Нийслэлийнхнээс дугуйн замаа нэхье

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Нийслэлийнхнээс дугуйн замаа нэхье

Нийслэлийнхнээс дугуйн замаа нэхье

Төв талбайн зүүн талын авто замд гэрлэн дохио хүлээн шахцалдан зогсох авто машинуудын хажуу талын нарийхан зай руу унадаг дугуй унасан арав гаруй насны хүү орж зогсон, зорчих гээд чадсангүй.  Улаан гэрэл асч, автомашинууд хөдлөхөд хүү унадаг дугуйгаа түшсээр бүлтийтэл харсаар хоцорлоо. 

Улаанбаатар хотод  унадаг дугуйн зориулалтын зам бараг байхгүй тул нэг бол явган хүний замаар эс бөгөөс  автомашинтай зэрэгцэн зорчих шаардлагатай болдог.  Авто машины замаар унадаг дугуйгаар зорчино гэдэг бол хүүхэд байтугай томчуудад ч эрсдэлтэй. Замаа булаацалдсан жолооч нар дугуйтай яваа нэгнийг шахаж гарган, гэмтээсэн тохиолдол цөөнгүй гарсан. Товчхондоо нийслэлд унадаг дугуйтай зорчино гэдэг бол амь дүйсэн  “аялал” юм.

Гэвч нийслэлээс энэ зунаас өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” төсөл санаачлан хэрэгжүүлэх болсноо зарлалаа. “Никель Ганбаа” тэргүүтэй консерциум төслийг гардан хэрэгжүүлэх бөгөөд 2018-2020 онд 150 зогсоолтой 2000 ширхэг унадаг дугуй, 2021-2026 онд 250 зогсоолтой 2500 ширхэг цахилгаан унадаг дугуй, 2027-2033 онд 5000 ширхэг бүрэн цахилгаан дугуйг үйлчилгээнд нэвтрүүлэх зорилт тавьжээ. Төслийн хүрээнд эхний ээлжид 43 байршилд түрээсийн 500 дугуй байршуулна. Түрээсийн дугуйн төлбөр 30 минутад 500, нэг цагт 800 төгрөгийн үнэтэй байх юм. Үнэ өртгийн хувьд болж байна. 

Авто машины түгжрэлийг сааруулах, иргэдийн эрүүл мэндэд тустай гэдэг утгаар нь хоёр гараа өргөөд дэмжмээр төсөл.  Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд унадаг дугуйн тусгай зам Бэлх, Дүнжингарав, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэсэн хэдхэн газраар хязгаарлагдаж байна. Замаа бариагүй байхад төслийг хэрэгжүүлээд эхлэх нь хэтэрхий эрсдэлтэй алхам болох юм биш биз. Монголчууд саалиа бэлдэхээр саваа эхлээд бэлтгэ гэж сургадаг. Замаа бариагүй байж, “Унадаг дугуйтай Улаанбаатар” болно гээд дэлчихдэг, эцэс сүүлд нь иргэдийнхээ амь насыг эрсдэлд оруулсан юм болох вий гэдэг болгоомжлолыг олон хүнд төрүүлж эхлээд байна. Сонголт хүн бүрт байгаа. Дугуй түрээслээд ажлаа амжуулж болно, автобусаар зорчоод явсан ч болно.  Гэвч дэд бүтэц нь бий болоогүй цагт энэ бол аюултай үйлчилгээ.

Нэн даруй дугуйн замаа стандартад нийцүүлэн барих ажлыг шуурхайлуул, хотын дарга аа. Улаанбаатар хотын аль хэсэгт дугуйн зам барих вэ гэдэг ерөнхий төлөвлөгөө гарсан байгаа бол тэндээс ажил эхлэх ёстой. Энд тэнд тасангид барьсан замыг дугуйн зам гэж хэлдэггүй юм. Зөвхөн ашиг харж, сэтгэлийн хөөрлөөр хандвал хойшид гарах үр дагавар нь мөнгөөр хэмжигдэшгүй аюул дагуулна. Үнэндээ бол өнөөдрийн дугуйн түрээсийн үйлчилгээ эрхлэгчид орлого л боддогоос биш аюулгүй байдал хангагдсан уу гэдгийг ер бодолцдоггүй. Хүний амь настай холбоотой үйлчилгээ эрхэлж байгаа шүү гэдгээ ч ухамсарладаггүй. 

Дэлхий нийтэд өнөөдөр дугуйн үйлчилгээ хэзээний бизнес болж өргөжсөн харагдаж байгаа ч тэнд унадаг дугуйн зориулалтын зам байгуулсан байдаг юм. Аюулгүй байдлыг дээд зэрэгт хангасан замаар иргэд нь зорчдог гэдгийг дахин сануулъя.

Харин нийслэлчүүдийн хувьд авто машинтай зэрэгцэн дугуйгаар давхидаг, энэ бол амь дүйсэн сонголт. Нийслэлийнхнээс дугуйн замаа нэхье. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж