Хотыг жендерийн мэдрэмжтэй төлөвлөнө

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Хотыг жендерийн мэдрэмжтэй төлөвлөнө

Хотыг жендерийн мэдрэмжтэй төлөвлөнө

“Барилга, хот байгуулалтын салбарт жендерийн талаар баримтлах бодлого”-ыг 2025 он хүртэл хоёр шаттайгаар хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэчимэгээс тодрууллаа. Барилгын салбарт жендер хэмээх ойлголтыг хэрэглэгчдэд ялгаваргүй, эрх тэгш үйлчилгээ үзүүлэх хэмээн ашигладаг юм байна.

-Барилгын салбарт жендер хэмээх ойлголтыг хэрхэн ашиглаж байна вэ?

-Жендер гэхээр зөвхөн эр, эм хүйсийн талаар ойлгож болохгүй. Бидний өнөөдөр зохион байгуулж байгаа семинараар барилга, хот байгуулалтын салбар жендерийн хувьд ямар бодлого баримтлахыг хэлэлцэж байна.  Энэ чиглэлийн баримт бичгээ 2017 оны сүүлээр боловсруулж баталсан. Барилга, хот байгуулалтын салбарт жендерийн бодлогоо гурван зорилт дээр тулгуурлан гаргасан. Нэгдүгээрт, барилга, хот байгуулалтын салбарын төлөвлөлтөд жендерийн мэдрэмжтэй хандах. Хотоо, барилгын зургаа төлөвлөхдөө жендерийн мэдрэмжтэй байх.

-Хэрхэн жендерийн мэдрэмжтэй байх вэ?

Төлөвлөлт хийхдээ эрх тэгш байдлыг хангасан төлөвлөлт хийх ёстой юм. Хэн нэгний эрх ашгийг хөндсөн, хэн нэгэнд дутуу үйлчилсэн төлөвлөлттэй байж болохгүй. Нэг орон сууцанд адил биш орлоготой, олон түвшний хүмүүс холилдон амьдрах нөхцөлийг бүрдүүлэх замаар нийгэм дэх ялгаварлал, шударга бус байдлыг арилгах. Энэхүү бодлого хэрэгжсэнээр хот суурин газрын оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах орчны жендерийн мэдрэмжтэй багц буюу “Амьдралын чанарын суурь стандарт” боловсруулагдаж, салбарын оролцогч талуудын үйл ажиллагаанд нэвтрэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа.

-Бусад хоёр зорилт нь юу вэ?

-Барилгын салбарт 95 мянган хүн ажилладаг. Хоёр дахь зорилт нь, эдгээр хүмүүсийн ажиллах орчин, ар гэрийн байдалтай холбоотойгоор жендерийн тэгш бус байдал яригдана. Гуравт, барилга хот байгуулалтын салбараас гарч байгаа барилга, ажил үйлчилгээ жендерийн мэдрэмжтэй байх ёстой. Нэг орон сууцанд амьдарч байгаа хүн нар адил үздэг, эрх тэгш байх ёстой гэсэн зорилт тавиад байгаа.  

-Барилгын салбарт ажиллаж байгаа хүний хүйсийн харьцаа ямар байдаг вэ?

-Барилгын салбарт ажиллаж байгаа хүний хүйсийн харьцаа, тэдний эрх тэгш бус байдлын талаар яригдаж байгаагаас гадна бидний хийж байгаа ажил хэрэглэгчдэд хүрэхдээ жендерийн мэдрэмжтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, бүх хүнд хүртээмжтэй байх ёстой.

Бодлогын баримт бичгийг 2025 он хүртэл гаргасан. Өнөөдөр уг баримт бичгийг англи, монгол хэлээр гарган, хэрэгжүүлэх ажлынхаа нээлтийг хийлээ. Барилгын салбарын 60 орчим хувийг эрчүүд, 40 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.

-Барилгын салбарт 95 мянган хүн ажиллаж байна гэлээ. Энэ нь эрэлтээ хангаж чадаж байна уу?

-Барилга, хот байгуулалт нь газар зохион байгуулалт, геодези, барилгын материал, инженерийн аж ахуй зэрэг олон дэд хэсгээс бүрддэг. Үүнд нийт 6000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 95 мянган хүн ажиллаж байна. 95 мянган хүн ажиллаж байна гэдэг нь их тоо мэт боловч зарим хэсэгт ажиллах хүчин дутагдалтай байдаг. Барилгын салбарт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл манай оронд байдаггүй. Ихэнхдээ гаднын зээл тусламжтайгаар томоохон бүтээн байгуулалтын ажил явагддаг. Тухайн улс өөрийн улсын ажилчдыг ажиллуулах санал тавьдаг.

-Нийт ажилчдын хэдэн хувийг гаднынхан эзэлж байна вэ?

-Ойролцоогоор 7000-8000 хүн барилгын салбарт ажилладаг. Энэ нь олон учир шалтгаантай. Хөрөнгө оруулагчийн санал, шинэ дэвшилтэт технологид суралцах зэргээс үүддэг. Мөн монгол ажилчид тогтвортой ажилладаггүй. Тиймээс барилгын салбар гаднын ажилчдыг ажиллуулах саналтай байдаг. Ур чадварын хувьд монгол хүн гологддоггүй. Тэднийгээ чадваржуулах нь техник технологиосоо хоцорч байгаа.

-Барилгын салбарт ажиллаж байгаа хүний хэдэн хувь нь мэргэжлийн хүн байдаг вэ?

-Барилга, хот байгуулалтын салбарт 20 гаруй мянган инженер, техникийн ажилтан байдаг. Үлдсэн нь мэргэжилтэй ажилтан гэсэн үг. Жилд дунджаар 300-4000 мэргэжлийн ажилтан бэлтгэгдэж байна.

-Танай салбарт тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Эрс тэс уур амьсгалтай тул тасралтгүй үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Тиймээс улирлаас үл шалтгаалсан дэвшилтэд технологи нэвтрүүлэх хэрэгтэй байна. Өвөл ч үйлдвэрлэл явуулдаг болох хэрэгтэй байна.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж