Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гурван генералын цолыг хураасан. Үүнтэй холбоотой болон бусад цаг үеийн асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гурван генералын цолыг хураалаа. Цол хураах үндэслэл болон шаардлага юу байв?
-Ерөнхийлөгч цол хураах үүрэгтэй. Түүнээс хэн нэгэн генералтай муудалцахаараа цол хураадаг юм биш. Эрүүгийн хэргээр шийдэгдэж, ял авсан хүмүүсийн цолыг хураах хуультай. Генерал гэдэг цол зөвхөн Монгол Улсын иргэнд зориулагдсан байдаг. Тухайлбал, Генерал цолтой байсан Х.Жекейгийн цолыг Казакстан улсын иргэн болсон учраас хураасан. Энэ мэт цол хураах тодорхой хууль, журамтай. Түүнийг үндэслэн цол хураасан.
-Олон нийтийн дунд энэ гурван хүний цолыг хураах ёсгүй байсан, хураах нь зөв гэсэн маргаан гарч байна. Бүр цолыг нь хураах ёстой хүмүүс ч бий гэж байна. Тухайлбал, Казино Д.Энхбаатар гэх мэт хүмүүсийн генерал цолыг хураах ёстой гэх шүүмжлэл гараад байна?
-Ч.Амарболд гэхэд 2008 оны долдугаар сарын 1-ний хэргээр шийтгэгдэж, ялаа эдлээд гарсан хүн. Түүнээс хийсэн бүтээснийг нь зөв буруу гэж дүгнээгүй, шийтгэгдэж, ял авсан учраас цолыг нь хураах шийдвэр Ерөнхийлөгч гаргасан. Казино Д.Энхбаатарын хувьд ял эдэлж байхдаа генерал цолгүй байсан. Казиногийн хэргээр ял эдэлж гарч ирээд, Батлан хамгаалах яаманд ажиллаж байгаад генерал цол авсан. Гэмт хэрэг хийх үедээ цолтой байсан хүмүүсийн цолыг хураах хуультай. Нэгэнт гэмт хэрэг хийсэн бол цолыг нь хураах ёстой гэсэн хууль байгаа, түүний хүрээнд л ажилласан. Зөвхөн генерал цол хураагаагүй. Хууль зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргасан бол Ерөнхийлөгчийн өгдөг бүх цолыг хураана. Саяхан Монгол бөхийн холбооны маргаантай холбогдуулан Дархан аваргаас эхлээд цолыг нь хураана, эв зүйгээ ол гэсэн үүрэг өгсөн. Жил бүрийн нэгдүгээр сард тухайн жилдээ гарсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цол авсан хүн ийм ял шийтгүүлсэн гэсэн мэдээлэл шүүхээс мэдээлэл нь ирдэг.
Жилд дунджаар 10-15 хүний цолыг хураадаг гэсэн статистик тоо байдаг. Генералууд гэхэд олны танил учраас л хүн бүр мэдээд байгаа болохоос гэмт хэрэгт холбогдсон өөр олон хүний цолыг хураадаг.
-Генерал цолтой хүний цолыг өмнө нь хурааж байсан тохиолдол бий юу?
-Байхгүй. Анх удаа генералуудын цолыг хурааж байгаа юм байна. Саяхан Дүнжингарав уралдааныг Засгийн газрын тогтоолгүйгээр, хууль зөрчиж харанхуй шөнө зохион байгуулсан уяачдын холбооны удирдлагуудын цолыг хураах гэж байна. Тухайн Дүнжингарав уралдааныг зохион байгуулахыг зөвшөөрсөн Уяачдын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Дагвадорж болон нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын тод манлай, алдарт уяач цолыг нь хураах зарлиг энэ долоо хоногт гарна. Тэгэхээр дахин ийм зүйл давтагдуулахгүйн тулд сургамж болгож байгаа юм. Х.Баттулга Ерөнхийлөгч гарч ирээд ямар их цол хураадаг, яагаад АТГ-ын даргыг солино гэж байна вэ гэх мэт олон нийтийн дунд яригдаж байна. Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа хариуцлага тооцно, гэмт хэрэг, авлига, хээл хахууль авч байгаа албан тушаалтнуудад хуулийн байгууллага хариуцлага тооцох ёстой. Тиймээс өөрийн хийж чадах хэмжээнд нийгэмд хариуцлагын тогтолцоог хийе гэж хэлсэн. Зөвхөн үүгээр зогсохгүй өөрийн томилдог шүүгч, прокурорыг ажлаа хийж чадахгүй бол явуулаад, чаддаг хүнийг нь томилно.
-АТГ-ын даргын үүрэгт хугацаа дуусаагүй байхад Ерөнхийлөгч шинэ хүн томилно гээд санал асуулга авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм биш үү?
-Хууль зөрчиж байгаа биш хамгийн их хууль биелүүлж байгаа ажлыг Ерөнхийлөгч хийж байгаа. Үндсэн хуулийн 3.1 “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт бий. Тэгэхээр Ерөнхийлөгч төрийн үйл хэрэгт шууд болон сонгосон хүмүүсээр дамжиж оролцоно гэсэн үг. Төрийн эрх барих үйл хэрэгт ард түмэн шууд оролц, би санал болгоё гэсэн зарчмаар ажиллаж байгаа. Олон нийтийн зүгээ олон хүнийг нэрлэж байна. Гэхдээ АТГ-ын дарга, дэд даргад тодорхой шаардлага тавьсан байгаа. Тухайлбал, өмнөх дөрвөн жил УИХ-ын гишүүн, сайд байсан хүмүүсийн хэн нь ч АТГ-ын дарга хийхгүй. Хуульч биш бол тэнцэхгүй гэх мэт шаардлагууд бий.
-Та АТГ-ын даргад нэр дэвших боломжгүй юм байна, тийм үү?
-Өмнөх парламентын гишүүн, сайд нар нэр дэвших боломжгүй.
-Оюутолгойн гэрээтэй холбогдуулан хоёр ч Ерөнхий сайдыг хорьсон байгаа. Ерөнхийлөгч энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа юм бол?
-Хуулийн байгууллагын шалгаж байгаа асуудалд Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлэхгүй. Оюутолгойн гэрээг шалгасан асуудлаар хоёр ч Ерөнхий сайд байсан хүнийг барьж хорьсон гэсэн худал мэдээлэл яваад байна. С.Баяр гэдэг хүнийг Оюутолгойн гэрээ биш долоон байшингийн хэргээр шалгагдаж байгаа байх гэж бодож байна. Ч.Сайханбилэгийг Оюутолгойн гэрээний үргэлжлэл Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа. Түүнээс 2009 оны гэрээг буруу хийсэн барьж, шалгасан зүйл байхгүй юм билээ. Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой.
-Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьснаас Арбитрын шүүхэд ялагдсан гэх мэдээлэл гараад байгаа шүү дээ?
-Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргаж, зээл авсан асуудалтай холбоотой бүх хүн өнөөдөр амьд сэрүүн байна. Хэн нэгэн хүн улсын компанийг барьцаалж зээл аваад, алга болоод улсын компани өрийг нь төлдөг байж болохгүй. Ийм хэрэг хийсэн хүмүүсийг бүгдийг нь шалгаж, мөнгийг нь төлүүлэх ёстой. Энэ мөнгө оргүй алга болно гэж байхгүй. Банкны гүйлгээгээр хаашаа орсон, гарсан нь ил тод байгаа. Засгийн газар Арбитрт мөнгө төлж болохгүй. Буруутай хүмүүсээр нь төлүүлэх ёстой.
-Ерөнхийлөгч бага насны хүүхдийн хүчирхийлэлд цаазын ялыг сэргээх саналаа Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санал авахаар хүргүүлсэн ч татгалзсан байсан?
-Өмнөх УИХ Эрүүгийн хуулийг батлахдаа цаазын ялгүй баталсан. Цаазын ял цөөн гэмт хэрэгт оноодог. Үндсэн хуулийн 16.Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ 1-т “амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан. Тэгэхээр Эрүүгийн хуульд заахгүй байж болно гэж байгаа юм. Тухайн УИХ-ын бүрэн эрх. Энэ УИХ бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг олноор гарч байгаа үед бууруулахын тулд зөвхөн энэ хэрэгт цаазын ялыг сэргээн хэрэглэвэл яасан юм бэ гэдэг саналаа хуулийн төсөл өргөн барина. Хуулийн төсөл өргөн барьдаг журмын дагуу хэлэлцүүлэг хийж, өргөн барина. Батлах эсэх нь УИХ-ын өөрийнх нь эрх.
-Засгийн газрын хуралдаанаар зарим Элчин сайд нарыг эргүүлэн татах, шинээр томилох асуудлыг хэлэлцэх байсан ч хойшилсон байна. Ерөнхийлөгчийн зүгээс хэд хэдэн Элчин сайд нарыг оруулж ирж байгаа гэх мэдээлэл байна?
-Ерөнхийлөгч Элчин сайдаар гадаад яаманд ажиллаж байгаагүй хүмүүсийг хориглосон. Ерөнхийлөгчийн зүгээс хэн нэгнийг санал болгож оруулаагүй. Гадаад яаманд ажиллаж байсан туршлагатай, шат дамжлагаараа Элчин сайд болох боломжтой хүмүүсийг томил гэсэн. Түүний дагуу Гадаад харилцааны сайд яамнаасаа Элчин сайдаар томилох дөрвөн хүнийг сонгож, Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болсон.
Ш.ЧИМЭГ