Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний түүхт 70 жил, монгол хүн боксын төрлөөр олимпийн медаль хүртсэний 30 жил, Монгол Улс боксын спортын олимпийн аваргатай болсоны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн олон ойтой 2018 онд олимп, дэлхийн алдартнуудын залгамж халаа болсон залуучууд эдгээр өдрүүдэд Тайландын Бангкок хотод болж буй залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байгаа талар бид мэдээлсэн. Өнөөдөр медалийн төлөө үлдсэн гурван тамирчин медалийн өнгийг хувиргах шийдвэрлэх тулааныг хийх гэж байна.
Есөн тамирчин оролцож байгаагаас гурав нь хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар үлдээд байна. Тэдний дунд эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Э.Мичидмаа, 69 кг-ын жинд Н.Ану нар багтсан бөгөөд тэд түүхэн амжилтыг үзүүллээ.
Манай эмэгтэй боксчид Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс өмнө нь медаль авч байгаагүй аж. Тэгвэл энэ удаа хоёр тамирчин БНХАУ, Вьетнам, Киргизстан зэрэг орны боксчдыг хожиж, хүрэл медалийн болзол хангаад байна.
Э.Мичидмаа залуучуудын шигшээ баг, “Эрдэнэт бокс” клубын тамирчин бол Н.Ану “Топ ринг” клубт харьяалагддаг.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд О.Тулга Тайвань, Киргизстаны боксчдыг хожиж, хүрэл медалийн болзол хангасан. Тэрбээр өнөөдөр Энэтхэгийн тамирчинтай мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө.
Боксын залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш өндөрлөх бөгөөд тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.