Улаан асрын зүүд (120-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (120-р бүлэг)

Улаан асрын зүүд (120-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ

ГАО Э


Зуун хорьдугаар бүлэг

УЧРАЛ БАРИЛДЛАГЫН ЯВДЛЫГ ЖЭНЬ ШЫ ИНЬ НАРИЙВЧИЛЖ, УЛААН АСРЫН ЗҮҮДИЙГ ЖЯ ЮЙ ЦҮНЬ ХУРААНГУЙЛАВ

Тэгээд Бао Чай “Ши Рэнь болохгүй болов” гэхийг сонсоод яаран орж үзвэл, Чяо Же, Пин Эр нар дагалдан орж үзэв. Ши Рэний зүрх өвдсөнөөс болж амьсгал нь түр зуур тасарчээ. Бао Чай буцалсан ус өгөв. Төдөлгүй сэргэв. Тэгээд эмч залахаар хүн явуулав. Чяо Же,

-Ши Рэнь эгч яагаад ингэж хүнд өвчлөв гэсэнд

-Тэр орой уйлсаар зүрх нь гэмтээд манарч унасанд тайтай хүнээр түшүүлэн авчруулаад хэвтүүлснээс хойш босоогүй юм. Гаднах хэрэг учир олон болоод эмч залж завдахгүй байтал ийм болчихлоо гэв. Эмч хүрч ирэв. Бао Чай нар гарав. Эмч судас бариад “Цухалдан уурласнаас болжээ” гээд жор бичив.

Уг нь Бао Юй ирэхгүй бол түүний гэрийн хүмүүс цөм явна гэж бүүр түүр ярилцахыг сонсоод Ши Рэнь гэнэт цухалдаж бие нь мууджээ. Эмч ирж үзсэний дараа Чю Вэнийг тэнд эм чанах зуур, ганцаар ухаантай, ухаангүй хэвтсээр байтал өмнө нь Бао Юй зогсож байх мэт болж бас нэг хуушаан ч байх шиг, тэр нэг дэвтэр бариад сөхөн үзсэнээ “Чи бол миний хүн биш, хожим лав орноо олноо” гэх шиг санагдав. Ши Рэнь түүнтэй яръя гэтэл Чю Вэнь ирээд: “Эм чаначихлаа. Эгч эмээ уу” гэсэнд Ши Рэнь харвал зүүдэлснээ мэдээд, хүнд хэлсэнгүй. Эмээ уучихаад нарийвчлан бодвол “Бао Юй лав хуушааныг дагаад явжээ. Тэр удаа хашаан аваад явъя гэсэн нь, оргох санаатай байсан хэрэг. Намайг очиж зуурахад ерийн биш, хайр найргүй нударч түлхэж байсан. Сүүлдээ эр найнайг ч жигших болсныг үзвэл, бодь мөрийг ухаарлаа гээд Эр найнайг хаяж яаж болно вэ. Намайг тайтай ирүүлж чамайг асруулсан. Сарын мөнгийг саадгүй олгосон боловч би ер Лаое, тайтайгийн өмнө, чиний гэрийн хүн болов гэж мэдүүлсэнгүй. Лаое тайтай нар хэрэв намайг гаргана гэхэд би үхэн зуурвал бусдын элэг доог болно. Би гараад явбал Бао Юйгийн намайг санаж ирсэн сэтгэлийг яах юм бэ” гэхчилэн эргүүлэн тойруулан бодсоор сүүлдээ тэсэшгүй их зовов. Зүүднийхээ үгийг ч санав. Тэгээд “Би хүний хүн бол үхэхэд хүрэхгүй” гэж бодов. Эм уугаад зүрх өвдөх нь баахан намдсан тул хэвтэж төвдөхгүй арга буюу хатуужин босов. Хэдэн өдрийн Бао Чайг дараа асрамжлав. Бао Чай, Бао Юйг мөрөөдөн муу заяандаа гомдон сэм нулимс унагав. Бас эх нь хүүгийнхээ ялыг арилгуулна гэж зоос мөнгө бэлтгэх тул очиж хамжилцана.

Энэ өдрүүдэд Жя Жөн эхийнхээ чандрыг салган авч онгонд тавив. Харин Жя Рүн, Чинь авхай, Фөн Же, Дай Юй, Юань Ян нарын шарилыг Жинь Линд хүргээд оршуулав. Нэг өдөр Жя Жөн гэрээсээ ирсэн захиаг авав. Мөр дараалан уншсаар Бао Юй, Жя Лань нар өргөгсөд болсныг үзээд бухимдан зовов. Тэгээд буцах замдаа эзний өршөөл хишиг буулгасныг сонсчээ. Бас гэрийн бичиг ирж үнэхээр ялыг өршөөж тушаалыг сэргээсэн тул улам баярлан өдөр шөнөгүй яарсаар явав.

Нэг өдөр нийслэл хотын дэргэдэх Пин Лин өртөөнд ирвэл тэнгэр гэнэт хүйтэрч цас орсон тул нэг сэлүүн газар онгоц зогсож, хуудас түгээн нөхөр сэлтэд талархан ёслогтун гээд хүмүүсийг усны хөвөөнд гаргав. Онгоц удахгүй хөдөлнө гэх тул бүгдээр холдсонгүй. Онгоцонд нэг зарц хөвгүүн үлдээж асруулаад Жя Жөн хуурай замаар хүн явуулж гэртээ захиа явуулах гээд бичиж суув. Бичсээр Бао Юйгийн учирт хүрээд бийрээ тавьж дээш харвал, онгоцны хошуун дээр цасны гэрэлд улаан хар минжин жанч нөмөрсөн, түнжин толгойтой, хөл нүцгэн хүн гарч ирээд Жя Жөнд сөгдөн мөргөж харагдав. Хэн болохыг таньж ядан босоод өргөн босгож хэн болохыг нь асуух гэтэл тэр хүн хэдийн дөрвөнтөө мөргөөд алга хавсран залбирав. Жя Жөн хариу ёс хийх гээд өөдөөс нь харвал Бао Юй байв. Ихэд цочоод Жя Жөн: “Чи Бао Юй мөн үү” гэсэнд, цаадах нь баярлах ч шиг, гуних ч шиг болоод дуугарсангүй. Жя Жөн: “Чи Бао Юй мөн бол яагаад ингэж хувцаслаж, энэ газар ирж байгаа юм бэ” гэж асуусанд, Бао Юйг хариу өчих гэтэл онгоцны хошуунд бумба, тойн хоёр гарч ирээд: “Эгэл ертөнцийн ёс нэгэнт төгсөв. Хурдан явтугай” гэсээр гурвуул хөвсөлзөн арилав. Жя Жөн цасанд хальтарч унахыг ч хайхралгүй санд мэнд нэхэн явсанд, тэд ойрхон харагдавч эс гүйцэгдэнэ. Тэр гурвын нэг нь ийнхүү гиншин дуулав.

Орших газрыг хэлбэл

Хар далант оргил буюу

Зорьчих орныг хэлбэл

Галба замбуутив буюу

Хэн надтай буцна вэ

Би хэнийг дагана вэ.

Бараг бүрэг сансрын орны

Балар хүйтэн эзгүй ууланд буцна… гэж дуулахыг сонсоод Жя Жөн нэхсээр нэг бяцхан хөтлийг давтал гэнэт алга болов. Тэднийг нэхсээр зүрх түгшин амьсгал давхцаж, гайхан зогсоод эргэж харвал, зарц хөвгүүн нь нэхэн ирж байв. Жя Жөн, “Саяын тэр гурван хүнийг чи олж харав уу” гэсэнд цаадах нь: “Үзсэн. Боол би Лаое тэднийг нэхэн хөөхийг хараад ирлээ. Нэг харсан чинь ганцхан Лаое үлдсэн байв” гэлээ. Жя Жөн цааш явъя гэж бодовч өмнө нь нэлийсэн ээрэм их тал үргэлжлээд хүний бараа харагдахгүй тул түүнийг эгэл явдал биш гэж бодоод арга буюу буцаж ирэв.

Олон зарц онгоцонд буцаж ирээд Жя Жөнг өрөөндөө үгүй тул сураглавал нэг сэлүүрчин: “Лаое нэг бумба, хоёр хуушааны хойноос явсан” гэв. Хүмүүс цасан дээр гишгэсэн мөрийг нь харвал, Жя Жөн тэндээс ирж явав. Түүнийг угтаж аваад онгоцондоо сууцгаав. Жя Жөн орон дээрээ сууж, амьсгаагаа намдсаны дараа Бао Юйтэй уулзсанаа ярьсанд цаадуул нь “Газарт бууж эрцгээе” гэв. Жя Жөн шүүрс алдаж: “Та нар мэдэхгүй байна. Энэ бол нүдээр үзсэн тул буг чөтгөр биш, харин үг дуугардаггүй нь сонин. Угаас Бао Юй хаш үмхэж төрсөн нь хачин явдал юм. Муу ёр гэж би хэдийн мэдсэн боловч Лао тайтай энхрийлэн хайрлаж, өдий болтол өсгөн тэжээлээ. Тэр хуушаан, Бумба нартай би гурван удаа уулзсан. Анх тэр бумба ирэхдээ хашийн ач тусыг магтсан. Дараа нь Бао Юйг айхтар өвдөөд байхад ирж хашийг адислаж өгснөөр хүүгийн бие сайжирсан. Гуравдахдаа алга болсон хашийг авчирч өгөөд зочны өрөөнд сууж байтал нүд ирмэх зуур алга болсон. Би дотроо гайхсан ч Бао Юй буянтай хүн болохоор хувилгаан бумба ирж сахин хамгаалж байна гэж бодсон. Бао Юй гэгч ертөнцөд буусан тэрс сүнс Лао тайтайг арван есөн жил хуурна гэж ер санасангүй. Би сая л мэдлээ гээд нулимс унагав. Цаадуул нь:

-Бао Эр Еэ үнэхэЭр Ертөнцөд буусан хувилгаан тойн бөгөөд өргөгсөд болох ёсгүй. Яагаад шалгалтад орчихоод явав гэцгээсэнд, Жя Жөн:

-Та нар нэг юмыг яаж мэднэ вэ. Эсэруа тэнгэрийн од гараг, аглаг уулын арш, агуй гангын хүлчин цөм нэг зантай бөлгөө. Бао Юй угаасаа бичиг үзэх дургүйг ч та нар харсан байх. Тэр сэтгэл гаргавал чадахгүй зүйл байхгүй. Түүний зан авир ч онцгой… гээд хэдэнтээ шүүрс алдав. Цаадуул нь, Лань агь өргөгсөд болсон ба үүд өрх дахин мандсан зэргийг хэлж тайвшруулав.

Жя Жөн захиагаа бичихдээ, түрүүний явдлыг ч оруулан гэр хотлоороо түүнийг ирнэ гэж мөрөөдөх хэрэггүй гэж ятгав.

Ингээд захиагаа урьдчилан явуулчихаад, дараа нь Жя Жөн гэртээ харьсныг үл өгүүлэн өгүүлэх нь:

-Уучлал тунхаглах мэдээг сонсоод Шюэ Има ял солиход өгөх мөнгө цуглуулахын хамт Шюэ Көг энд тэндээс мөнгө зээлүүлэхээр явуулав. Эрүүгийн зурганаас зөвшөөрөн томилж, мөнгийг хураан аваад албан бичиг өгч даруй Шюэ Панийг суллав. Шюэ Пань “Би дахиж, хүний аминд хүрсэн ял үйлдвэл зургаан сарын тэнгэр зулай руу минь ниргэтүгэй” гэж ээж болон ах дүүстэйгээ уулзахдаа тангарагласанд ээж нь хүүгийнхээ амыг дарж

-Өөрөө л зориг шуударвал болно. Яалаа гэж амны зоргоор ёрын тангараг тавьж болох вэ. Шян Лин чамайг дагаж хал зовлонг ханатлаа амслаа. Эхнэр чинь, өөрийгөө өөрөө үгүй хийсэн. Одоо бид хэд ядуу гэвч идэх хоолоор дутсангүй. Миний санаа бол түүнийг чиний эхнэр болгомоор байна. Ямар вэ гэсэнд Шюэ Пань толгой дохив. Бао Чай нар “Энэ зүйтэй” гэсэнд Шян Лин харин цухалдан уурлаж: “Даяаг нэг адил асрах тул ингэж юу хийнэ” гэв. Бүгдээр тэр даруй “Их найнай” гэж дуудан бишрэхгүй хүнгүй болов.

