Х.Болорчулуун: Хэрэгжихгүй хуулийг хүчиндээд байх уу

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Х.Болорчулуун: Хэрэгжихгүй хуулийг хүчиндээд байх уу

Х.Болорчулуун: Хэрэгжихгүй хуулийг хүчиндээд байх уу

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдав. Хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг     УИХ-ын чуулганд хүргүүлэхээр болсон юм. 

Энэ хуулийн төсөл нь газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах тухай асуудал юм. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Ямар учраас газар өмчлүүлэх хугацааг сунгах болсон бэ. Нийт иргэдийн хэдэн хувь нь газраа өмчилсөн бэ. Газар өмчлөх асуудлыг иргэд сонирхохгүй байгаа шалтгаан нь эдийн засгийн эргэлтэд ороогүйтэй холбоотой. Улаанбаатар хотод өмчлөх газар байгаа юу. Нийслэлийн иргэдийн хэдэн хувь нь газраа өмчилж авсан бэ. 

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан:

-Өнөөдрийн байдлаар нийт иргэдийн 18 хувь нь, нийт өрхийн 62 хувь газартай. Өнгөрсөн 2003-2008 он хүртэл өрхийн хэрэгцээнд газар өмчлүүлсэн. Дараа нь 2008 оноос хойш иргэнд газар өмчлүүлээд явж байгаа юм. Газар өмчлөл эрчимтэй явахгүй байгаа гол шалтгаан нь иргэд өөрсдийн оршин сууж байгаа газрыг авсан. Бусад газрыг дэд бүтэцтэй газар авах сонирхолтой. Гэтэл ийм боломж бага болсонтой холбоотой. Нөгөө талаар газрын үнийг 1997 онд батлагдсан суурь үнээр явж байгаа. Тэгэхээр суурь үнийг өөрчлөх юм бол эдийн засгийн эргэлтэд орно. 

Ажлын хэсгийн төлөөлөгч:

-Улсын хэмжээнд 18,3 хувь нь газраа өмчилж авсан. Үүнээс Улаанбаатар хотын иргэд 13,2 хувийг эзэлж байгаа. 2011 онд 242 мянган га газрыг өмчлүүлэх боломжтой гэсэн судалгаа гарсан. Үүнээс 130 га газар дээр газрын төлөвлөлт хийгээд, өмчлөлийн ажил явагдаж байгаа. Газрын нөөцийн ихэнх нь хөдөө орон нутагт байна гэж судлагдсан байдаг. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Газар өмчлөлийн хууль 16 жил болж байхад нийт иргэдийн 18 хувь нь газар өмчилж байна. Тэгэхээр энэ хууль амьдрал дээр хэрэгжихгүй байгааг харуулж байна. Цаашид ч хэрэгжихгүй. Ийм хуулийг хүчиндээд, хугацааг нь сунгаад байх юм уу. Хамгийн гол нь 16 нас хүрсэн хүнд газар өмчлүүлэх хэрэгтэй. Хүүхэд бол өмчлөх биш, эзэмшиж болно шүү дээ. Аймаг, сум дээр эзэнгүй хашаа маш ихээр нэмэгдэх болсон. Энэ нь хот төлөвлөлтөд сөрөг нөлөөтэй байдаг. 

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан:

-Х.Болорчулуун гишүүний хэлж байгаачлан 16 нас хүрээд газар өмчлөх тухай асуудлаар санал авсан. Ингэхэд Газрын тухай хуулийг цогцоор нь шинэчлэх үед ярих нь зүйтэй гэж үзээд зөвхөн газар өмчлүүлэх хугацааг сунгахаар болсон. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Газар өмчлөх процесс нь явагдаж байхад хуулийн хугацаа зогсох гээд байгаа учраас зөвхөн хугацаан дээр л асуудал яригдаж байгаа. Гишүүд газар өмчлөлтэй холбоотой олон санал хэллээ. Үүнийг протоколд тэмдэглэх хэрэгтэй. Яг үнэндээ бол газар өмчлөл “но”-той байгаа нь үнэн. Ямар ч дэд бүтэцгүй газрыг иргэдэд өгч байгаа. Энэ бол явуургүй. Тиймээс дэд бүтцийг яаж сайжруулах вэ гэдэгт анхаарах ёстой. Одоо хуулийн хугацаа дуусахад тавхан хоног үлдсэн учраас анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргаж байна. 

Ийнхүү Д.Эрдэнэбат гишүүний санал дэмжигдэж, анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг УИХ-ын чуулганд хүргүүлэхээр болов. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж