Авлигатай тэмцэх газар сар бүрийн 25-ны өдөр тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг билээ. Энэ удаагийн хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нар оролцлоо. Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням сэтгүүлчдийн асуусан асуултад тайлбар өгөв.
-УИХ-гишүүн Ж.Батзандан Л.Болд нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэсэн үү?
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн ямар нэгэн асуудал байхгүй. Иргэнээс ирсэн гомдлын дагуу УИХ-гишүүн Л.Болдоос тодруулга авсан. Одоогоор ямар асуудлаар гомдол гаргасан талаар мэдээлэл өгөх боломжгүй байна.
-АТГ-ын даргын хугацаа дууссан гэсэн асуудал яригдаж байгаа. Ерөнхийлөгчийн тамгын газраас хүний оронд нөхөж орсон гэж тайлбарлаж байна. Хуулиндаа ямар байдаг вэ?
-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг бид тайлбарлах эрхгүй. Гэхдээ хуулинд маш тодорхой заачихсан байгаа. Хуулиар АТГ-ын дарга, дэд даргыг нөхөн томилдог.
-Төрийн тусгай албаны удирдлагыг олон нийтийн санал асуулгаар тодруулах хэр зохиомжтой вэ. Одоо санал асуулга эхэлчихсэн байгаа?
-Бидний зүгээс тайлбар өгөх боломжгүй.
-АТГ-ынхан С.Баяртай уулзуулсангүй гэсэн мэдээлэл гарсан шүү дээ? Энэ асуудалд тайлбар өгч болох уу?
-С.Баяр саяхан АТГ-д бичиг хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтэд ‘Би хэнтэй ч уулзахгүй, хүн хүлээж авмааргүй байна’ гэдгээ хэлсэн байсан. Энэ хэргийн явц байдлын талаар прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгнө.
-Цагдан хоригдож буй хүмүүст эргэлт оруулж байгаа юу?
-Эргэлтийг хориглохгүйгээр ар гэрийнхэнтэй нь уулзуулж байгаа.
-С.Баяр болон Б.Ариунсан нарын биеийн байдал муудсан гэсэн мэдээлэл байгаа. Эмчилгээ,үйлчилгээ үзүүлж байгаа юу?Ямархуу нөхцөл байдалтай байна вэ?
-Цагдан хоригдож байгаа хүний биеийн байдлыг эмчийн магадлалаар тогтоодог. Цагдан хорих газарт хоригдож байгаа хүний эрүүл мэндийн байдал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавьж ажилладаг. Хоригдож буй хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг цаг тухайд нь авч ажилладаг. Энэ дагуу л ажиллаж байна. Тиймээс биеийн байдлын талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодруулах ёстой.
– Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг шалгаж байгаа юу?
-Эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудлыг бид удахгүй сайт дээрээ мэдээлэх болно. Манай хэвлэлийн төлөөлөгчид асуултаа бичигээр үлдээвэл бид өнөөдөртөө багтаад хариуг хэлнэ.
Э.Ариун