Энэ бол Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын төв телевиз 44 жилийн дараа “Хүндэт тэргүүн хатагтай” хэмээх үгийг нэвтрүүлсэн түүхт өдөр. Өнөөг хүртэл БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны “хамтран зүтгэгч”-ийн хувиар нэрлэгдэж явсан Ри Сол Жи хэмээх бүсгүйд энэ эрхэм алдраар дуудуулах хувь тохиожээ. Хаалттай орны удирдагчийн гэр бүлийн байдал саяхныг болтол дэлхий нийтэд ойлгомжгүй хэвээр байсаар ирсэн. Тийм ч учраас энэ талын баталгаатай мэдээлэл олоход учир дутагдалтай байсан цаг үе ийнхүү дуусгавар болов.
Ри Сол Жигийн талаар хувийн мэдээлэл хомс тул түүний төрсөн он сар өдөр болоод жинхэнэ нэр нь хүртэл эргэлзээ дагуулдаг. Ямартай ч дэлхий нийт түүнийг ойролцоогоор 30 орчим настай гэх хувилбарыг илүүтэй үнэмшин хүлээн авч байна.
2012 оны долоодугаар сар
Ким Жон Уныг төрийн эрх барьж эхэлсэн үеэс жил орчмын дараа буюу 2012 онд БНАСАУлсын төв телевизээр Ким Жон Ун нэгэн эмэгтэйн хамтаар хэд хэдэн удаа харагддаг болов. Өмнөд Солонгосын тагнуулын алба түүнийг хэн болохыг нь тогтоох гэж оролдсоны дүнд “Хойд Солонгосын охидын хамтлаг болох Почонбо хамтлагийн гишүүн Хён Сон-вол” хэмээн таамагласан ч төд удалгүй Хойд Солонгосын төв телевизээр дамжуулан “удирдагчийн дэргэд байгаа эмэгтэй бол удирдагчийн гэргий, хамтран зүтгэгч Ри Сол Жи” хэмээн Өмнөдийн таамгийг хариу няцааж байжээ.
Өмнөд Солонгосын тагнуулын албаны тогтоосноор тэрбээр эгэл жирийн айлын охин, аав нь багш профессор ээж нь эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй гэжээ. Пхеньянд дунд сургуулийн боловсрол дүүргэсэн тэрбээр хожим нь Хятад улсад гоцлол дуулаачийн мэргэжил эзэмшиж, улсынхаа Унасу нэртэй симфони оркесторт дуулаачаар ажиллаж байсан байна.
Албан бус мэдээллээр, Хойд Солонгосын эрх баригчид түүний өнгөрсөн амьдралын урлагийн холбоотой үеийг хадгалсан бичлэг CD зэргийг устгах чиглэлд ажилласан гэх нь бий. Өдгөө Ри Сол Жи нь Ким Ир Сений нэрэмжит их сургуульд шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа юм байна.
2013 оны нэгдүгээр сар
Үе үе телевизээр ард түмэндээ харагддаг болж эхэлсэн Ри Сол Жи 2012 оны аравдугаар сараас хойш үзэгдэхээ больж чимээгүй байх болсон нь түүнийг бие давхар болсон байж болзошгүй гэсэн таамгийг дагуулсан. Үүнээс хэдэн сарын дараа Ри Сол Жи нөхрийн хамтаар дахин телевизээр гарах үедээ анзаарагдахуйц том гэдэстэй байсан гэдэг. Гэвч албаны зүгээс энэ талаар ямар ч байр суурь илэрхийлж байсангүй.
2014 оны нэгдүгээр сар
Ким Жон Унтай дотно нөхөрлөдөг NBA-ийн тоглогч асан Денис Родман 2014 оны нэгдүгээр сард Хойд Солонгост зочилж очсоныхоо дараа “The Sun” сонинд өгсөн ярилцлагадаа Ри эрүүл чийрэг охин төрүүлсэн талаар дурдсан бол түүнээс хагас жилийн дараа “The Guardian” сэтгүүлд Ким Жон Уныг сайхан гэр бүлтэй, сайн аав төдийгүй охиных нь нэрийг Ким Жү-Эй гэж нэрлэсэн мэдээг хуваалцсан байна.
Тэргүүн хатагтайн хувиар анх удаа олны өмнө гарч, “Жизель” балетийг үзэж байгаа нь /2018 оны дөрөвдүгээр сар/
Сонирхолтой нь, Өмнөд Солонгосын тагнуулын газрын албан ёсны мэдээллээр “Ри Сол Жи 2010 онд эрэгтэй хүүхэд төрүүлсэн байх магадлалтай. Түүнээс гадна 2017 оны хоёрдугаар сард гурав дахиа амаржсан. Отгон хүүхдийн хүйс хараахан тодорхой болоогүй” талаар мэдээлсэн байна. Одоо дэлхий нийт Ри Сол Жигийн талаар нөхөр Ким Жон Унд гурван хүүхэд төрүүлж өгсөн хэмээх хамгийн магадлал өндөр хувилбартай үлдэж байна. Мэдээж энэ хугацаанд тэдний хурим, хүүхдүүдийн талаар нэг ч баримт гэрэл зураг олон нийтэд дэлгэгдэж байгаагүй. BBC агентлаг хэдэн жилийн өмнө Ким Жон Уны аав болох БНАСАУ-ын өмнөх удирдагч Ким Чен Ирийг 2008 онд цус харваж бие нь муудсаны улмаас хүүгийнхээ гэрлэлтийг яаравчилж, улмаар хосууд 2009 онд гэр бүл болсон талаархи өгүүллийг нийтэлж байжээ.
2018 оны гуравдугаар сар
Сар гаруйн өмнө БНАСАУ-ын түүхэнд онцгой явдал тохиосон нь Ким Жон Ун анх удаагаа гадаад айлчлал хийсэн явдал байв. Айлчлалын үеэр гэргийгээ дагуулан Бүгд Найрамдах Хятад ард улсад галт тэргээр буусан нь дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж, Ри Сол Жигийн сүүлийн үеийн гэрэл зургууд интернет орчинд урьд өмнө байгаагүй их хэмжээгээр цацагдах завшаан болов.
Энэхүү үйл явдлын араас төд удалгүй Ри Сол Жиг Тэргүүн хатагтай хэмээн зарласан явдал нь хэлэлцээрийн шатандаа яваа Ким Жон Ун болон Доналд Трампийн түүхэн уулзалтад зориулан урдаас авч буй шийдвэрт алхам гэж харах хүмүүс цөөнгүй байна.
БНАСАУ-ын төв телевизээр гарч байгаа нь. /2018 оны дөрөвдүгээр сар/.
Г.Сүмбээ
Эх сурвалж: “The Guardian”, “BBC”, “CNN”
Холбоотой мэдээ