагаад Ардчилсан намынхныг эхэлж барьж, хориод байгаа юм бэ” гэж асуух шалтгаан болсон биз ээ.

Цаазална

Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барина гэдгээ хаврын чуулганы нээлт дээр зарласан билээ. Цаазын ялыг сэргээх хүсэлтээ Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн бөгөөд яамны зүгээс Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч, цаазын ялыг сэргээх боломжгүй тухай мэдэгджээ. ‘Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед л уг ялыг халах тухайд ярих ёстой’ гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн зүгээс тайлбарлаж буй. Үүнтэй холбоотойгоор  Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх Г.Уянга “Улс төрийн хэрэгтнүүдэд цаазын ял хамаарахгүй” гэсэн тайлбар ч хийж байв.

Эцэст  хураана, хорино, цаазална гэж яваа Ерөнхийлдөгчид өчигдрийнх нь хэлсэн үгээс  эргүүлэн сануулбал, “Монголын төр дахин хэзээ ч ийм алдаа гаргах ёсгүй. Хойч үе маань үүнийг хэзээ ч бүү мартаг! Монгол оронд эрх чөлөө, хүний эрх үеийн үед дэлгэрэх болтугай”

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж