Дүүрэг, нийслэл болон төрөөс баримталж буй Залуучууд руу чиглэсэн бодлого, шийдвэрүүд, тэдгээрийн хэрэгжилт, хороо дүүргийн залуучууд өөрсдийн эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад тэдний оролцоог нэмэгдүүлэх, үзэл бодлыг нь тусгах, тэдэнд эх оронч үзлийг эрхэмлэж, ёс заншил, өв уламжлалаа дээдлэн, эрүүл, чадварлаг, бүтээлч ёс зүйтэй, соёлтой иргэн болж төлөвших, өөрийгөө хөгжүүлэх, нийтэд тустай, сайн дурын ажилд манлайлан оролцоход уриалах зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Шинэ хөгжлийн түлхүүр” ТББ, Монголын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран “Эко дүүргийн залуус-Тогтвортой хөгжилд” дүүргийн 500 залуучуудын оролцоотой чуулганыг /2018.04.25/ өдөр үйлдвэрчний соёлын ордонд зохион байгууллаа.
“Залуусын оролцоо-Тогтвортой хөгжилд” залуучуудын чуулганыг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэлэхдээ “Дэлхий нийт “Тогтвортой хөгжил” гэсэн нэг том зорилгын дор нэгдэж байна. Тогтвортой Хөгжлийн Олон Улсын Институтиэс “Тогтвортой хөгжил гэдэг нь өнөө цагийн хэрэгцээг хангахдаа ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээгээ хангах боломжийг хязгаарлахгүй байх явдал юм” хэмээн тодорхойлсон. Улс эх орны тогтвортой хөгжлийг хангахад хамгийн гол хөдөлгөгч хүч бол залуучууд та бүхэн юм.
Хан-Уул дүүргийн хүн ам 2017 онд 169726 болж өссөн бөгөөд нийт хүн амын 55043 буюу 32,4%-ийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Бид өнөөдрийн чуулга уулзалтаар залуучуудын талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ, дүүрэг, нийслэл, улс орны хөгжилд залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр залуучууд та бүхний санаа бодлыг сонсохоор чуулж байна.
Залуучуудын дунд тулгамдаж буй асуудлуудын нэг нь яах аргагүй хөдөлмөр эрхлэлт юм. Манай дүүрэгт бүртгэлтэй 13962 аж ахуйн нэгж байгууллагаас 5445 аж ахуйн нэгж байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Дүүргийн нийт 60488 иргэн нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд 7062 ажилгүй иргэд байна. Үүний 698 нь бүртгэлтэй ажилгүй иргэд байгаагийн 338 буюу 48,4%-ийг залуучууд эзэлж байна. Бид залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, ая тухтай байдлыг хангах зорилгоор олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал:
- 2017 онд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хэрэгжүүлж 1 бүлэг, 7 төгсөгчийн төслийг дэмжин 21.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт халдлагаас хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах “Түр хамгаалах байр”-ыг байгуулан ажиллуулж байна.
- Залуу гэр бүлийг дэмжих, хүүхэд багачуудын хөгжил, хамгааллыг сайжруулахзорилгоор 3 дугаар хороонд 46, 10 дугаар хороонд 250 дугаар цэцэрлэгүүдийг ашиглалтад оруулж, 35, 230, 243 дугаар цэцэрлэгүүдийн гадна талбайн тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
2018 онд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консталинг группын хэрэгжүүлж буй ‘Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр’-ийн сургалт, арга хэмжээг 2018 оны 02 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн 15-34 насны залуучуудаас шалгарсан 50 шилдэг залуу оролцож, 24 бизнес санаа дэвшүүлснээс 10 санаа дэмжигдсэн.
Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэд “Залуучуудын хөдөлмөр, эрхлэлтийн загвар төв” байгуулагдаж, ажил хайгч залуучуудад өөрийгөө таньж мэдэхэд нь туслах, сургах, зөвлөгөө мэдээлэл өгөх, ажлын ярилцлагад амжилттай оролцох ур чадвар эзэмшүүлэх, ажил олгогч байгууллагуудтай холбон ажлын байранд зуучлах үйлчилгээг үзүүлэх боломж бүрдсэн.
Бүтээн байгуулалтын чиглэлээр:
Боловсролын салбарт 29,4 тэрбум төгрөг, эрүүл мэндийн салбарт 7,5 тэрбум, автозамын салбарт 2,55 тэрбум, байгаль, экологийн салбарт 575,2 сая, тохижилт, дэд бүтэцийн салбарт 8,63 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
2019-2020 онд залуучуудын сурч хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон таатай таатай орчинг бүрдүүлэх зорилгоор усан спорт сургалтын төв, хүүхэд залуучуудын хөгжлийн ордон, хүүхдийн зуслан барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Дүүргийн залуучуудын хөгжлийн чиглэлээр төлөвлөж буй дүүргийн бодлогыг нийслэл болон төрөөс баримталж буй Залуучууд руу чиглэсэн бодлого, шийдвэрүүд, тэдгээрийн хэрэгжилт, хороо дүүргийн залуучууд өөрсдийн эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад тэдний оролцоог нэмэгдүүлэх, үзэл бодлыг нь тусгах, тэдэнд эх оронч үзлийг эрхэмлэж, ёс заншил, өв уламжлалаа дээдлэн, эрүүл, чадварлаг, бүтээлч ёс зүйтэй, соёлтой иргэн болж төлөвших, өөрийгөө хөгжүүлэх, нийтэд тустай, сайн дурын ажилд манлайлан оролцоход уриалах зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байна. Та бүхний гаргасан санал санаачлагыг цаашдаа дүүргийн бодлого зорилтот тусгаж, та бүхэнтэй хамтран ажиллах болно. Залуучууд та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.
“Эко дүүргийн залуус-Тогтвортой хөгжилд” чуулганыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын ХОНХ, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны залуучуудын хороотой хамтран дүүргийн 500 залуусын бүрэлдэхүүнтэй анх удаа амжилттай зохион байгууллаа.