Налайх дүүрэгт байрлах Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийг хотхоноор нь хөгжүүлэхэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Сангийн яам, Германы хамтын ажиллагаа болон Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиуд дөрвөн талт хурлын тэмдэглэлд гарын үсэг зурлаа. Ингэснээр судалгааны лаборатори, номын сан бүхий цогц хотхон болж хөгжих боломж бүрдэж байна. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм “ХБНГУ-ын Хөгжлийн банкнаас санхүүжилт авахын тулд хийгдэж буй эхний ээлжийн алхам нь талууд тэмдэглэлд гарын үсэг зурах үйл явдал байлаа. Манай сургуулийн оюутан, багш нарын хувьд судалгааны лабораторитой болох зам нээгдлээ. Биднийг дэмжиж, санаачилга гаргасан салбарын яамдад талархаж байна” гэв. ХБНГУ-ын KFW хөгжлийн банкны Ази тив хариуцсан Эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах төслийн ахлах менежер Бэнжамин Грэедлэр “Энэ удаагийн Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хамтын ажиллагааг судлах шалгалтын группийн хурал амжилттай боллоо. Сургуулийн цаашдын хөгжлийн хамтын ажиллагаанд ХБНГУ-ын зүгээс олгох хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх эсэх асуудал яригдлаа. Шалгалтын явцад хөрөнгө оруулалтын тал дээр эерэг хандлагатай байгаа. Хөрөнгө оруулалт шийдэгдвэл цаашид тус сургуулийн өргөтгөл, бүтээн байгуулалтад нөлөөлөх олон ажлыг эхлүүлнэ” гэв.
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь герман стандарттай, герман инженерийн боловсролоор Монголын хүүхэд, залуучуудыг бэлтгэн гаргаж байна. Герман инженерийн боловсрол олгохын тулд төдий хэмжээний дэд бүтцийн шаардлагыг хангах хэрэгтэй болдог байна. Цаашид тус сургууль Монгол Улсын дээд боловсрол, ялангуяа инженерийн боловсролд өөрчлөлт, шинэчлэлийн томоохон алхмуудыг хийхээр төлөвлөж байгааг дурдсан юм. Германы талаас ч зөвхөн нэг удаагийн бус олон жилийн тогтвортой, урт хугацаанд үргэлжлэх санхүүжилт олгохоор зэхэж байгаа нь тус сургуулийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж талууд үзэж байна.
Эх сурвалж: БСШУСЯ