Сүүлийн жилүүдэд Монгол Улс БНСУ хоорондын харилцаа эрчимтэй хөгжиж тэр хэрээр тус улсаас оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ ч өсөн нэмэгдэж буй гэж хэлж болно. Тухайлбал, БНСУ-аас манайд 1990-2010 оны хооронд нийт 255.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бол өнгөрсөн онд 38.7 сая ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл, худалдааны эргэлтийн хувьд түнш орнуудтай харьцуулахад хамгийн өндөрт тооцогдож байгаа юм. Харин түүнийг дагуулаад тус улсын зүгээс Монгол Улсын уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхолтойгоо хүчтэй илэрхийлэх болсон.
БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Багийн энэ удаагийн айлчлал нь Тавантолгойн ордод хамтран ажиллах сонгон шалгаруулалтыг шалгаруулах үйл явц дунд болж буй учраас хэвлэлийнхний зүгээс БНСУ-ын консерциумыг Тавантолгойн ордод ажиллах стратегийн түншээр багтаахад оршиж байна гэсэн дүгнэлтийг хийчихээд байгаа. Дүгнэлт үндэслэлтэй эсэх нь энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх айлчлалын шийдлүүдээс харагдана. Ямартай ч, хөтөлбөрт тусгаснаар БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийнэ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын ерөнхийлөгчид бараалхахаар болоод буй нь Тавантолгойн ордын асуудал хөндөгдөхөөс аргагүйд хүрэх бололтой. Харин Монгол Улс хариуд нь БНСУ-аас “юу хүсэх вэ?” гэдэг одоогоор нууц хэвээр байна. Гэхдээ Гадаад харилцааны сайд Г.Занданшатар “Монгол Улсын иргэд БНСУ-д зорчихдоо визийн хөнгөлөлт эдлэх чиглэлээр ахиц гарна” гэсэн мэдэгдлийг өнгөрсөн баасан гаригт хэвлэлийнхэнд өгснийг энд онцолъё.