1930 оны 7 сарын 4-ний өдөр. Италийн “Lloyd Sabaudo” компаний эзэмшилд байдаг “Conte Verde” хөлөг онгоц Европ тивээс гарч Атлантын их далайг хөндлөн туулж Өмнөд Америкийн Ла-Платын булан дахь Монтевидео хотын боомтод хүрэлцэн ирж зангуугаа хаялаа. Уругвай улсын нийслэл Монтевидео хотын олон мянган иргэдийн тоссон “Conte Verde” хөлөг онгоцонд ФИФА-н ерөнхийлөгч Франц эрхэм Жюль Римэ, анхдугаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цом болон гурван шүүгч, дээр нь Европ тивээс дэлхийн аваргыг зорин ирж буй Румын, Франц, Бельгийн шигшээ багууд дээр нэмэгдээд Бразил улсын хөлбөмбөгийн шигшээ багууд хүрэлцэн ирсэн юм. Энэ бол өнөөдөр хүн төрөлхтний хамгийн их үзэгчтэй спортын арга хэмжээ болох хөлбөмбөгийн дэлхийн аваргын суурийг тавьсан Франц эрхэм, ФИФА-н 3 дахь ерөнхийлөгч Ж.Римэгийн олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнгийн эхлэл байсан юм.
Зуны олимпийн II наадам Францын нийслэл Парис хотноо болж олимпийн хөлбөмбөгийн тэмцээн анх клубуудын дунд улмаар 1908 оноос Европын шигшээ багуудын дунд зохион байгуулагддаж байгаад 1924 оны зуны олимпийн наадмаас өргөн хүрээг хамарч Европ тивээс гадна Африк, Америк тивийн шигшээ багууд оролцож тун амжилттай зохион байгуулагдлаа. Энэ нь байгуулагдаад ердөө 20 жилтэйгээ золгож буй ФИФА-гаас бие даасан тэмцээн зохион байгуулах хэрэгтэй юм байна гэсэн санааг өгсөн ГЭДЭГ. Ингээд ФИФА-н ерөнхийлөгч Ж.Римэ 1929 онд Испаний Барселона хотноо болсон 18-р чуулганаар анхны дэлхийн аваргыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Анхны дэлхийн аваргыг зохион байгуулах эрхийн төлөө Швед, Итали, Унгар, Нидерланд, Испани болон Уругвай улсууд нэр дэвшлээ. Ингээд ердөө жилийн өмнө 1928 онд тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж буй, 1924, 1928 оны зуны олимпийн наадмын хөлбөмбөгийн аварга Уругвай улсад анхдугаар тэмцээнийг зохион байгуулах эрхийг өгсөн юм. Уругвай улс тэмцээнийг зохион байгуулахын тулд шинэ цэнгэлдэх хүрээлэн барих ажилдаа шамдан орж, оролцогч орнуудын замыг зардлыг ч даахаа зарлав. Гэсэн хэдий ч тэмцээн эхлэхэд 2 сар дутуу байхад Европ тивээс оролцох баг хараахан байхгүй байв. Ингээд Ж.Римэ Европоор явж ятгасны эцэст Франц, Бельги, Румын болон Югославын шигшээ багуудыг оролцуулахаар болсон юм.
Уругвай-1930 хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Америк тивээс зохион байгуулагч Уругвай, Парагвай, Перу, Аргентин, Чили, Бразил, Болив, Хойд Америкаас АНУ, Европ тивээс Франц, Югослав, Румын, Бельги улсын шигшээ багууд оролцсон. Тус тэмцээн нь хөлбөмбөгийн ДАШТ-ний түүхэнд цорын ганц удаа сонгон шалгаруулалтгүй зохион байгуулагдсан байдаг. Харин хөлбөмбөгийн эх орон гэгддэг Англичууд сонирхогчдын тэмцээнд оролцохгүй гэснээр тэмцээнд хүрэлцэн ирээгүй юм. Гэсэн хэдий ч хөлбөмбөгийн анхдугаар ДАШТ-н амжилттай зохион байгуулагдаж “Ялалтын охин тэнгэр” хэмээх цомын төлөө Уругвай улсын нийслэл Монтевидео хотын 3 цэнгэлдэх хүрээлэнд 13 улсын шигшээ багууд өрсөлдөж олимпийн хошой аварга Уругвай улсын шигшээ баг Аргентин улсын шигшээ багийг 4-2 харьцаатай хожин аваргын цом, алтан медалийг хүртсэн юм.
Тэмцээний анхны гоолыг Францын шигшээ багийн тамирчин Люсьен Лоран Мексикийн эсрэг хийсэн эхний тоглолтонд оруулсан. Тэгвэл анхны улаан картыг Перугийн шигшээ багийн ахлагч Пласидо Галиндо Румыны эсрэг хийсэн тоглолтонд авсан байдаг. Мөн тухайн үед талбай дээрх 10 тамирчинг сэлгэдэггүй зөвхөн хаалгачийг сэлгэдэг байсан бөгөөд Америкийн шигшээ баг сэлгээний тамирчингүй 11 хүний бүрэлдэхүүнтэй оролцож хагас шигшээд хүрсэн. Тэмцээний аваргаар Уругвайн шигшээ баг шалгарч анхны дэлхийн аваргын цомыг хүртсэн нь өдгөө түүх болон үлджээ.
Б.БЯМБАБАЯР