IJF шинэ генсектэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.21-нд нийтлэгдсэн

IJF шинэ генсектэй боллоо

Францын Парис хотноо өчигдөр Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит чуулган боллоо. ОУЖБХ-ны ерөнхийлөгч  Мариус Лизэр дэлхийн улс орнуудын жүдо бөхийн холбоодын төлөөлөгчдийн өмнө ээлжит чуулганыг албан ёсоор нээсэн юм. Чуулганы нээлтийн үеэр Японы жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч ноён Аруки Үемура хүрэлцэн ирсэн төлөөлөгч, зочдод мэндчилгээ дэвшүүлж, тус улсын сэргээн босголтын ажилд зориулан Олон улсын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөл Японы жүдо бөхийн холбоонд 200000 ам.доллар хандивлахаар болсонд талархал илэрхийлсэн байна. Үүний дараа Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ерөнхийлөгч  Мариус Лизэр 2009 онд Роттердам хотод болсон чуулга уулзалтаас хойш хийсэн ажил, амжилтаа тайлагнасан байна. Тэрбээр “Бид жүдогийн “Дэлхийн цом”-ын тэмцээнийг дэлхийн олон улс оронд тогтмол зохиодог болж, дэлхийн чансааг бий болгож чадлаа” хэмээн жүдо бөхийн спортын хөгжилд дэвшил гарсныг онцолжээ.

Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит чуулганд Монголыг төлөөлж, Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Сургалт, техник хариуцсан захирал, Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор Б.Пагва нарын албаны хүмүүс оролцсон байгаа. Чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг нь IJF-ийн ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох явдал байсан бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ноён  Хэди Доуб албан үүргээ ноён Жан-Люк Ружд шилжүүлсэн байна.

Ноён Хэди Доубын гавьяаг үнэлэв

Амьдралынхаа 18 жилийг энэ албанд зориулсан Хэди Доубд Олон улсын жүдо бөхийн холбооноос  жүдо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, алтан медаль гардуулжээ. Тэрбээр Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ерөнхийлөгч  Мариус Лизэрээс шагнал гардсаныхаа дараа “Туулж өнгөрүүлсэн даваа амар хялбар байгаагүй ч жүдо бөхийн холбоонд ажилласан маань нэр төрийн хэрэг. Би жүдогийн гэр бүлийн нэгэн гишүүн болж, энэ спортод өөрийн өчүүхэн хувь нэмрээ оруулснаараа бахархаж байна” гэжээ.

Шинэ нарийн бичгийн даргыг сонголоо

Олон улсын жүдо бөхийн холбооны шинэ ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон ноён Жан-Люк Руж  2005 оноос хойш Францын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа юм. Ноён Жан-Люк Руж "Ноён Визэр болон түүний багийнхантай хамтран холбооны бүтцийг хөгжүүлж, шинэчлэн, олсон ололт амжилтаа бататгах нь миний үүрэг. Гэвч энэ бүхнээс илүү жүдогийн спортын хөгжил нэгдүгээрт тавигдах болно” гэжээ. Чуулганаар мөн ноён Хэди Доубыг холбооны ерөнхийлөгч болон ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр сонгосон байна.

Дэлхийн чансааны тамирчдын тоо 4000-д хүрчээ

Ноён Мариус Визер  2007 онд тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдохдоо 2011 он гэхэд дэлхийн чансааны тамирчдын тоог 2000-д хүргэх зорилт тавьж байжээ. Харин өдгөө энэ тоо хэдийн 4000-д хүрчээ. Энэ үзүүлэлтийг олон улсын жүдо бөхийн холбооны мэдээлэл технологийн багийнхан онлайн мэдээллийн сангийн тоо баримтад тулгуурлан гаргасан аж. Тус холбооны спортын дарга Владимр Бартагийн ярьж буйгаар "Олимпийн тэмцээн маргааш болсон ч 113 орон чансаагаараа оролцоход бэлэн” гэжээ. Чуулганаар Африк, Мавритан, Кени зэрэг  улсын жүдо бөхийн холбоог олон улсын жүдогийн холбооны тусгай шагналаар, Япон, Солонос, Энэтхэг, Тайвань, Узбекстан, Казахстаны жүдогийн холбоог Азийн жүдо бөхийн холбооны шагналаар тус тус шагнасан байна. Бүтэн өдөр үргэлжилсэн чуулганы дараа холбооны ерөнхийлөгч Мариус Визэр зочид төлөөлөгчдийг өнөөдөр  “Лондонд-2012” оны Олимпийн наадмын жүдо бөхийн цэнгэлдэхийг үзэж сонирхохыг урьсан байна. Харин үдэш буюу өнөөдөр орой Олон улсын жүдо бөхийн холбооны 60 жилийн ойд зориулсан гала тоглолт тэднийг хүлээж байгаа ажээ.

Гала тоглолтын үеэр Дэлхийн шилдэг жүдоч болон шилдэг дасгалжуулагчийг тодруулах бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбооны 60 жилийн хүрээнд тодруулж буй энэхүү онцгой шалгаруулалтад Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд дэлхийн чансааг тасралтгүй хоёр жил гаруй хугацаанд тэргүүлж буй, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, “Оюутолгой” компанийн элч тамирчин Х.Цагаанбаатар дэлхийн шилдэг жүдочид нэр дэвшиж байгаа билээ. Харин шилдэг дасгалжуулагчийн номинацид Монгол Улсаас Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох, дасгалжуулагч Х.Болдбаатар, П.Нямлхагва, Б.Бат-Орших нар дэвшиж байгаа билээ. Гала тоглолт өнөөдөр орон нутгийн цагаар 20.00 цагт болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж