Герман улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Герман улсын шигшээ баг

Герман улсын шигшээ баг
  • Дасгалжуулагч: Йоахим Лёв
  • Багийн ахлагч: Мануэль Нойер
  • Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Лотер Маттеус 150 тоглолт
  • Шигшээ багтаа хамгийн олон гоол оруулсан: Мирослав Клозе 71 гоол
  • ФИФА-н чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 1
  • ДАШТ-нд оролцсон тоо: 18 удаа оролцсон бөгөөд 1930 оны ДАШТ-нд оролцоогүй бол 1950 онд ФИФА-аас оролцуулаагүй
  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 1954, 1974, 1990, 2014 онуудад алт, 1966, 1982, 1986, 2002 онуудад мөнгө, 1934, 1970, 2006, 2010 онуудад хүрэл медаль хүртсэн

Москва хүрэх замд:

ДАШТ-ний түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлж, 18 удаа тоосоо өргөхдөө найман удаа шигшээд шалгарч дөрвөн удаа дэлхийн аварга цолыг хүртэж, дөрвөн удаа хүрэл медаль хүртсэн баг бол Германы шигшээ баг. Германы шигшээ баг сайн тогловол финалдана, муу тогловол хүрэл дээр бууна гэдэг үг зүгээр ч нэг гараагүй болов уу. Энэ жил болох ДАШТ-нд мөн адил гол фаворит нь Германы шигшээ баг байх болно. Германы шигшээ багийг Й.Лёв 12 дахь жилдээ амжилттай удирдаж байна. Энэ нь Оросын ДАШТ-нд оролцох 32 шигшээ багийн дасгалжуулагч нараас шигшээ багтаа хамгийн урт хугацаанд ажиллаж байгаа эрхэм болгож байна.

Германы шигшээ баг Европын бүсээс Бельгийн шигшээ багийн дараа эрхээ авсан хоёр дахь шигшээ баг болсон. Тэрээр С хэсэгт Чех, Норвеги, Азербайжан, Сан-Марино болон Умард Ирландын шигшээ багуудтай хамт багтаж, 10 тоглолтонд 10 хожил авч Оросыг зорих эрхээ авсан. Й.Лёв дасгалжуулагчийн баг Европын бүсээс цор ганцаараа тэнцээ, хожигдолгүйгээр дэлхийн аваргын эрхээ авсан. Гэхдээ Й.Лёвт хийх ажил байгааг сүүлийн үед хийсэн нөхөрсөг тоглолтуудаас сануулсан. Учир нь Германы шигшээ багийн багтсан С хэсэгт Германы эсрэг хүчтэй өрсөлдөөн үзүүлэх шигшээ баг байгаагүй гэхэд болно. Европын хэсгийн сонгон шалгаруулалт өндөрлөсний дараа Англи, Франц, Испани болон Бразилын хүчирхэг шигшээ багуудтай нөхөрсөг тоглолт хийхэд ганц ч хожил авч чадаагүй бөгөөд гурав тэнцэж, хамгийн сүүлд Бразилд хожигдсон. Дэлхийн хүчирхэг шигшээ багуудтай хийсэн нөхөрсөг тоглолт Й.Лёвт том сануулга болсон.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

Дасгалжуулагч Й.Лёв ирэх сарын 27-нд эхний ээлжинд 30 тамирчинг албан ёсоор зарлана. Дараа нь долоон тоглогчийг үлдээж 23 тоглогчийн нэрийг зургадугаар сард зарлах ёстой. Германы шигшээ багийн онцлог бол талбай дээрх багийн ажиллагаа юм. Европын бүсийн сонгон шалгаруулалтанд Т.Мюллер, С.Вагнер нар таван гоол оруулсан бол тэдний араас дөрвөн тоглогч 3 гоол, таван тоглогч 2 гоол оруулсан. Харин Европын бүсээс бусад шигшээ багуудыг харвал Польшийн шигшээ багаас Р.Левандовский, Португалиас К.Роналдо, Бельгийн шигшээ багаас Р.Лукаку гээд ганц тоглогчоос нэлээд хамааралтай байдаг. Ямартаа ч Й.Лёвын мэдэлд “Герман машин”-ы эд ангийг бүрдүүлж буй 30 гаруй хөлбөмбөгчин байгаа.

  • Хаалгач: М.Нойер (Бавари Мюнхен),  ТерШтеген (Барселона), К.Трапп (ПСЖ), Б.Лено (Байер Леверкузен). Германы шигшээ багийн хаалгачид  үргэлж шилдгүүд байсаар ирсэн. Е.Леманн, О.Кан гээд шилдгүүдийг залгаж өнөө цагт М.Нойер, Тер Штеген гэх мэт Европын шилдэг хаалгачид бий. Гэхдээ энэ жил шигшээ багийн ахлагч М.Нойерын хувьд багагүй бэрхшээлтэй тулгарч байна. Бэртлийн улмаас энэ улирлыг ерөнхийдөө талбайн гадна өнгөрүүлж байгаа. Одоогоор түүний бэртэл илааршиж байгаа бөгөөд эхний ээлжинд шигшээ багтаа дуудагдаж дэлхийн аваргыг зорихын тулд ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн. Дэлхийн аваргаар номер нэг хаалгач хэн байх уу гэдэг нь тун сонирхолтой байна.
  • Хамгаалагч: Ж.Боатенг (Бавари Мюнхен), М.Хуммельс (Бавари Мюнхен), Й.Хектор (Кёлн), Ж.Киммих (Бавари Мюнхен), А.Рюдигер (Челси), Ш.Мустафи (Арсенал), М.Гинтер (Боруссиа Мюнхенгладбах), Н.Зюле (Бавари Мюнхен), М.Платтенхардт (Херта Берлин). Б.Хенрикс (Байер Леверкузен), М.Хальстенберг (Лайпциг). Шигшээ багийн хамгаалалтын гол тоглогчид нь нэг клубын тоглогчид юм. Төвдөө Ж.Боатенг болон М.Хуммельс нар гэхэд Бавари Мюнхен багт хамтдаа тоглож байгаа бол дөрвөн жилийн өмнөх дэлхийн аварга цолыг хамтдаа хүртэж байсан. Хамгаалагч нарын ойлголцол дэндүү сайн байх болов уу?
  • Хагас хамгаалагч: М.Өзил (Арсенал), Т.Кроос (Реал Мадрид), С.Хедира (Ювентус), М.Гёце (Боруссиа Дортмунд), Ж.Дракслер (ПСЖ), И.Гюндоган (Манчестер Сити), С.Рюди (Бавари Мюнхен), Э.Жан (Ливерпүүл), Л.Горецка (Шальке04), Ж.Брандт (Байер Леверкузен), Л.Санэ (Манчестер Сити), С.Гнабри (Хоффенхайм), Д.Демме (Лайпциг). Германы шигшээ баг цус сэлбэлтийг хамгийн сайн хийж чаддаг. Одоо энэ багт дундын шугаманд Ж.Дракслер, Л.Горецка, Ж.Брэндт, Л.Санэ, С.Грабри нарын залуус гарч ирч байна. Ялангуяа Л.Санэ, Ж.Дракслер нар ачааны голыг нугалах тоглогчид юм.
  • Довтлогч: Т.Мюллер (Бавари Мюнхен), М.Гомез (Штутгарт), Т.Вернер (Лайпциг), Л.Стиндл (Боруссиа Мюнхенгладбах), С.Вагнер (Бавари Мюнхен). Нэгэн цаг үед Германы шигшээ багт “алтан толгой” М.Клозе хэмээх ДАШТ-ний түүхэнд хамгийн олон гоол оруулсан шилдэг довтлогч байсан. Харин түүнээс хойш цэвэр урд тоглох үзүүрийн довтлогч байхгүй байна гэхэд буруудахгүй болов уу? Т.Мюллер бол энэ цаг үеийн Германы шигшээ багийн гол довтолгоог үүрч яваа. Мэдээж энэ удаагийн Дэлхийн аваргад шигшээ багийнхаа довтолгооны гол “хөзөр” байна.

ДАШТ-ний хэсэг:

Германы шигшээ баг энэ удаагийн ДАШТ-нд F хэсэгт Швед, Мексик болон Өмнөд Солонгосын шигшээ багуудтай тулна. Европын бүсээс амархан гарч ирсэн бол энэ удаагийн дэлхийн аваргын хэсгийн багууд нь тийм ч амар өрсөлдөгчид биш. Ялангуяа Швед, Мексикийн шигшээ багуудтай хийх тоглолт өрсөлдөөнтэй байх болов уу. Шведүүд Европын бүсээс плэй-оффын тоглолт хийж Италийн шигшээг буулган авч дэлхийн аваргад ирсэн. Мексикийн шигшээ баг бол Хойд Америк болон Карибын тэнгисийн бүсээс нэгдүгээрт шалгарсан. Германы шигшээ баг хэсгийн эхний хоёр тоглолтоо Мексик, Шведийн багуудтай хийнэ. Энэ бол тун чухал тоглолт байх учиртай. Хэсгээ тэргүүлсэн тохиолдолд шөвгийн найм бол шууд харагдаж байгаа. Мэдээж Германы шигшээ баг муу тогловол хүрэл дээр бууна, сайн тогловол финалдана. Энэ бол зүгээр ч нэг хоосон үг биш болов уу?

Багийн түлхүүр тоглогч:

Мэдээж энэ баг дээр хэлсэнчлэн багийн ажиллагаа тун сайн. Багийн энэ цаг үеийн тулгуур болсон олон шилдэг тоглогчид бий. Харин Лайпциг багийн Т.Вернер болон Манчестер Ситигийн Л.Санэ гэсэн хоёр залуу тоглогч форм сайтай байгаа. Тэд клубтээ болон шигшээ багтаа сүүлийн үед тогтмол дуудагдаж байгаа бөгөөд Т.Вернерийн хувьд шигшээ багтаа 12 тоглолтонд оролцож долоон гоол оруулаад байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж