Залилагчид 56.5 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Залилагчид 56.5 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Залилагчид  56.5 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч А.Мөнхсувд, болон Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Цогтсайхан нар өчигдөр мэдээлэл хийсэн. Сүүлийн үед иргэд, аж ахуй нэгжийг залилах гэмт хэргийн гаралт өссөн дүнтэй гарчээ. Ялангуяа сүлжээний бизнес, хөрөнгө оруулалт зэрэг нэрийдлээр иргэдээс их хэмжээний мөнгө авах залилангийн гэмт хэрэг гарах болжээ. Залилангийн гэмт хэрэгт ихэвчлэн мэдээлэл багатай, хурдан хугацаанд мөнгөө өсгөх, хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэдийн хүсэл дээр залилагчид тоглож байна гэдгийг албаныхан хэлж буй. 

Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Цогтсайханы хэлснээр  “Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн гэмт  хэргийн статистик тоон мэдээллээс харахад 2016 онд 7,9 хувь, 2017 онд 9,2 хувь энэ  оны эхний гурван сарын байдлаар гэхэд 12,7  хувийг зөвхөн  залилах гэмт хэрэг эзэлж  байна. Энэ дундаас он гарснаар хөдөө орон нутаг болон  нийслэлийн хэмжээнд нийт дөрөв орчим хөрөнгө оруулалтын сан гэх нэрээр иргэдийг төөрөгдөлд оруулж, их хэмжээний мөнгө төвлөрүүлсэн асуудлыг шалгаж байна. Залилангийн гэмт хэргээс болж 56.5 тэрбум төгрөгийн хөрөнгийн хохирол учраад байна. Жил хүрэхгүй хугацаанд 35 мянган   иргэн залилан мэхлэх гэмт хэргээс болж хохирсон.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн статистикаас харахад 2016-2018 онд залилах гэмт хэргийн тоон үзүүлэлт дандаа өссөн дүнтэй байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх, урьдчилан сэргийлэх талаар иргэдэд урьдчилан сэргийлэх сарын аян  цагдаагийн байгууллагаас эхлүүлжээ. Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ тавдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм байна. Аяны хүрээнд залилах гэмт хэргийн тоог бууруулах, иргэдэд залилах гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах юм байна. Хамгийн гол нь иргэд өөрсдөө хөрөнгө оруулж байгаа зүйл нь бодитой эсэх, өндөр хүү, хурдан ашиг орлого амлаж байгаа бол сайтар нягтлах, судлах ёстой гэдгийг албаныхан анхааруулж байгаа юм. 

Э.Бурам 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж