Б.Хурцыг томилох хүсэлтээ Солонгос руу хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг томилох хүсэлтээ Солонгос руу хүргүүлжээ

Б.Хурцыг томилох хүсэлтээ Солонгос руу хүргүүлжээ

Монгол Улсыг гадаад улсад төлөөлөх Элчин сайдуудыг Засгийн газар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-д өргөн мэдүүлдэг. Харин УИХ Элчин сайдуудыг томилох эсэхийг шийдвэрлэдэг.  Өнгөрөгч 2017 оны долдугаар сараас хойш АНУ, Япон, Канад улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдуудаа томилохгүй байсаар өдийг хүрсэн. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс АНУ-д Элчин сайдаар БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаярыг томилж, итгэмжлэхийг нь гардуулсан. Харин Япон болон Канад улсад суух Элчин сайдуудын томилгоог хэзээ хийх нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсад суух Элчин сайдаар Д.Батжаргал, Канад Улсад суух Элчин сайдаар Я.Ариунболд нарыг томилохоор Засгийн газраас өргөн мэдүүлэхээр болжээ. Үүнтэй зэрэгцэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад болон Швед улсын Элчин сайд нарыг эгүүлэн татаж, орлон суух Элчин сайдуудыг томилохоор өргөн барьжээ. Тодруулбал,

Шведийн Вант улсад суух Элчин сайдаар О.Энхцэцэг, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад улсад суух Элчин сайдаар Н.Тулга нарыг томилохоор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. Засгийн газар маргааш буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, Элчин сайдуудыг эгүүлэн татах, шинээр томилох асуудлыг хэлэлцэж, УИХ-д өргөн барих юм байна.

Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарын оронд Я.Ариунболд, Д.Батжаргал нарыг томилно

Ерөнхийлөгчийн зүгээс Япон Улсад  Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн Г.Тэнгэр болон Канад улсад суух Элчин сайд Н.Чимгүүндарь нарыг томилохгүй, өөр хүмүүс оруулж ирэхийг үүрэг болгосон. Япон Улсад Элчин сайдаар томилохоор нэр дэвшиж байсан Г.Тэнгэр нь Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан. Харин Канадад суухаар нэр дэвшсэн Элчин сайд Н.Чимгүүндарийг тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, түүнийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр татгалзаад байсан юм. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын санал болгож буйгаар Япон улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар одоогийн Япон улсад суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Батжаргалыг улираан томилох нь зүйтэй гэж үзжээ. Харин Канад улсад суух онц бөгөөд бүрэн эрх Элчин сайдаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Я.Ариунболдыг томилохоор Засгийн газарт оруулахаар болжээ. Тэдний хувьд Гадаад харилцааны яаманд олон жил ажилласан, туршлагатай, Элчин сайдаар томилогдох нөхцөлийг хангаж байгаа гэж үзжээ.

С.Баяр, М.Энхсайхан нарын оронд О.Энхцэцэг, Н.Тулга нарыг томилно

Шведийн вант улсад суух Элчин сайд М.Энхсайхан болон Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татахаар болсон. С.Баярын хувьд өөрийн хүсэлтээр Элчин сайдын ажлаа өгөхөөр болсон бөгөөд одоогоор АТГ-аас түүнийг саатуулаад байгаа юм. АТГ-аас С.Баярыг Оюутолгойн гэрээ болон Эрдэнэт үйлдвэрийн асуудалтай холбогдуулан шалгах явцад, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тиймээс түүнийг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр цагдан хорьсон юм. С.Баярын оронд Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад Элчин сайдаар Н.Тулгыг томилохоор болсон байна. Н.Тулга нь С.Баярыг томилогдохоос өмнө буюу 2013-2016 онд тус улсад суух бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд одоо Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн  орнуудын газрын зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

Мөн Шведийн ванд улсад суух Элчин сайд М.Энхсайханыг  Засгийн газраас эгүүлэн татахаар болсон байна. Түүнийг гуравдугаар сарын 26-нд АТГ-т ирж байцаалт өгөх дуудах хуудас хүргүүлсний дагуу тэрээр ирж байцаалт өгөөд буцсан. Тэгвэл маргаашийн Засгийн газрын хуралдаанаар түүнийг эгүүлэн татаж, түүний оронд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга О.Энхцэцэгийг томилохоор болжээ.

Б.Хурцыг томилуулах хүсэлтээ БНСУ-д хүргүүлжээ

Элчин сайд нарын томилгооноос хамгийн их дуулиан тарьсан хүн бол БНСУ-д Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн Б.Хурц. Б.Хурцыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, Засгийн газраас оруулж ирсэн. Харин УИХ түүнийг томилох асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан нээлттэй сонсгол зохион байгуулсан. Энэ мэтчилэн түүнийг томилох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр маш их маргаан дагуулсан ч УИХ-ын гишүүдийн олонх дэмжиж түүнийг БНСУ-д суух онц бөгөөд Элчин сайдаар томилохыг дэмжсэн юм. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс итгэмжлэх жуух бичгээ гардуулаагүй байгаа юм. БНСУ-ын талд Б.Хурцыг томилох саналаа хүргүүлсэн бөгөөд зөвшөөрсөн хариу ирвэл түүнийг томилох боломжтой юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж