Багш хүний чухал чанар бол шавиа хайрлах

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Багш хүний чухал чанар бол шавиа хайрлах

Багш хүний чухал чанар бол шавиа хайрлах

Энэ удаагийн “Миний мэргэжил” булангийн зочноор МУБИС–ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС–ийн Сургалтын менежер П.Болорцэцэгийг урилаа. Тэрээр хүүхэд байхын багш болохыг мөрөөдөж, багш болж тоглоно. Мөн А үсэг заасан Наранцэцэг багш шиг ийм гоё багш болох юмсан гэж боддог байжээ. П.Болорцэцэг аравдугаар ангиа төгсөөд гадаад хэлний багш болно гэж байсан ч бага ангийн багшаар 21 жил ажилласан байна. Багшлах гараагаа Дорнод аймгийн Баян–Уул сумаас эхэлжээ. Дөнгөж төгссөн шинэхэн багшид хоёр анги даалгасан нь түүнд өгсөн хариуцлага, итгэл байв. Өглөөний ээлжийн шавь нар нь өдрийн ангид хичээл орж байхад нь хаалга онголзуулан “Багш аа, зөөхийтэй хлем, тарваганай михан идэхтий” хэмээн буриадаар шулганалдана. Тэдний харцнаас хүндлэл, хайр мэдрэгдэнэ. 8-9 настай тэр жаахан хүүхдүүдэд багшийгаа хайрлан халамжлах ухаан байсан нь түүнд багш хүний хамгийн чухал чанар бол шавь нараа хайрлах юм байна гэсэн бодлыг төрүүлсэн байна.

Тэрээр бага насны хүүхдүүдтэй ажиллах сайхан. Тэднийг харахад гэрэл гэгээтэй, баяр баясгалантай, ямар ч хар муу санаагүй болохоор их аз жаргалтай байдаг. Сургалтын менежер болсон чинь хүүхдүүдээ их санаж байна гэсэн юм. Уншиж, бичиж чадахгүй хүүхдүүдийг хүлээж аваад уншуулж, бичүүлж сургаад дээр нь амьдралын зөв дадал хэвшил олгочихвол хүнтэй зөв мэндэлдэг, хогоо хогийн саванд хийх, найз нөхдөө хүндэлдэг зан чанарыг эзэмшээд ирэхийг нь харахаар бахархах сэтгэл төрдөг. Бага ангийн багшийг эцэг эхгүйгээр төсөөлөхийн аргагүй. Эцэг эхийг нэг хамт олон, баг болгоод хүүхдүүдийнхээ төлөө ажиллах сайхан. Эцэг эхээс урмын үг сонсох, хүүхдүүдийн багшийгаа хайрлах, хүндэтгэх сэтгэлийг олж харах хамгийн аз жаргал гэж байлаа.

П.Болорцэцэг багш багш болохыг мөрөөдөж байгаа хүүхдүүдэд “Багш болохын тулд хамгийн түрүүн зорилготой байх хэрэгтэй. Сүүлийн үед оюутнууд “Би төгсөөд багш болохгүй” гэдэг. Багш хүнд хамгийн чухал зүйл нь сэтгэл. Бүх зүйлийг сэтгэлээсээ хийдэг, бүх сэтгэлээ хүүхдийн төлөө зориулж чадвал амжилтад хүрнэ. Багш хүн бүх зүйлд чин сэтгэлээсээ хандвал хүүхэд нь тийм болж хүмүүжинэ. Хүн ажилдаа хэдий чинээ сэтгэл гаргана төдий чинээгээр ажилдаа бэлтгэлээ хангана. Сайн бэлтгэлтэй хичээл заахад тухайн хичээл чанартай болно. Чанартай хичээлийг хүртэж байгаа хүүхдүүд чанартай боловсрол эзэмшинэ. Мөн хүүхэд, эцэг эх, хамт олонтойгоо хэрхэн харилцах вэ. Багш болж байгаа хүн харилцааны чадварыг сайн эзэмшсэн байх хэрэгтэй. Харилцаан дээрээс алдсан асуудал их гарч байна. Оюутан байхдаа дадлага хийх явцдаа сургууль, хамт олны үйл ажиллагаа, багшийн жаргал, зовлон, ажлын ачаалал, хүүхэдтэй харилцаж байгаа харилцаа, эцэг эхчүүдтэй хэрхэн ажиллахыг бүгдийг нь мэдэж, суралцаж дадлагаа хийвэл илүү ач холбогдолтой. Тиймээс дадлагын хугацааг оромдох төдий биш өөртөө хэрэгтэй зүйлээ олж авбал үр дүнтэй байдаг” хэмээн зөвлөж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж