Генералуудад барьсан "бэлэг"

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Генералуудад барьсан "бэлэг"

Генералуудад барьсан  "бэлэг"

“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Батлан хамгаалах яам тэр дундаа генералуудын асуудлыг онцлон хүргэж байна.

“Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласан генерал хэмээх цэргийн дээд цолыг БНМАУ- ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх 11 хүнд олгосноор монголын арми, зэвсэгт хүчин дэлхийн жишгээр жигдэрчээ. Армийн генерал цолыг 1971 онд Б. Доржид, хурандаа генерал цолыг 1961 онд Ж. Лхагвасүрэнд, дэслэгч генерал цолыг 1944 онд Ж.Лхагвасүрэн, Ю.Цэдэнбал нарт, хошууч генерал цолыг 1944 онд Д.Дамдинхүү нарын есөн хүнд, бригадын генерал цолыг 2006 онд Н.Энхбаялагт тус тус анх олгож, тэд цол бүрийнхээ анхдагчид болж байжээ. 

Монгол улсын генералууд дунд улсын маршал гурав, армийн генерал хоёр, хурандаа генерал найм, дэслэгч генерал 18, хошууч генерал 107, бригадын генерал цолтон 28 төрсөн байдаг. Дашрамд дурдахад, маршал Ю.Цэдэнбал 1944 онд 28 настайдаа генерал болж байв. Одоогоор хамгийн отгон генерал нь Бригадын генерал Ш.Лхачинжав, Б.Билэгт нар юм. Генералуудаас УИХ, Засгийн газрын гишүүн, сайд, дэд сайд зэрэг төрийн дээд албан тушаал хашсан 14 хүн байдаг аж. 

Генералын хүүхдүүдээс офицер олноор төрсөн ч генералын хүү генерал болсон нь хурандаа генерал Б.Цогийн хүү хошууч генерал, техникийн шинжлэх ухааны доктор Ц.Геннадий байдаг байна. 
Монгол улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаас 170 цэргийн дээд цолтон төрсөн бөгөөд тэдний 100 гаруй нь амьд сэрүүн байгаа ажээ. Хамгийн их генерал төрсөн аймаг бол Завхан аймаг бөгөөд нийт 18 генерал төрсөн байна. Харин Архангай аймгийн харьяат 16, Говь-Алтай аймгийн харьяат 16 генерал байдаг аж.  Дөрөвдүгээр сарын 28-нд буюу хоёрхон хоногийн дараа Монгол Генералуудын өдөр тохионо. Харин энэ өдрийг угтаж Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын 170 генералын гурвынх нь цолыг хасч, ‘бэлэг’ барилаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөрөвдүгээр сарын 24-нд зарлиг гаргаж, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хассан билээ.

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж