Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2017-2018 оны улирал өндөрлөх шатандаа орж хагас шигшээ тоглолт эхэллээ. Урьд шөнө Английн Ливерпүүл клуб талбайдаа Италийн Рома клубыг хүлээн авч 5-2 харьцаатай буулгаж авснаар энэ улирлын аваргуудын лигт ганц ч хожигдоогүй гэсэн цувралаа үргэлжлүүллээ. Энэ тоглолтонд Рома клубээс Ливерпүүл клубт өнгөрсөн зун ирсэн Египетийн “хан хүү” М.Салах 2 гоол, 2 гоолын дамжуулалт өгч энэ тоглолтын шилдгээр шалгарч байна.
- Ливерпүүл 5-2 Рома (гоол: М.Салах 35’, 45’, С.Манэ 56’, Р.Фирминьо 61’, 68’, Э.Жеко 81’, Перотти 85’ пен)
Ливерпүүл: Л.Кариус, А.Робертсон, Д.Ловрен, ван Дейк, Т.Александр-Арнолд, Ж.Милнер, Ж.Хендерсон, А.Окслейд-Чемберлайн (Ж.Вейналдум 18’), С.Манэ, Р.Фирминьо (Н.Клаван 90+3’), М.Салах (Ингс 75’)
Рома: Бекер, Фазио, Манолас, Х.Жесүс (Гоналонс 67’), Флоренци, де Росси (Перотти 67’), Строотман, А.Коларов, Ч.Ундер (Щейк 46’), Найнголан, Э.Жеко
Энэ тоглолтонд хэдийгээр Ливерпүүл клуб хожил байгуулсан ч тийм баталгаатай хожил гэж хэлэхэд эрт байгаа. Учир нь тоглолт эхлээд удаагүй байхад дундын шугаманд довтолгоонд хүч нэмж байсан А.Окслейд-Чемберлайн гэмтэл авч талбайг орхисон бол М.Салахыг сэлгээгээр сууснаас хойш талбайн эздийн довтолгоо эрс суларч байсан. Рома клуб дунд шөвөгт Барселона клубын талбайд 4-1 харьцаатай хожигдоод өөрсдийн талбайдаа гайхалтай эргэн ирэлт хийж 3-0 харьцаатай хожил байгуулж хагас шигшээд шалгарсан. Иймд хагас шигшээгийн энэхүү цуврал бүрэн шийдэгдсэн гэхэд арай эрт байна. Дахиад тун сонирхолтой 90 минут хүлээж байна. Хариу тоглолт 7 хоногийн дараа Ром хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болно.
Б.БЯМБАБАЯР