Шюэ Пань тэр даруй Жяфү ордонд талархахаар очиход Шюэ Има, Бао Чай хоёр мөн хамт очив. Олон хүнд ёслон золгож энэ тэрийг ярилцав. Тэднийг ийн хэлэлцэж байтал Жя Жөнгийн илгээсэн хүн ирж захиаг өргөн барьж “Лаое удахгүй ирнэ” гэв. Ван Фүрэнь, Жя Ланиар захиаг уншуулсанд тэрбээр Жя Жөн, Бао Юйтэй уулзсан хэсэгт хүрсэнд бүгд уйлалдав. Түүний захианд гэр хотлоороо зовних хэрэггүй. Энэ бол манай гэрт төрөл олсон явуулын сүнс байжээ гэсэн үгээр тайтгаруулж “Ноён суугаад хувь нь мөхөсдөж хэрэг гарган айл өрхөө гүйцээвэл харин муу болно. Манай гэрээс нэг хувилгаан тодорвол Лаое тайтай нарын хураасан буян болох тул сая манайд төрлөө олжээ. Бид бэлгэгүй үг хэлэх нь биш, Зүүн ордны даяа арван хэдэн жил бясалгаад бас бүтсэнгүй. Хувилгаан болно гэгч тийм хялбар биш юм. Тайтай тийнхүү бодвол сэтгэл чинь уужирна” гэжээ. Ван Фүрэнь, Шюэ Имад хандан уйлсаар: “Бао Юй намайг орхиж явсанд би гомдож байна. Зовних нь, нэг хоёрхон жил ханилаад нүдээ анин хаяж явсан тул энэ бэрийн заяа юутай нимгэн юм бэ” гэв. Энэ үгийг сонсоод Шюэ Има ихэд уяран зовов. Бао Чай уйлсаар байгаад мэдээ сэхээгээ алджээ. Хөвгүүд цөм байсангүй тул Ван ФүРэнь: “Би түүний төлөө насаар зовсоор боловч дараа нь бэр буулгаж, тэр ч өргөгсөд болоод бэр бас бие шалтгаантай болсонд би баахан баярлаж байсан билээ. Энэ бүхэн ингээд төгсөнө гэж би ер бодсонгүй. Эрт мэдсэн бол юунд бэр буулгаж хүний охиныг сүйтгэнэв дээр гэсэнд Шюэ Има: “Өөрийн хувь учралыг хэн яаж өөрчилж чадахав. Бид бас юугаа хэлэх вэ. Золоор харин охин минь хөл хүндтэй болсон тул хожим нэг зээ үр заяаж түүнийг нь өсгөж чадвал сайнаа эдлэх биз. Да найнайг хар. Хүү Лань нь өргөгсөд болчихлоо. Хойт жилээс орогсод болбол даруй ноён суух бишүү. Анхандаа, тэр, зовлонг ханатлаа эдэлсэн. Одоо сайнаа эдлэх нь түүний сайн явсны л хүч юм. Эгч та манай охины занг мэднэ. Тийм яхир хатуу хүн биш тул эгч төдий л битгий зов” гэсэнд Ван Фүрэнь, Шюэ Имагийн үг зөв санагдсан тул дотроо, Бао Чай багаасаа л өнгө хөвсөрт дургүй, амарлангуй дөлгөөн учраас ийм болсон юм. Бодвол, хүн болж төрөгсөд цөм тоо хэмжээтэй биз. Бао Чайг харахад хэдий гашуудан уйлж байвч төвлүүн тогтуун байдлаа алдахгүй байдаг. Намайг ятган аргадах нь гайхамшиг. Бао Юй хөвгүүн үнэхээр тоост орчлонд өчүүхэн ч итгэлгүй ажээ гэж бодоод дотор нь овоо уужирав. Бас Ши Рэнийг ч бодов. Өөр шивэгчин бол ч зовох юу байхав. Тэдний нас биед хүрсэн томыг нь нөхөрт гаргаад багаас нь үлдээж Эр найнайг асруулж болох юм. Одоо Ши Рэнийг яах вэ” гэж бодсон боловч олны дунд ярьж болсонгүй. Шюэ Иматай л зөвлөе гэж бодов.

Тэр өдөр Шюэ Има гэртээ харьсангүй. Охиндоо бараа болж ятгаж тайтгаруулахаар үлдэв. Түүний охин бол ёс учрыг сайн мэддэг хүн. Урьд хойтыг эргэцүүлэн бодоод, Бао Юй угаасаа этгээд сонин хүн. Үйл тавилан гэгч цөм тогтсон тоотой байдаг юм болохоор тэнгэр газарт гомдох явдалгүй гэж бодно. Тэгээд Бао Чай эхдээ ёс учрыг тайлан хэлсэнд цаадах нь бузгай тайвшрав. Дараа нь Ван Фүрэнийд очиж, охиныхоо ярьсаныг хэлсэнд цаадах нь шүүрс алдаад:

-Миний заяа муу надад ийм сайн бэр учрах ёсгүй юм гээд баахан уярав. Шюэ Има түүнийг тайтгаруулсныхаа дараа Ши Рэний тухай дурсав.

-Ши Рэнь ойрноос их турж байна. Тэр Бао агийг нэг сэтгэлээр санаж байна. Авааль гэргий болсон бол журмыг сахих нь зүй юм. Дэргэдэх хүмүүс журмыг сахих дуртай байдаг. Ганц энэ Ши Рэнь хэдий Бао Юйгийн дэргэдэх хүн боловч түүнтэй илэрхий холбогдсон явдалгүй гэсэнд Ван Фүрэнь:

-Сая би дүү охин чамтайгаа зөвлөе гэж бодож байлаа. Түүнийг эндээс явуулъя гэвэл тэр тэсэхгүй. Үхэж мэднэ. Би айж байна. Байлгая гэхээр Лаое зөвшөөрөхгүй байж мэднэ. Тэгээд л би зовж байна гэсэнд Шюэ Има:

-Бодвол И Лаое бол журмыг сахиулах дургүй хүн. Тэр бас Ши Рэнийг мэдэхгүй. Ерийн л шивэгчин гэж бодох тул үлдээхгүй байх. Эгч түүний гэрийн хүнийг дуудан авчирч сайтар захиад, нэг сайн айлд өгүүлбэл яана. Эд мөнгө илүүхэн өгвөл тэр охин сэтгэл зөөлөн нас залуу тул эгчид гомдохгүй. Эгч түүнийг сайхан авч явсанд орно. Ши Рэньд би бас сайн ятгаж хэлье. Түүний гэрээс хүн ирсэн ч тэдэнд хэлэх хэрэггүй. Хэзээ тэд нэг сайн айлтай хэлэлцэн тохирч, чадах юм. Бид ч бас сураглаж үзээд үнэхээр идэх өмсөх дутахгүй, хүргэн болох хүн нь хүн дүртэй бол тэр үед л очуулая гэв. Ван Фүрэнь:

-Энэ арга ч сайн байхаа. Хэрэв Лаое ирээд түргэн түүхий юм хийвэл би бас нэг хүнийг хөнөөсөн явдал болно гэсэнд Шюэ Има “Тэгнэ шүү” гээд толгой дохив.

Тэд энэ тэрийг хуучилж байгаад Бао Чайгийнд очив. Энд Ши Рэнь нүүр дүүрэн нулимстай байхыг хараад ёс зүй тайлбарлаж тайтгаруулав. Ши Рэнь угийн даруу номой зантай, цолгин цовоо хүн биш. Шюэ Имаг юм хэлсэнд “За” хэмээн хүлээж, над мэтийн эгэл доорд хүнийг И тайтай хүнээр үзсэн тул сая эдгээр үгийг хэлжээ. Би ерөөсөө тайтайгийн хэлж захисныг зөрчсөн удаагүй гэсэнд Шюэ Има “Ийм л шударга номхон хүүхэн шүү дээ” гээд улам ч хайрлав. Бао Чай элбэрэл журмын ёс ярьж байгаад унтахаар явав.

Хэд хоногийн дараа Жя Жөнг ирэхэд орноороо угтан авав. Түүнийг эзгүй хооронд Жя Шө, Жя Жөнь хоёр ч ирсэн байв. Тэд салсанаас хойших явдлаа баахан хөөрөлдөв. Энэ үед бүсгүйчүүд ирж уулзан золгоод бас л Бао Юйгийн тухай ярьж сэтгэл уярцгаав. Жя Жөн зандран зогсоогоод:

-Үүнд, цөм тогтсон ёс байна. Одоо бид гадна гэрийн явдлыг мэдэж, та нар дотроос хамжин дэмжвэл хэрхэвч урьдын адил ядуурах ёсгүй. Бусад гэрийн явдлыг өөр өөрсдөө мэдтүгэй. Нийлүүлэн мэдэх хэрэггүй. Манай энэ гэрийн доторх явдлыг чи цөмийг хамаарч зүй ёсоор явуултугай гэв. Ван Фүрэнь, Бао Чай жирэмсэн болсныг хэлээд, шивэгчин охидыг цөмийг гаргаж явуулна гэсэнд Жя Жөн дув дуугүй толгой дохив. Маргааш нь Жя Жөн ордонд орж сайдуудад “Хишиг ивгээлд мөргөн талархъя гэвч бэлэвсрэлийн хугацаа дуусаагүй тул хишигт хэрхэн мөргөхийг төрийн олон түшмэд сурган айлдах болов уу” гэсэнд төрийн олон түшмэд уламжлан айлтгая гэцгээв. Төдөлгүй хаан эзэн цаглашгүй өршөөж оруулан бараалхуул гэж зарлиг буулгасанд Жя Жөн ордонд орж хишигт мөргөв. Хаан эзэн бас маш олон занаа захиас өгч, Бао Юйгийн тухай асуусанд Бао Юйгийн зохиол онц сайн болжээ. Бодвол тэр лав хувилгаан сүнс болох тул тийм байсан ажгуу. Төрд байсан бол дэвшүүлэн хэрэглэж болох байжээ. Тэр эрхэм төрийн зэрэг тушаалыг авч чадахгүй бол түүнд даруй “Уянгын шидтэн” хэмээх бумбын цол шагнасугай гэж зарлиг буулгав.

Жя Жөн хишигт мөргөн гарч ирээд гэртээ харив. Жя Лянь, Жя Жөнь нар угтан авав. Жя Жөн даруй ордны доторх явдлыг тоочсонд бүгд баярлав. Жя Жөнь:

-Нин Гуофүгийн хүрээг засаж цэвэрлээд нүүн орно гэж мэдүүлэв. Лун Цүй Ань сум хүрээлэн дотор байх тул дөтгөөр охин дүүгийн бясалгалын газар болгоно гэж мэдүүлсэнд Жя Жөн дуугүй байж байж, эзэн тэнгэрийн өршөөлд нийцүүлэн зүтгэх тухай баахан юм сургаж захив. Жя Лянь энэ дашрамд “Чяо Жегийн ургийн тухай эцэг ба тайтай нар Жөү овогтонд өгөх дуртай байна” гэж мэдүүлсэнд урьд шөнө Жя Жөн, Чяо Жегийн явдлыг сонссон тул “Их Лаое, их тайтай мэдтүгэй. Тосгоны айл гэж голох хэрэггүй. Айл нь ариун цагаан, хүү нь сурахад дуртай бол болно. Төрийн олон сайд түшмэд цөм хотын хүн гэнэ үү…” гэсэнд Жя Лянь:

-Аавын нас агширч, мэнгэр хуучтай болжээ. Хэдэн жил сайхан сувилах хэрэгтэй болсон тул алив явдлыг Эр Лаоегаар тушаалган шийтгүүлж бай гэж байна гэв. Жя Жөн:

-Уг нь тосгонд сууж биеэ сувилах нь миний санаанд нийцнэ. Би хаан эзний хайрласан их ачийг хүртээд хариулж чадаагүй тул аргагүй байна гээд дотогш оров.

Жя Лянь, тэр даруй Лю эмгэнийг залуулж, ургийн учрыг хүлээн авав. Лю эмгэн, Ван Фүрэнь нар уулзаад хожим яаж зэрэг дэвшиж, баяжиж бадраад, үр ач нар дэлгэрэх тухай баахан ярилцав. Тэднийг ийн ярилцаж байтал шивэгчин ирж: “Хуа Зыфангийн эхнэр амар эрэхээр иржээ” гэж мэдүүлэв. Ван Фүрэнь хэдэн үг асуусанд Хуа Зыфангийн эхнэр даруй садан төрлөөрөө зууч болгож, хотын өмнөх Жян овогтонтой хэлэлцсэн бөгөөд газар тариатай, гэр хүрээтэй, худалдааны пүүстэй, хүү нь насаар хэд ах боловч гэрлээгүй хүн. Төрсөн нь зуугийн дотроос олдохуйяа бэрх… гэж мэдүүлэв. Ван Фүрэнь сонсоод

-Чи очиж хэлэлцэн тохироод хэдэн өдрийн дараа ирж охин дүүгээ аваачигтун гэв. Дараа нь Ван Фүрэнь хүн явуулж сураглуулбал цөм сайн гэсэн хариу авчээ. Тэгээд Бао Чайд хэлээд дараа нь Шюэ Имаг залж авчиран Ши Рэньд нарийвчлан хэлүүлэв. Ши Рэнь хэдий уяран зововч зөрчиж чадахгүй. Дотроо, тэр жил Бао Юйг гэртээ очиход, буцаж ирээд: “Үхэвч харихгүй гэж ам алдсанаа санаж, одоо тайтай мэдэж тогтсон тул би журмыг сахин сууна гэвэл хүн намайг ичгүүргүй гэнэ. Тэнд очъё гэхэд үнэхээр дургүй байна” гэж бодоод мэгшин бүгшин уйлав. Шюэ Има, Бао Чай нар хүчлэн ятгаснаар бодол нь эргэж, “Би хэрэв энд үхвэл, тайтайгийн сайхан сэтгэлийг хөсөрдүүлнэ. Тиймээс гэртээ харьж үхсүгэй” гэж бодоод, бүгд олонтой уй гашуутай хагацав. Эгч дүүсийн салах үеийн эмгэнэлт байдлыг энд тоочихын аргагүй!

Үхэх санааг өвөрлөж тэргэнд суусан Ши Рэнь гэртээ хариад, болсон явдлыг ах, бэргэндээ гарган хэлж чадахгүй уйлсаар байв. Хуа Зыфан, Жян овогтны өгсөн бэлэг сэлтийг түүнд үзүүлээд бас өөрийн бэлтгэсэн мордуулын заслыг нэг нэгээр үзүүлж “Үүнийг тайтай шагнажээ. Түүнийг худалдан авчээ” гэв. Ши Рэнь сонсоод, дуугарч чадахгүй болж хоёр өдөр болоод нарийвчлан бодвол “Ах үнэхээр сайхан бэлтгэжээ. Би ахын гэрт үхвэл бас ахыг хорлоход хүрнэ” гэж эргэн эргэн бодож, дахин дахин тунгаасаар үнэхээр булбарай зөөлөн өр зүрх нь өмөрч сэмрэхэд хүрсэн боловч арга буюу хатуужин тэсвэрлэв.

Тэр өдөр яг буулган аваачих өлзийт сайн цаг болсонд Ши Рэнь тийм дайчин шуурхай хүн биш тул дотроо тэнд очсон хойноо л мэдье хэмээн бодож гомдон гашуудсаар сүйхэнд суув. Хадмын газар хүрч үзвэл, Жян овогтны гэр маш хичээнгүй нарийн үйлдэж, аль бүхний аваалийн ёсоор гүйцэтгэж, үүдээр ормогц инж шивэгчид “Найнай” хэмээн хүндлэв. Энэ хэр, Ши Рэнь энд үхсүгэй гэсэн боловч бас хүнийг хорлож, түүний сайхан сэтгэлийг газар хаяж төвдсөнгүй. Тэр шөнө уйлан хайлсаар, аяыг нь дагаж үхсэнгүй боловч нөхөр нь маш нэмүүн зөөлнөөр аядан нийлүүлжээ. Маргааш авдрыг нь нээвэл, нөхөр нь нэг улаан дурдан тэлээ авч үзээд Бао Юйгийн шивэгчин болохыг мэдэв. Анхандаа Жя Мүгийн инж байх гэж бодоод Ши Рэнь мөн гэж ер санаагүй байжээ. Жян Юйхань, Бао Юйгийн хуучин найрыг санаж, харин их л эвгүй бодогдсон ч аандаа аяыг нь дагуулан хичээв. Бас Бао Юйтэй сольсон тэр ногоон дурдан тэлээг зориуд гаргасанд Ши Рэнь үзээд сая энэхүү Жян овогтон нь Жян Юйхань байсныг мэдэж, урьдын сайн ивгээл байх гэж итгээд, үнэн голын үгээ гаргаж хэлсэнд нөхөр нь гүнзгий шүүрс алдан биширч, албадан мушгиж чадаагүйгээр барахгүй, улам эелдэг нэмүүнээр асран нигүүлссэн тул Ши Рэнь үнэндээ үхэх газраа олсонгүй.

Үзэх мэргэд айлдан соёрх! Учрал ерөөл гэгч урьдын тавиланг зөрчиж болохгүй хэмээвч эгнэгт бас нүгэлт хөвгүүн, зальт түшмэл, зоригт эр, журамт эхнэр аль бүхнийг энэхүү “Аргагүй” гэх үгэнд шилдэн түлхэж болох нь бус. Тийнхүү Ши Рэнь “Удаа дэд дэвтэрт” түр орсон нь болой. Энэ үнэхээр эртний хүн, тоорын сүмд шүлэглэсэн мэт.

Улирах түүхэнд бэрх гачигт үхэх журамтан бий гэвч

Уяран сууж, үхлээс халирагч нь ганц Си хатан биш

Үүнээс хойш Ши Рэнь өөрөө амьдралаа эхэлснийг үл өгүүлэн өгүүлэх нь:

Жя Юй Цүнь ховдог авлигачийн ялд унаж, шүүн тасалсан хойно, эдүгээ уучлалд тохиолдсон тул түүнийг суллан, нутагт нь очуулан сул иргэн болгожээ. Тэрбээр эхнэр хүүхдээ урьдаар явуулаад өөрөө нэг зарц хөвгүүний хамт нэг тэрэг ачаад ширүүн мөрнийг гатлагч оломд хүрч ирсэнд, түүний дэргэдэх өвсөн овоохойноос гэнэт нэг бумба гарч ирээд гар өргөн угтав. Юй Цүнь, Жэнь Шыинийг таниад яаран хариу ёсолсонд цаадах нь: “Жя гуай надаас салснаас хойш лагшин тунгалаг уу” гэж мэндлэв. Юй Цүнь “Хувилгаан арш үнэхээр Жэнь багш байсан хэрэг үү. Тэр жил нэг удаа уулзахад яаж үл танигч болон түлхлээ. Өвсөн ордонд гал гарахад доорд би үнэхээр айсаан. Өнөөдөр завшаанаар уулзан золголоо. Арш таны эрдэм номд нэвтэрснийг ихэд биширсэн. Мөхөс би, эргүүтэн мунхарсаар энэ болжээ” гэв. Жэнь Шыинь:

-Тэр үед их хүн, зэрэг хэргэмийг олж бадран мандаж байсан тул ядуу бумба яаж аймшиггүй таньж чадах вэ. Тийн гэвч хуучин танил тул айлгүй хэдэн үг өргөсөнд санаандгүй их хүн мартжээ. Баян эрхэм, эгэл ядуу гэгч гэнэт тохиох нь биш. Өнөөдөр дахин учирч байгаа нь гайхалтай учрал болой. Өвсөн гэр ойрхон тул түр морилон очиж өвдөг нийлүүлэн ярилцвал болох уу гэсэнд Юй Цүнь дуртайяа хүлээн авав. Хоёул хөтлөлцөн алхаж, зарц хөвгүүн тэрэг хөтлөн дагасаар өвсөн дуганад хүрэв. Шыинь найрсгаар угтан оруулаад Юй Цүнийг суусны дараа бяцхан банди цай авчрав. Юй Цүнь, даруй хувилгаан аршийн тоост орчлонг тэвчсэн байдлыг лавлан асуусанд цаадах нь инээн:

-Хоромхон зуур санаагаа тогтвол тоостыг тэвчихэд бэрх биш. Өвгөн багш, оргин бадарсан орноос ирсэн тул баян эрхэм, амарлингуй, долгины сүрэгт байсан нэг Бао Юй гэгчийг таних байхаа гэв. Юй Цүнь:

-Танилгүй яахав. Ойрноос түүнийг мөн хоосны үүдэнд шургав хэмээн ярилцаж байна. Мөхөс би түүнтэй хэдэнтээ уулзаж байсан. Түүнийг ийм зоригийг барина хэмээн ер санасангүй гэв. Шыинь:

-Тийм биш. Түүний энэ учрыг би урьдаас мэднэ. Урьд би багштай хамт Рэнь Чин Ган гудамжны хуучин байрны үүдэнд ярилцан суухаас өмнө би түүнтэй нэг удаа учирсан юм гэв. Юй Цүнь дуу алдаж:

-Нийслэл хот эрхмийн нутгаас төдий хол тул яаж уулзсан хэрэг вэ гэсэнд Шыинь:

-Эчнээ нөхөрлөөд уджээ гэв. Юй Цүнь:

-Тийм бол одоо хувилгаан арш та Бао Юй хаа байгааг мэдэх байхаа гэсэнд цаадах нь:

-Бао Юй гэгч даруй “Эрдэнийн хаш” болой. Тэр жил Рун, Нин хоёр ордон нэгжүүлж талуулахаас урьд, хатгуур, бүс хагацан салах үед, энэ хаш нэгд гамшгаас зайлж, хоёрт бүрдэн нийлэхийн төлөө ертөнцөөс ангижирчээ. Түүнээс учрал тавилан төгсөж чанар цогц нэгнээ бүрдээд бас хувилгаан шидийг илрүүлэн өндөр мандаж, эрхэм хөвгүүн заяасан энэ хаш гэгч тэнгэрийн шид, газрын увидасаар боловсрон бүтсэн эгэл эдтэй таарахгүй эрдэнэ болохыг гэрчилжээ. Анх Энэбиш тойн Тэрбиш бумба хоёр ертөнцөд буулгасан юм. Одоо тоост ертөнцийн тоо учрал төгссөн тул тэр хоёр уг оронд нь эргүүлэн аваачжээ гэв.

Энэ үгийг Юй Цүнь бүрэн ойлгоогүй боловч тал шахууг нь төсөөлжээ. Тэгээд шүүрс алдан:

-Ийм байдаг байж. Мунхаг би мэдсэнгүй. Тэр Бао Юй тийнхүү ирсэн атлаа яагаад өнгөнд тийнхүү шунаад, бас тийм түргэн ухаарсан юм бол. Та зааж өгнө үү гэсэнд Шыинь:

-Энэ тухай ярихад багш та бүрэн ойлгоно гэж хэлэхэд хэцүү. Их сансрын арилсан орон гэгч үнэнхүү буянт орон юм. Заяаны дэвтрийг нь хоёронтаа сөхөж үүсгэл төгсгөлийн ёсыг ахин дахин үзсэн байтлаа юунд ухаарахгүй байна? Хувилгаан өвс шидийг олсон байтал “Билигт хаш” эх газартаа буцахгүй ёс байхуу гэв. Юй Цүнь учрыг олоогүй ч гэсэн тэнгэрийн нууц гэж мэдэх тул лавлаж асуулгүй:

-Бао Юйгийн явдлыг айлдахыг тань сонслоо. Тийн гэвч доорд угсааны ээмэг сүйхтэн ийм олон байтал Юань Фэйгээс дооших нь яагаад эгэл доод заяатай байна гэсэнд Шыинь шүүрс алдаад:

-Болхи үг гэж өвгөн багш битгий зэмлээрэй. Эрхэм угсааны охид цөм хурьцлын ертөнц, тачаалын далайгаас сурвалжтай байна. Эрт эдүгээгийн охид “Садар” гэгчид халдаж болохгүйгээр барахгүй, “Янаг” гэгчид мөн хавьтаж болохгүй учиртай. Тийнхүү Цүй Ин, Сү Шяо боловч хурьцлын сэтгэлт хувилгаан дагина төдий Сун Юй, Шян Ру боловч цөм нүглийн хэлт бичгийн хүн төдий болой. Дур янагт татагдвал түүний төгсгөл ямар болохыг асуух юун гэв. Юй Цүнь сахлаа имрэн шүүрс алдаад:

-Хувилгаан арш айлдах болов уу. Рун, Нин хоёр ордон одоо урьдын адил мандаж чадах уу гэж асуусанд цаадах нь:

-Буян ерөөл, гай зовлон гэгч эртнээс тогтоосон тоотой юмаа. Одоо Нин, Рун хоёр ордны буянтан нь бясалгал үйлдэж, нүгэлтэн нь үйлээ наманчилсан тул хожим гавираа, цахирмаа зэрэгцэн дэлгэрч гал голомт сэргэн бадрах нь зүй ёсонд нийцнэ гэв. Юй Цүнь баахан бодлогошроод дараа нь инээв.

-Тийм болно. Одоо тэдний ордны Лань нэрт хөвгүүн шалгалтад ороод өргөгсөд болжээ.Энэ бол цахирмаа гэх үг болохоор утга нийлжээ. /Цахирмааг Лань гэнэ/ Хувилгаан аршийн айлдсан “Гавираа, Цахирмаа зэрэгцэн дэлгэрэх” гэсэн ба бас “Бао Юй өндөр мандаж эрхэм хөвгүүн заяав” гэсэн нь хэвлийд хоцорсон хөвгүүн нь дээшлэн мандаж, дэлгэрэн бадарч болно гэсэн үг бишүү гэсэнд Шыинь инээмсэглэсээр:

-Энэ бол хожмын явдал болох тул урьдчилсан хэлэхэд хэцүү гэв. Юй Цүнь дахиад юм асууя гэтэл цаадах нь хүн дуудан ширээ засуулж, түүний хамт цав барив. Хоолны дараа Юй Цүнь өөрийн эцсийн мөрөө асуусанд Шыинь:

-Өвгөн багш, миний өвсөн овоохойд түр амрагтун. Надад бас нэг орчлонгийн явдал төгсөөгүй байсаар. Өнөөдөр яг төгсгөх цаг болжээ гэв. Цаадах нь сонсоод хэрдхийн цочиж:

-Хувилгаан арш энэ мэт ариун бясалгал үйлдсэн атлаа бас ямар орчлонгийн явдал байна гэсэнд Шыинь:

-Үр ач нарын дур янагийн учир болой гэв. Юй Цүнь сонсоод нэн гайхаж:

-Хувилгаан арш та яагаад ийм үг хэлэв гэсэнд цаадах нь:

-Өвгөн багш юү эс айлдана. Бяцхан охин Ин Лянь нялхдаа хулгайлагдан очоод байхад нь багш та анх тушаалд орсныхоо дараа таслан шийтгэж өнгөрөөсөн билээ. Одоо түүнийг Шюэ овогтонтой холбожээ. Тэр минь, амаржихаас болж, дээдсийн голомтыг сахих нэг хөвгүүн орхиод одоо яг тоост ертөнцөөс тонилох цаг болсон тул би удирдан очуулах ёстой гэсээр ханцуйгаа сэгсрэн арилж өгөв. Юй Цүний дотор ээдий бүүдий болж, сүүлдээ энэ долгин мөрнийг гатлагч олмын хөвөөн дэх өвсөн дуганад унтжээ.

Тэгээд Шыинь, Шян Линг гэтэлгэн их сансрын арилсан оронд удирдан аваачиж, зэргэлгээн цэцэн дагины заяаны дэвтэрт данслуулав. Илэрхийлэлт пайзыг өнгөрөн гармагц тойн, бумба хоёр хөвсөлзөн айсугай. Шыинь угтан очиж:

-Идтэн, шидтэнд баяр хүргэсүгэй. Өнгөт ертөнцийн үйл учрал төгссөн тул цөмийг тодорхойлон тушаасан байхаа гэсэнд тойн, бумба хоёр:

-Өнгөт ертөнцийн үйл учрал арай төгсөөгүй байтал харин энэ мангуу эд нэгэнт эргэн иржээ. Одоо бас түүнийг уг оронд нь буцаан хожмын хэргийг нь тодорхойлон тэмдэглэвэл, түүний нэг үе ертөнцөд буусан нь сая талаар болохгүй билээ гэв. Шыинь сонсоод алга хавсран ташиж баярлав. Тойн бомоб хоёр хашийг авч хар далант оргилын бэлд очиж “Эрдэнийн хашийг” охин тэнгэрийн, тэнгэрийг нөхсөн газарт оршуулан тавиад үүл хөлөглөн арилжээ. Үүнээс хойш

Хорвоогийн гаднах бичиг шастирт хөндлөнгийн хэргийг уламжилж

Хоёр бүрэн хүний үлгэр нэгэндээ хурж нийлэв!

Нэг өдөр хоосноос хоосон хэмээх Кун Кун бумба хар далайн оргилын өмнүүр өнгөрөхөд тэнгэрийг нөхөж үлдсэн чулуу тэнд хаягдсаныг нарийвчлан үзвэл, түүнд бичсэн үсэг уг хэвээрээ тов тод байжээ. Эхнээс нь нэг удаа үзэв. Ар талын илэрхийлэлд бас маш олон учрал төгсгөлийг хураангуйлан тэмдэглэснийг уншаад шүүрс алдан толгой дохив. Тэгээд

-Урьд би чулуу ахын энэ гайхамшигт бичгийг үзээд дэлхий дахинд дэлгэрүүлж болно хэмээн сийрүүлэн авсан боловч уг эхтэй тааруулж амжаагүй байсан юм. Хэдий завандаа энэ сайхан үлгэрийг нэмсэн хэрэг вэ. Сая чулуу ах нэг удаа ертөнцөд бууж хал зовлон үзэж, тунгалаг гэрэл нь цацраад ухаан мэдрэлийг бүрэн төгс бясалгасан нь үнэхээр дахин харамсах газаргүй болжээ. Он жилийн удаанд үсэг нь баларсаар буруу ташаа гаруузай гэж болгоомжлоод би дахин нэг удаа сийрүүлээд ертөнцийн сул сэлүүн хүнээс нэгийг эрж түүгээр тараан дэлгэрүүлж, сонин гэтэл эгэл, эгэл гэтэл сонин, үнэн гэтэл худал, худал гэтэл үнэн явдлыг мэдүүлье гэнэ. Тоост ертөнцийн зүүдэнд алжаагчид хөхөөний дуугаар эргэн буцаж, зочинсог найрт уулын савдаг нисэх оргил мэт хүрч ирэх нь мөн болзошгүй болой гээд даруй сийрүүлэн авч ханцуйлаад өнөд бадран дэлгэрсэн оронд хүрч эрвэл цөм гавьяа нэрийг бүтээгчид биш бол даруй идэх өмсөхөө аргацаан тэмцэгчид төдий бөгөөд юуны чулуутай ярих чөлөөтэй хүн байхав. Явсаар долгин мөрний гэтлэгч оломны хөвөөний өвсөн дугананд очвол нэг хүн унтаж байв. Дотроо, энэ ёстой сул чөлөөтэй хүн байх гэж бодоод, сийрүүлэн авчирсан “Чулууны үлгэр”-г түүнд үзүүлье гэвэл цаад хүн нь дуудаад дуудаад сэрсэнгүй. Тэгэхээр нь Кун Кун бумба байдаг хүчээрээ түлхсэнд өнөө хүн алгуурхнаар нүдээ нээгээд өндийн суув. Тэгээд бичгийг авснаа хайш яйш харсан болоод шидчихэв. Дараа нь: “Энэ явдлыг би биеэр нэвтэртэл мэдсэн. Чиний энэ сийрүүлсэн зөв байна. Би чамд нэг хүн зааж өгье. Түүнд аваачиж өгөөд нийтэд дэлгэрүүлбэл энэхүү шинэ уянгыг төгсгөж болно” гэв. Кун Кун бумба: “Тэр хүн чинь хэн юм бэ” гэсэнд цаадах нь:

-Чи тэр он, тэр сарын, тэр өдрийн тэр мөчид ээмэгтэнийг энхрийлэх Дао Хун Шюань танхимд очвол Цао Шюэчинь гэгч багш бий. Түүнд Жя Юйцүний үг гэж гуйн найдвал болно гээд эргээд унтав.

Мөнөөх бумба түүний үгийг сайн тогтоож аваад явснаас хойш хичнээн галав мөчлөг өнгөрснийг мэдэхгүй. Үнэхээр нэг Дао Хун Шюань хэмээх танхимд Цао Шюэчинь багш, хуучин төрийн түүх шаштирыг эргүүлж тойруулж суув. Кун Кун бумба түүнд Жя Юйцүний үгийг хэлээд тэр дороо өнөөх “Чулууны үлгэр”-г өгч үзүүлсэнд Цао Шюэчинь багш инээж:

-Үнэнхүү Жя Юйцүний үг мөн байна гэв. Кун Кун бумба:

-Багш та, энэ хүнийг таньдаг бол түүний энэ үгийг дуртай дэлгэрүүлэх үү гэж асуусанд мөнөөх багш инээж:

-Чамайг хоосон гэвэл, үнэхээр хэвлийн дотор хоосон ажгуу. Хэдий “Худал хуумгай тосгоны үг” гэвч ацаг араа нь андууран ташаарч ам сээр нь солиуран зөрсөн газаргүй ээ. Тийнхүү хоёр гурван нөхөр сэлттэй архи, хоолны чөлөө завсар бороот шөнө зулын гэрэлд хамтаар уйтгарыг тайлан, сэтгэлийг сэргээх баяр болгосугай. Эрдэмтэн багш нараар цадиглуулан бичүүлж дэлхий дахинд тараах хэрэггүй. Чиний ийнхүү сурвалж шалтгааныг сүвэгчлэх нь үнэхээр тулгаа үдээрээр үдэж, тогоогоо хөдсөөр нөхсөнтэй адил болой гэжээ. Кун Кун бумба өөдөө харан хөхөрч байснаа, өнөөх сийрүүлсэн бичгээ орхиод хөвхөлзөн арилав. Цааш явахдаа амандаа: “Үзвэл харин аргацаан бичсэн хуумгай уянга ажгуу. Үүнийг хэн зохиосныг ч мэдэхгүй. Хэн сийрүүлснийг ч мэдэхгүй. Тийнхүү бас хэн уншсаныг ч мэдэхгүй. Гагцхүү бийр бэхээр наадаж сэтгэлийг сэргээн, хүсэлд нийлүүлсэн төдий биз ээ” гэж үглэсээр цаашлав.

Хожмын хүмүүс энэ шастирыг үзээд бас дөрвөн мөр уянгыг бичиглэн зохиогчийн бичсэн санааг цаашид өргөж шүлэглэсэн нь ийм ажээ.

Хамар шархирах эмгэнэлд хүрэхүйеэ

Хачин хуумгай нь үнэндээ уяралтай

Халамцан хэлсэн нь эгнэгт зүүдний хэрэг

Хамаг амьтныг битгий тэнэг хэмээгтүн.

Сайнбаяр, Чандмань, Дансанням нар орчуулав.

БНХАУ-ын Өвөр Монголын Ардын хэвлэлийн хороо

1978 он

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж