Клиник судалгааны дүнд гарган авсан биоматериалыг хилээр хэрхэн гаргах журмыг ОХУ-ын Засгийн газар гаргалаа. Шинэ журмыг Засгийн газрын эрх зүйн баримт бичиг нийтэлдэг албан сайтад нийтэлсэн байна. Журамд өгүүлснээр ийм материалыг хилээр гаргахын тулд Эрүүл мэндийн яамнаас дүгнэлт гаргуулах аж. Гэхдээ энэ дүгнэлтээ уг материалыг хилээр гаргахаас дор хаяж нэг жилийн өмнө гаргуулсан байх ёстой гэнэ. Бас ийм дүгнэлт гаргуулах эрхтэй байгууллага нь уг судалгааг эрхлэн хийсэн байх ёстойг журамд тусгажээ.
Дүгнэлт гаргуулах хүсэлтэд байгууллагын нэр, хаяг, уг судалгааг явуулахад авсан зөвшөөрөл, материалыг аль улс руу гаргах гэж байгаа, ямар зорилгоор хэчнээн ширхэг, ямар төрлийн материал байх, хилээр гаргахдаа ямар сав баглаа боодолтой байхыг тодорхой бичих учиртай. Мөн хүсэлт гаргаж байгаа байгууллагын улсын бүртгэл, тусгай зөвшөөрлийн хуулбар, татварын албаны тодорхойлолт, судалгааг хариуцан хийсэн хүний зөвшөөрөл зэргийг бас бүрдүүлнэ.
Биоматериалыг хүлээн авсан улс авснаас хойш 10 хоногийн дотор ОХУ-ын Эрүүл мэндийн яаманд хүлээн авсан өөрийн байгууллагын тодорхой мэдээлэл, хүлээн авсан биоматериалууд яг хаана, ямар хаягаар хадгалагдаж байгаа, хэчнээн ширхгийг хүлээн авсан, ямар судалгаанд ашиглах гэж байгаагаа бичиж ирүүлэх юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