Ирэх баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 27-нд Хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалт товлогдсон. Энэхүү түүхэн уулзалтын дараа Мун Жэ Ин болон Ким Жон Ун нар оройн зоог барихаар төлөвлөжээ. Тэдний оройн зоогийн десерт нь шоколад байх гэнэ. Гэтэл тэрхүү шоколад дээр Хоёр Солонгосыг нэгдсэн байдлаар дүрслэхдээ Токто /Солонгос нэр/ буюу Такэсима /Япон нэр/ бүлэг арлыг давхар дүрсэлсэнд Токио эсэргүүцлээ илэрхийлж байна.
Энэ тухай Японы Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн хэлтсийн дарга Кэнжи Канасуги Токио дахь Өмнөд Солонгосын Элчин сайдыг дуудан уулзаж, маргаантай газар нутгийн асуудалд баримталж буй байр сууриа илэрхийлжээ.
Япончууд энэхүү мэдэгдлээ Сөүл дэх Японы Элчин сайдын яам болон дипломат бусад сувгаар дамжуулан олон нийтэд түгээж байна.
Такэсима бүлэг арал нь Японы далай дахь Япон болон Өмнөд Солонгосын дунд оршдог аж. Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ бүлэг арал Солонгосын мэдэлд шилжсэн ажээ. Япон улс үүнийг “хууль бус ажиллагаа” гэж нэрлэдэг бөгөөд бүлэг арал нь өөрийнх нь нутаг дэвсгэрийн нэг хэсэг, Симанэ мужийн засаг захиргаанд харьяалагддаг гэж үздэг юм байна.
Дээрх бүлэг арал нь чулуулаг гэдгээрээ алдартай. Япон улс аралтай холбоотой асуудлыг НҮБ-ын Олон улсын шүүхээр хэлэлцэхийг санал болгосон байна.
Харин Өмнөд Солонгосын зүгээс Токто бүлэг арлыг тойрсон маргаан байхгүй. Учир нь энэ бүлэг арал нь газар нутаг, түүх, хууль зүйн үүднээс судлаад үзвэл Өмнөд Солонгосынх гэдэг нь яах аргагүй үнэн гэв.
А.АНИР