Төрийн ордныг нийслэлээс нүүлгэе

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Төрийн ордныг нийслэлээс нүүлгэе

Төрийн ордныг нийслэлээс нүүлгэе

Төрийн ордныг нийслэлээс нүүлгэж, төв замаа чөлөөлье. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын сайдууд, УИХ-ын гишүүдийг ажилдаа ирэх, гэртээ харих замыг нь саадгүй болгохын тулд замын цагдаа нар төв зам дагуух авто машины хөдөлгөөнийг зогсоодог нь эргээд түгжрэл бий болгож байна.

Жишээ татвал, Спортын төв ордны эсрэг талаас 18.00 цагийн орчимд хөдөлсөн авто машинууд Сүхбаатарын талбай руу баруун эргээд л бүтэн нэг цагийг замын цагдаагийн хориглолтод алдаж байна.

Энэ хориглолтод зөвхөн автомашинаараа зорчиж яваа иргэдээр хязгаарлагдахгүй автобусанд суусан нь ч ордог. Дүүрэн хүнтэй автобусанд бүтэн нэг цагийг барна гэдэг бол хэцүү. Тэр тусмаа томчуудад шахагдан яваа балчир насныхны хувьд хөл дээрээ гишгүүлэхээс эхлээд асуудал үүсдэг. Нярай хүүхдүүдийн хувьд бүр ч амаргүй.

Энх тайвны гүүрээр зорчдог иргэдийн хувьд бас л хэцүү. Төрийн өндөрлөгүүд явах цагаар хориглолтод ордог. Нэг бол тэднийг явахаас өмнө эртээ гүүр давах, эс бол явсных нь дараа л зорчих нь хамгийн дээр хувилбар. Гэвч ажлаасаа, хичээлээсээ, цэцэрлэгээсээ хоцрох эрсдэл бий.

Мөн энэ түгжрэлээс болж, нийтийн тээврийнхэн цагийн хуваарийн дагуу үйлчлэх боломжгүй болж, зорчигчоо хүлээлгэдэг. Гэвч төрийн түшээдийг гэрт нь хариулж, ажилд нь ирүүлэхийн тулд хийж байгаа зохицуулалтаас болж, автобус цагтаа ирэх боломжгүй болж буйг мэддэг зорчигч цөөн. Гол бурууг нийтийн тээврийнхэн л үүрдэг.

Ажлаа сайжруулахын тулд оргил цагаар автобусныхаа тоог нэмлээ ч ахиц гардаггүй. Яагаад гэвэл Замын цагдаагийнхан төрийн түшээдийг саадгүй зорчуулахын тулд хориглолтоо тавьдаг учраас зорчигчид автобусаа хүлээхээс өөр арга байдаггүй. 

 Нөгөө талдаа замын цагдаа нар зохицуулалт хийх нэрээр түгжрэл үүсгэж, бухимдал үүсгэх болсныг анхаарах цаг хэдийн болсон болов уу. Замын цагдаа гараагүй газарт түгжрэлгүй, хөдөлгөөн шулуухан явдаг бол замын цагдаа ирээд зохицуулалт хийгээд эхэлбэл түгжрэл бий болдог. Эцэс сүүлдээ зохицуулж дийлэхээ байгаад хаяад явах нь бий.  Уг нь хотын аль хэсэгт авто машины түгжрэл хамгийн их үүсэж байна вэ гэдгийг Замын цагдаагийнхан дэлгэцээр хардаг атлаа яагаад өнөөдрийг хүртэл өөрсдөөсөө бий болж буй энэ алдааг олж хараад засдаггүйг үнэндээ ойлгодоггүй.

Сүүлийн үед  Замын цагдаагийн орчимд гүүрэн гарц барьснаар авто замын түгжрэл саарах тухай их ярих боллоо. Гэвч төв зам дагуух авто машины түгжрэлийг сааруулахад дээрх гүүрэн гарц нөлөөлнө гэвэл түүн шиг үлгэр үгүй. Харин Төрийн ордныг нийслэлээс нүүлгэсэн цагт төв зам дагуу үүсдэг түгжрэл буурна.

Хэдэн жилийн өмнө Кувейтээс  Монгол Улсад буцалтгүй тусламжаар шинээр парламентын ордон барьж өгөхөөр болж, хөрөнгө гаргах болоход газар олдохгүйгээс болж, тусламжийг авч чадахгүй гацаанд орсон. Нийслэлээс зайдуухан газар хайвал зөндөө бий.  

Мэргэжлийн хяналтын газраас газар хөдлөлт болоход нурах эрсдэлтэй обьектын тоонд Төрийн ордныг оруулсан байдаг. Засгийн газраас 2017 онд Төрийн ордны тулгуур багануудыг хүчитгэх шаардлагатай байна гэж үзэн, зарим ажлуудыг хийлгэсэн. Гэвч энэ бол газар хөдлөлтийг даваад гарах хэмжээний хамгаалалт болсон гэж хэлэхэд бас бэрх.  

Иймээс нийслэлийн түгжрэлийг бууруулах шаардлага үүссэн зэргийг бодолцсон ч Төрийн ордныг нийслэлээс зайдуухан барих хэрэгтэй байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж