Ерөнхий сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг өнөөдөр хүлээж авч уулзлаа.

Монгол Улс түүх, соёлын олон зуун жилийн харилцаатай Энэтхэг улсыг бүс нутаг дахь гол түнш, “гуравдагч хөрш” хэмээн үздэг. Энэтхэг улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Модигийн 2015 онд манай улсад хийсэн айлчлал хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан түүхэн үйл явдал болсон гэлээ.

Монгол Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдаан амжилттай болсонд талархал илэрхийлж, энэ нь хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, эдийн засаг, худалдаа, соёл, шинжлэх ухаан, техникийн болон бусад салбарын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлоход чухал үүрэгтэй гэлээ.

Энэтхэгийн Засгийн газрын нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцсон газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий тос дамжуулах хоолойн хамт барих төслийг түргэн, шуурхай, чанартай барьж байгуулах нь чухал гэдгийг Ерөнхий сайд хэлж байлаа. Мөн төслийн нийт хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах, хөнгөлөлттэй зээлийн дүнд багтаах боломжийг бий болгох асуудлыг анхааралдаа авч, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ажлыг эрчимжүүлэх талаар Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай уулзахдаа ярилцсан. Энэ төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь Энэтхэг улсын хувьд ч чухал гэдгийг тус улсын Гадаад хэргийн сайд хэллээ.

Батлан хамгаалах,  хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол, мэдээллийн технологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа, мөн  Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран энэ оны долдугаар сарын 3-6-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хуралд Энэтхэг улсын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж