- Дасгалжуулагч: Аденор Леонардо Бакши буюу Тите
- Багийн ахлагч: Неймар да Силва Сантос Жуниор
- Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Маркус Эванжелиста ди Мораес буюу Кафу 142 тоглолтонд оролцсон
- Шигшээ багтаа хамгийн олон гоол оруулсан тоглогч: Эдсон Арантес до Насцименто буюу Пеле 77 гоолтой
- ФИФА-н чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 2
- ДАШТ-нд оролцсон тоо: 20 удаа буюу бүх тэмцээнд оролцсон
- ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 1958, 1962, 1970, 1994, 2002 оны алт, 1950, 1998 оны мөнгө, 1938, 1978 оны хүрэл
Москва хүрэх замд:
Алдарт хөлбөмбөгчин Пелегийн эх орон Бразилчууд Өмнөд Америкийн бүсээс 12 хожил, 5 тэнцээ, 1 хожигдолтойгоор арын багаасаа 10 онооны давуу байдалтай хамгийн түрүүнд Орос-2018 ДАШТ-ний эрхээ авсан. Эхлээд дасгалжуулагч Дунгагийн удирдлага дор ДАШТ-ний сунгаанаа эхлүүлэхдээ багагүй бэрхшээлтэй тулгарсан. 2015 оны 10 сард эхэлсэн 2018 оны ДАШТ-ний сонгон шалгаруулалтанд Бразил улсын шигшээ баг эхний 6 тоглолтоос ердөө 2 хожил, 3 тэнцээ авч Чилийн шигшээ багт хожигдсон. Дунга ажлын үр дүн хангалтгүй байсан тул Бразил улсын хөлбөмбөгийн холбоо 2016 оны зургадугаар сард Коринтианс багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Титег томилсон. Эндээс Бразилын шигшээ баг эрч, хүчтэй урагшилж үлдсэн 12 тоглолтоос 10 хожил, 2 тэнцээ авч Өмнөд Америкийн бүсээ тэргүүлсэн юм. Ийнхүү Бразил улс хамгийн түрүүнд бүсээсээ шалгарч Оросыг зорих визээ захиалах эрхтэй болсон.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
ДАШТ-нд оролцох шигшээ багууд тавдугаар сарын 27-нд 30 тамирчны нэрийг зарлаад 6 сар гарахад албан ёсоор 23 тоглогчийн нэрийг зарлах ёстой. Бразил улсын шигшээ баг ДАШТ-нд сонгон шалгаруулалтанд нийт 40 гаруй хөлбөмбөгчинг тоглуулсан бөгөөд одоогоор дасгалжуулагч Титегийн мэдэлд байрлал бүртээ шилдэг тоглогчид байна.
– Хаалгач: А.Бекер (Рома), Эдерсон (Манчестер Сити), Нето (Валенсиа), Кассио (Коринтианс), Д.Алвес (Фламенго), Вевертон (Палмейрас). Эдгээр нэрнүүдээс хамгийн өндөр магадлалтай нь Европт тоглож буй А.Бекер болон Эдерсон нар дуудагдах магадлал хамгийн өндөр. Харин 3 дахь хаалгачаар магадгүй дотоодын лигийн тоглогчдоос авж болох юм.
– Хамгаалагч: Д.Алвес (ПСЖ), Д.Луис (Челси), Т.Силва (ПСЖ), Марсело (Реал Мадрид), Миранда (Интер Милан), Ф.Луис (Атлетико Мадрид), Маркиньос (ПСЖ), Данило (Манчестер Сити), Жил (Хятадын Шандон Люнэнг Тайшан), А.Сандро (Ювентус), Рафинья (Бавари Мюнхен), Кайо (Бразилын Сан-Пауло), Фагнер (Бразилын Коринтанс). Сүүлийн тоглолтуудад дотоодын лигтээ тоглож буй Кайо болон Фагнер нар нэлээд хэд оролцсон. Харин Д.Луисын хувьд байдал тун ээдрээтэй байгаа. Учир нь Английн Челси клубт тогтмол гараанд гарч чадахгүй байгаа бөгөөд клубынхээ тоглолтонд өнгөрсөн улирлын турш тоотой хэдэн удаа талбайд гарсан. Ер нь тэгээд дасгалжуулагч Титегийн хувьд хамгаалалтын цөм болсон ахмад тоглогчдоо авч явах уу? эсвэл шинэ залуу хамгаалагчдад араа даатгах уу? гэсэн асуулт тулгарч байна. Д.Алвес, Д.Луис, Т.Силва, Ф.Луис, Миранда болон Марсело нар хэдий нь 30 хүрсэн, зарим нь 30 гарсан. Гэхдээ ахмад туршлагатай хамгаалагчид илүү туршлагатай тоглолт гаргах нь дамжиггүй.
– Хагас хамгаалалт: Виллан (Челси), Паулиньо (Барселона), Фернандиньо (Манчестер Сити), Ф.Коунтиньо (Барселона), Диего (Фламенго), Р.Аугусто (Хятадын Бээжин Синобо Гуоан), Казмейро (Реал Мадрид), Жилиано (Фенербахче), Лукас Лима (Палмейрас), Фрэд (Шахтёр Донецк). Бразилын шигшээ багийн дундын шугаманд тоглодог хагас хамгаалагчид бол үнэхээр сайн формтой, шилдэг тоглогчид бий. Эдгээрээс Казмейро, Виллан, Паулиньо, Фернандиньо болон Ф.Коунтиньо нар эхний сонголт байх болов уу?
– Довтлогч: Неймар (ПСЖ), Д.Коста (Ювентус), Р.Фирминьо (Ливерпүүл), Г.Жесүс (Манчестер Сити), Д.Тарделли (Хятадын Шандон Люнэнг Тайшан), Д.Соуза (Бразилын Сан-Пауло). Дэлхийн хамгийн өндөр үнэтэй тоглогч Неймар Бразилын шигшээ багийн гол хөзөр байх болно. Өнгөрсөн 3 сарын эхээр бэртэл авч хагалгаанд ороод буй Неймарын зорилго бол бэртлээ эдгээж ДАШТ-нд оролцох явдал юм. Энэ бол дан ганц Неймарын асуудал биш Бразилын шигшээ багийн гол асуудал болоод байгаа. Гэхдээ түүнийг шигшээ багийн эмч ДАШТ-нд оролцох боломжтой гэж мэдэгдсэн. Түүнээс гадна Г.Жесүс хэмээх 21 наста тоглогч Европт тун сайн формтой байгаагийн дээр шигшээ багтаа тогтмол дуудагдаж гоол оруулж байгаа.
ДАШТ-ний хэсэг:
Бразил улсын шигшээ баг Швейцар, Серби болон Коста-Рикагийн шигшээ багуудтай С хэсэгт багтсан. Тэд В.Иванович, А.Коларов, Н.Матич нарын шилдэг тоглогчдоос бүрдсэн Сербийн шигшээ багтай хийх хэсгийн эхний тоглолт чухал. Хэрвээ энэ тоглолтонд хожил байгуулж чадвал хэсгээ тэргүүлэх боломж бүрэн байгаа. Хэсгээ тэргүүлж чадвал D хэсгээс 2-р гарсан багтай тоглож шөвгийн 8-д шалгарах боломж байна. Харин цааш хэрхэхийг дасгалжуулагчийн арга ухаан харуулах болов уу?
Багийн түлхүүр тоглогч:
Мэдээж өнөө цагийн дэлхийн шилдэг довтлогч Неймар. Францын ПСЖ клубт данстай Неймар хамгийн түрүүнд бэртлээ эдгээх нь чухал байна. Түүний дотор Олимпийн алтан медалиа дэлхийн аваргын алтан медалиар ихэрлүүлэх хүсэл мөрөөдөл нуугдаж байгаа нь дамжиггүй. Түүнд багийн хамтаар хүртэж үзээгүй цорын ганц шагнал байгаа нь дэлхийн аваргын алтан медаль юм. Неймар клубт авч болох бүхий л цомыг авсан бол Бразилын шигшээ багийнхаа хамтаар Олимпийн алт, мөнгө, ФИФА-н Конфендрэшн кап тэмцээний алтан медалийг хүртээд байгаа. Иймд дэлхийн шилдэг болохын тулд, мөн домогт Пелегийн энд хүрэхийн тулд дэлхийн аваргын цомыг эх орондоо залж ирэх заавал гүйцэтгэх даалгаварыг авч байна.
Б.БЯМБАБАЯР