МИАТ-ийн хувьчлалаа түр азнаж, хоёр жилийн хугацаа өгөөч гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн хувьчлалаа түр азнаж, хоёр жилийн хугацаа өгөөч гэв

МИАТ-ийн хувьчлалаа түр азнаж, хоёр жилийн хугацаа өгөөч гэв

                         

МИАТ-ийн хувьчлалын асуудлаар тус компанийн ахлах нисгэгч Р.Батнасан, Нисэх бүрэлдэхүүний холбооны гишүүн Б.Баярхүү нар өнөөдөр /2018.04.26/  мэдээлэл хийлээ. Засгийн газар ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудал сөхөгдөөд буй. Түүний дотор МИАТ компанийг хувьчлах асуудал ч яригдаж байгаа. Тиймээс тус компанийн ажилчдын зүгээс МИАТ компанийг хувьчлахгүй, хугацаа өгөөч гэж холбогдох албаныхнаас хүсч байгаагаа хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.

МИАТ компани тарифаа өөрчлөөгүй

МИАТ компанийн ахлах нисгэгч Р.Батнасан “МИАТ компани  нийгмийн хариуцлагаа ухамсарласан, Монголын ард түмэнд үйлчилж байгаа ганц унаа. Залуучууд, гэр бүл ахмад насны хөнгөлөлт болон хүнд өвчтэй хүмүүсийг нийгмийн хариуцлагын үүднээс Боинг 737 онгоцонд 15 суудал, Боинг 767 онгоцонд арван суудал авч  зөөвөрлөдөг. Ингэхдээ зургаахан хүний хөнгөлөлтэй тарифаар  үйлчилдэг. Хэрэв МИАТ компани байхгүй болчихвол гадны компани өвчтэй иргэдийг ингэж  зөөвөрлөх үү. МИАТ компани өндөр үнэтэй билеттэй гэж ярьцгаадаг. Яг үнэндээ 1911 оноос хойш МИАТ компани үнэ тарифаа өөрчлөөгүй шүү.Төр засаг долларын ханшаа барьж чадахгүй явсаар, долларын  ханшийн зөрүүгээр үнээ тооцож ирсэн.Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани парк шинэчлэлт хийж, дэлхийд өрсөлдөх хэмжээний болж ирж байгаа  энэ үед улсад хувьчилна гэж яригдаж байна.

Бид нар эсэргүүцээгүй, дэмжиж байгаа. Гэхдээ хувьчлалыг үе шаттайгаар хийх  нь зөв. Монгол Улсын хэмжээнд хувьчлалууд ямар хэмжээнд явж байгааг бүгд л мэднэ шүү дээ. Харин үүнийг цагийг нь олж хийх ёстой. Өнгөрсөн жил МИАТ компанийн инженер техникийн   бүрэлдэхүүн 50 дахь онгоцоо засварласан. Энэ жил ч мөн адил олныг засч байгаа. МИАТ компани сүүлийн жилүүдэд сайн ажиллаж байгаа. 2017 онд 59 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүнээс улсын төсөвт 9,8 тэрбум  төгрөгийг оруулсан. Нийгмийн даатгалд таван тэрбум төгрөг төлсөн.   МИАТ компанийг “Turkish Airlines” компанитай жишиж, харьцуулдаг. Гэвч тус компани 400 гаруй онгоцтой. Монгол Улс түрээсийн 5-6 онгоцтой.  МИАТ-ийг хувьчлахад хоёр жилийн хугацаа өгөөч. Тэр хугацаанд бид  парк шинэчлэлтээ бүрэн  хийгээд онгоцныхоо тоог нэмээд, амжилтаа улам ахиулъя. Харин дараа нь бидний хийсэн ажлыг дүгнэ. Бидэнд хоёр жилийн хугацаа өгчих” гэсэн юм.

Э.Бурам 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж