АТГ: 22 албан тушаалтанд сануулах, сахилгын шийтгэл оногдуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

АТГ: 22 албан тушаалтанд сануулах, сахилгын шийтгэл оногдуулжээ

АТГ: 22 албан тушаалтанд сануулах, сахилгын шийтгэл оногдуулжээ

Авлигатай тэмцэх газар сар бүрийн 25-ны өдөр тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг билээ.  Энэ удаагийн хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нар оролцлоо.


Авлигатай тэмцэх газраас өгсөн мэдээллээр энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 100 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 37 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 28 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, долоон гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгажээ. 

Энэ сард Эрүүгийн хуулийн хуульд заасан авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас шалгуулахаар харъяалал тогтоосон нийт 344 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан аж. Үүнээс эрүүгийн найман хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 24 хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар, долоон хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтай харьяалах прокурорын байгууллагад шилжүүлжээ. 

Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • УИХ-ын гишүүн Л.Энхболдоос олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орчноор дамжуулан “Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй ‘Таван толгой’ ХК нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж ‘Эрдэнэс таван толгой’ ХК-ийн ашиглалтын MV-011943 тоот лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, 268.3 тонн нүүрс олборлон 20.0 сая орчим ам.долларын хохирол учруулсан талаархи мэдээлэл,

  • Дархан-Уул аймгийн Төрийн банкны эрх бүхий албан тушаалтан нар нь ‘Тэгш хан’, ‘Өег гурил’ ХХК-иудад удаа дараагийн үйлдлээр 6.5 тэрбум төгрөгийн зээл олгож зээлдэгчээс хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авч ашигласан байж болзошгүй мэдээлэл,

  • МУИС-ийн захирлын үүрэг түр орлон гүйцэтгэгч нь эрх бүхий албан тушаалтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж удирдах алба хаагчийг гадаад улс руу сургалтад явахад нь журам зөрчиж мөнгөн урамшуулал үндэслэлгүй олгосон, сургуулийн ойн арга хэмжээнд сэтгүүлд 55 сая төгрөг өгч хэвлүүлж бусдад давуу байдал олгосон тухай багш нарын төлөөллөөс гаргасан мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байна.

Нийт есөн холбогдогчтой 513,000,000 төгрөгийн хохиролтой найман эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 305 эрүүгийн хэрэг шалгаж байна. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралтай харьцуулахад мөрдөн шалгах ажлын ачаалал дөрөв дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж