ШУА цахим номын дэлгүүртэй боллоо

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

ШУА цахим номын дэлгүүртэй боллоо

ШУА цахим номын дэлгүүртэй боллоо

Шинжлэх ухааны академи эрдэмтэн судлаачдынхаа туурвиж эмхэтгэсэн номыг нэг цэгт төвлөрүүлж, цахимаар худалдаалах боломжтой боллоо. Номын цахим дэлгүүр болох www.ac.mn сайтын нээлт өнөөдөр Дэлхийн оюуны өмчийн өдөр, Дэлхийн номын өдрийг тохиолдуулан тус академийн байранд болсон юм.

Нээлтийн ёслолд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г. Чулуунбаатар, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Авид, БСШУСЯ-ны соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн болон эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцлоо. Энэхүү цахим номын худалдааны системийг хөгжүүлэх ажлыг “ГөүСмарт ТМ” ХХК гүйцэтгэж байгаа аж.  

Шинжлэх ухааны академи нь салбарын мэдээллийн менежментийг хөгжүүлэх, байгууллагын дотоод мэдээллийн системийг шинэчлэх ажлын хүрээнд мэдээллийн технологийн орчин үеийн боломжийг бүрэн ашигласан нэгдсэн бодлоготой цахим системийг (www.ac.mn) шинээр хөгжүүлж, ШУА-ийн бүх түвшинд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ нь нэгдсэн мэдээллийн дундын том сан бий болж хэрэглэгчид болон байгууллага хоорондын харилцаа холбоо сайжирч, хамтын ажиллагааны үр шим нэмэгдэх ач холбогдолтойг дурдлаа.

Номын цахим дэлгүүр болох www.ac.mn сайтын нээлтийн үеэр ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БСШУСЯ-ны соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн нарын сэтгэгдлийг хүргэе.

ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл

  • Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс хойш долоон хоногийн турш дэлхийн номын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улс 1995 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн. Энэ жил ШУА-ийн зүгээс цөөнгүй ажлыг хийж байгаагийн нэг нь цахим номын дэлгүүрийн нээлт юм. ШУА-ийн системд ажиллаж байгаа 800 гаруй судлаач бий. Эдгээр судлаачид жилд дунджаар 150-170 ном бичиж байна. Аль хүрээлэнгийн ямар эрдэмтэн ном бичээд байна гэдэг мэдээллийг ард түмэнд хүргэх түгээмэл систем байхгүй байсан. Сонирхсон хүн л хүрээлэнд очиж гарч байгаа мэдээллийг авдаг байлаа. Бид шинжлэх ухааны технологийг ашиглаад ШУА-ийн цахим хуудсанд номын дэлгүүрийг нээж байна. Цахим хуудсаар ороод бүрэн мэдээллийг авах юм. Энэ цахим дэлгүүр өнөөдөр нээгдэж байгаа боловч цаашид дэлхийн цахим номын дэлгүүрийн үйл ажиллагааны дагуу явна. 

 

БСШУСЯ-ны соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн

  • Сүүлийн жилүүдэд Монгол Улс дэлхийн номын өдрийг идэвхтэй тэмдэглэж байна. Одоогийн байдлаар улс орон даяар дэлхийн номын өдрийг тохиолдуулан бүртгэгдсэн 200 гаруй арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Боловсролын салбарт шинжлэх ухааны танин мэдэхүйн номыг хялбарчилсан хэлбэрээр олон хувиар хэвлүүлж хүртээсэн байгаа. Өнөөдрийн арга хэмжээ бол яамнаас гарч байгаа бодлого, хэрэгжилт үйлчилгээг зохицуулж, бүрдүүлэх үйл ажиллагаатай уялдаа холбоотой. Соёлын үйлчилээ тэр дундаа номын үйлчилгээ хүнд ойртоход шинжлэх ухааны үндэслэлтэй, техник технологт тулгуурлсан үйл явдлын гэрч нь болж чадлаа. Монголын номын ертөнцөнд шинэ түүх нээгдлээ. Энэ оюунлаг үйлсийг бүтээж байгаа, цааш авч явах нийт хүмүүст талархал илэрхийлье. Та бүхэнд Дэлхийн номын өдрийн баярын мэндийг хүргэе.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж