Тааварлашгүй тоглолт: Сан-Хосе Шаркс тэргүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Тааварлашгүй тоглолт: Сан-Хосе Шаркс тэргүүлэх үү?

Тааварлашгүй тоглолт: Сан-Хосе Шаркс тэргүүлэх үү?

Хоккей сонирхогчдын дунд хамгийн их таамаг дэвшүүлж байгаа ч оновчтой таамаг дэвшүүлж болохгүй тааварлашгүй тоглолт болох гэж байна. Нэг талаар хаалгачдын тулаан болох болов уу. Хэдийгээр улирлын тоглолтын үр дүнг харвал Вегас Голден Найтс 3-1 харьцаатай тэргүүлж байгаа ч Сан-Хосе Шаркс баг бол олон жил хамтдаа тоглосон хүчирхэг залуусаас бүрдсэн баг юм. Лигийн шинэ цэрэг Вегас Голден Найтс багийн ялалтын цуврал цааш үргэлжлэх үү эсвэл Сан-Хосе Шаркс баг зогсоох уу гэдгийг харах л үлдэж байна. Хоёр баг хоёулаа плэй-оффын эхний шатанд өрсөлдөгчдөө 4-0 харьцаатай шүүрдсэн.

Сан-Хосе Шаркс баг бол нэгдүгээр шат Анахайм Дакс багийг санаанд оромгүйгээр хуурай шүүрдэж цувралыг 4-0 харьцаатай өндөрлүүлсэн. Р.Гецлаф, К.Перри нарын хүчирхэг, туршлагатай тоглогчдоос бүрдсэн Анахайм Дакс багийг ийм хөнгөхөн буулгаж авна гэж тооцоолсон хоккей сонирхогчид тийм ч олон байгаагүй байх. Ингэхдээ тэд цуврал дөрвөн тоглолтонд дөрвөн гоолыг хаалгандаа алдаж 16 гоолыг Анахайм Дакс багийн хаалганд оруулсан. Улирлын турш онцгой байж чадаагүй ч плэй-оффт Мартин Жонес хэмээх хаалгач онцгой байна. Хаалгач М.Жонес бол энэ цувралд их зүйл шийдэх Сан-Хосе Шаркс багийн “хөзөр” байх болов уу. М.Жонес бол стэнлийн цомын шигшээд шалгарч байсан, бүр стэнлийн цомыг ч хүртэж байсан плэй-оффын туршлагатай хаалгач юм. Мөн энэ улирлын дундуур ирсэн Э.Кейн багтайгаа тун сайн зохицож, плэй-оффт аль хэдий нь гурван гоол оруулаад байна. Ямартаа ч Ж.Павелский, Л.Кутюр, Ж.Торнтон, Б.Бёрнс гээд юм юмыг л үзсэн хүчирхэг залуус плэй-оффын хоёрдугаар шатанд бэлэн болоод байна.

Шинэ цэрэг Вегас Голден Найтс баг дебьют улирлаа тун гайхалтай үргэлжлүүлж байна. Магадгүй тэд энэ эрчээрээ яваад стэнлийн цом хүртэх юм биш биз. Хэдийгээр Лос-Анжелес Кингс багийг плэй-оффын эхний шатанд буулгаж авах магадлал өндөр байсан ч 4-0 харьцаагаар хуурай хожно гэж таамаглаагүй. Энэ багт лигийн нүүр царай болсон хүчирхэг тоглогч байхгүй. Өөрөөр хэлбэл, хаалгач М.Флёригээс бусад нь лигийн дундаж тоглогчид гэвэл нэг их хол зөрөхгүй болов уу. Өнгөрсөн улирлын турш У.Карлссон гайхалтай байж 43 гоолтойгоор багаа тэргүүлсэн бол ахмад хамгаалагч Д.Энгелланд болон Б.МкНэбб нар арын шугамаа тун сайн хамгаалж байсан. Энэ багт онцгойрсон тоглогч байхгүй, харин талбай дээрх багийн ойлголцол тун сайн байгаа. Иймдээ ч өнөөдрийг хүртэл явж ирсэн. Харин одоо тэд Сан-Хосе Шаркс багтай хэрхэн тоглох бол гэдэг хоккей сонирхогчдын дунд олон таамгийг дэвшүүлээд байгаа юм. 

Цуврал тоглолт: 7 тоглолтонд Сан-Хосе Шаркс баг хожно гэх таамаг их байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж