Л.Болд: Иргэдээ сонссоноос болж хэрэг үүсгэсэн түүх дэлхийд байхгүй | Б.Хурцын гомдлын дагуу Ж.Батзандангаас гэрчийн мэдүүлэг авчээ |
АТГ-аас УИХ-ын гишүүн Л.Болд болон Ж.Батзандан нарт Б.Хурцны гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэж байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болдоос зарим зүйлийг тодрууллаа. -Та ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид очиж, зарим хүмүүстэй уулзсан гэсэн. Үүнтэй зэрэгцээд танд болон УИХ-ын гишүүн Ж.Батзанданд ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гомдлоор хэрэг үүсгэх гэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна? -УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагааны хүрээнд миний бие Оюутолгойн гэрээний асуудлаар шалгагдаж, хоригдож байгаа нэр бүхий хүмүүстэй уулзаад ирсэн. Бүгдтэй нь уулзах гэсэн боловч Ерөнхий сайд асан С.Баяртай уулзуулсангүй, нөгөө дөрөвтэй нь уулзаад, хоригдож байгаа нөхцөл байдалтай нь хүний эрхийн талаас нь танилцаад ирсэн. Нөхцөл байдал сайнгүй байсан бөгөөд улс төр хийгээгүй л бол эдгээр хүмүүсийг хорьж шалгах зайлшгүй шаардлага байна уу гэдэгт эргэлзэж байгаа. -УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон таны нэр дээр хэрэг үүсгэх гэж байгаа талаар? – АТГ-аас өчигдөр мэдэгдэл ирүүлсэн. УИХ-д нээлттэй сонсгол хийж иргэдээ сонссоноос болж Б.Хурц гэдэг хүн биднийг буруутгаж өргөдөл гаргасан. Нээлттэй сонсгол хийсэнд Эрүүгийн хуулийн 22.1-р зүйлээр хэрэг үүсгэсэн байна. Ер нь иргэдийнхээ асуудлыг сонссоноос болж парламентын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн түүх дэлхийд ганцхан Монгол Улсад л гарах гэж байна. Хамгийн хачирхалтай нь бид шүүхэд хандахаар Б.Хурцын хаяг тогтоогдохгүй байна гэдэг. Хан-Уул дүүрэг дээр мухардаад, Баянзүрх дүүргийн шүүхэд хандахаар энэ хаяг дээр байхгүй гээд сар гаруйн дараа буцаадаг. Тэгвэл Б.Хурцын талаас Зайсангийн хаягаараа өргөдөл гаргахаар Ж.Батзандан гишүүнийг хоёр шатны шүүхэд буруутгасан шийдвэр гаргачихдаг. Одоо АСЕМ Виллагийн хаягаараа бид хоёрт Нээллтэй сонсголын шалтгаанаар хэрэг нээлгээд байгаа юм. – Нээлттэй сонсголд Ж.Батзандан гишүүн та хоёроос гадна өөр нэр бүхий гишүүд оролцсон. Тэдэнд мөн ийм хэрэг үүсгэсэн үү? – Уг таван ч УИХ-ын гишүүн хамтдаа нээлттэй сонсгол хийж дүгнэлтэд гарын үсгээ зурцгаасан. Эндээс хоёрыг онцолж байгаа учрыг мэдэхгүй байна. Бусад гишүүдэд мэдэгдэл ирсэн эсэхийг мэдээгүй. -Та 461-р ангиас ирээд хэвлэлд яриа өгөхдөө ‘Эрдэнэс Монгол’-ын захирал асан Б.Бямбасайханыг 20 гаруй хоног хорьсон хэрнээ нэг ч удаа байцаалт аваагүй гэж ярьсан. Харин АТГ үүнийг үгүйсгэж байх юм? -Хүний эрхийн нөхцөл байдал талаас нь очиж уулзсан. Энд өмнө нь Б.Бямбасайханаас байцаалт мэдүүлэг авсныг огт дурдаагүй, зөвхөн цагдан хоригдсоноос хойш байцаалт авсан эсэх асуудлыг ярьж байгаа гэдгийг ойлгоорой. Миний зүгээс ямар ч худал үг зохиож хэлэх шаардлагагүй. Сонссоноо л ярьсан. Нэг үгээр хэлбэл Б.Бямбасайхан хүний эрх зөрчигдөж байна гээд энэ тухайгаа хэлсэн, хэн үнэн ярьж байгааг прокурор тогтооно биз дээ. Улстөрчид бид яах вэ, төрийн хуулинд шалгуулах нь байх асуудал. Харин таван нялх хүүхэдтэй, одоо эхнэр нь өнөө маргаашгүй төрөх гэж байгаа, улсынхаа хөгжилд бодитой хувь оруулж байгаа, өндөр боловсролтой, 40 нас ч хүрээгүй залууд ийм хатуу хандах нь зөв үү. Ш.ЧИМЭГ
| УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2018.04.25/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын гомдлын дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас гэрчийн мэдүүлэг авчээ. Энэ асуудлын талаар түүнээс цөөн асуултад хариулт авлаа. -Таныг өнөөдөр ямар асуудлаар Авлигатай тэмцэх газарт дуудсан бэ? -Өнгөрсөн оны 12-р сарын 10-ны хавьцаа УИХ-ын 40 гаруй гишүүн санаачилга гаргаж тухайн үеийн ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой 10 гаруй өргөдлийн талаар иргэдийг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг УИХ-д зохион байгуулсан. Мөн С.Зоригийн хэргийг шалгасан байдалтай холбоотой Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэр бүлээс ирсэн өргөдөл ирсэн. С.Зоригийн хэргийн материалууд нууцаас гарсан учраас гэр бүлийн хүмүүс нь УИХ-ын гишүүдэд ирж санал гомдлоо хэлсэн юм. Хоёрдугаарт “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд өгөх процесст Б.Хурц оролцсон гэдгээ телевизээр мэдэгдсэн. Гуравдугаарт Д.Энхбат гэдэг хүнийг Тагнуулын ерөнхий газрын гурван ажилтан Герман, Францаар дамжуулж Европын холбооны зөвшөөрөлгүйгээр хулгай хийж авчирсан талаарх гэр бүлийнх нь гишүүдээс гомдол УИХ-д ирсэн. Тэр гомдлын талаар Д.Энхбат агсны гэр бүлийнхэн ярьсныг та бүхэн сонссон байх. Гэр бүлийнх нь 10 гаруй хүнийг Б.Хурц дарамталж байсан тухай гомдлууд ирсэн. Мөн Тагнуулын газрын ажилтан н.Цогтбаатарын гэр бүлээс Б.Хурц гэдэг хүн дарамт шахалт үзүүлдэг тухай, зарим нэг бизнесменүүдээс Б.Хурцтай холбоотой гомдлууд ирсэн. Эдгээр асуудлыг УИХ-н зарим гишүүд нээлттэй хэлэлцүүлэг хийж та бүхэнд ярьсан. Гэтэл өнөөдөр АТГ-ын мөрдөн байцаагч н.Дамдинсүрэн, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас ирсэн бичгийн дагуу С.Зоригийн хэргийн талаар ярьж буй гишүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэх асуудлыг ярьж байна. -Б.Хурцын гомдлын дагуу танаас гэрчийн мэдүүлэг авсан уу? -Өнөөдөр надаас Б.Хурцын гомдлын дагуу гэрчийн мэдүүлэг авсан. Ордон дотор нээлттэй хэлэлцүүлэг хийсэн учраас намайг буруутгаж байна. УИХ-ын гишүүн ард түмний эрх ашгийг хамгаалах гэж сонгогддог. Дарга нарын эрх ашгийг хамгаалахын тулд сонгогддоггүй юм. УИХ-ын олон нийтийн сонсгол хийж байгаа гишүүдэд өнөөдрөөс эхлээд Эрүүгийн хэрэг үүсгэхээр прокурор, АТГ явах юм байна. Цаад шалтгаан нь С.Зоригийн аллага, Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг битгий яриач ээ гэдэг асуудлыг тавиад байгаа юм. Энэ асуудлуудаар нээлттэй сонсгол хийх юм бол Эрүүгийн хэрэг үүсгэнэ шүү гэдэг сануулгыг өгч байгаа гэж ойлголоо. УИХ-ын гишүүдийг дарамтлах, айлган сүрдүүлэх ажиллагааг хууль хяналтын байгууллага хийж эхэлж байна. Хууль хяналтын байгууллага төрд шургалсан мафийн айлган сүрдүүлэх үйл ажиллагааны өмнө бөхийж болохгүй. Өчигдөр орой 17 цагийн орчимд Л.Болд гишүүнийг дуудаж мэдүүлэг авсан. -Танд олон нийтийн сонсгол зохион байгуулсан хэргээр хэрэг бүртгэл нээсэн гэж ойлголоо. Нийтийн сонсгол зохион байгуулахад яг ямар хуулийг зөрчсөн гэж тайлбарлаад байна вэ? Энийг АТГ шалгах үндэстэй юу? -Нийтийн сонсгол зохион байгуулах хууль гэж байгаа. Бид аргаа бараад нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ талаар бичгээр тайлбар өгнө. Б. Хурц гэдэг хүн АТГ-ын дарга байсан хүн. Энэ байгууллагад дандаа Б.Хурцын гар хөл болсон хүмүүс сууж байгаа. Б.Хурц бол АТГ-ын мөрдөн байцаагчдыг хувийн компанид захиалга өгч байгаа мэтээр ажиллуулдаг хүн дээ. Өнөөдөр АТГ-ын мөрдөгч н.Дамдинсүрэн хэлэхдээ “Б.Хурц даргын гомдлын дагуу таныг шалгаж байгаа”гэсэн. Гэхдээ Монгол улсад хууль гэж зүйл байгаа. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй асуудалд Б.Хурцаас хараат бус хүмүүс шалгах ёстой. Э.АРИУН |