Шадар сайд аа, хэнд хариуцлага тооцох вэ?

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Шадар сайд аа, хэнд хариуцлага тооцох вэ?

Шадар сайд аа, хэнд хариуцлага тооцох вэ?

Говьсүмбэр аймгийн Баянтал суманд одоогоос сар гаруйн өмнө тодруулбал, гуравдугаар сарын 18-нд “Дүнжингарав” хурдан морины уралдаан болж, 16 хүүхэд мориноос унаж, зарим нь хүнд бэртсэн. Учир нь, харанхуй болсон байтал соёолон морьдыг уралдуулсан юм. Энэ үед  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын (ГБХЗХГ) Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар зохион байгуулагчдад хандаж, уралдааныг цаашид үргэлжлүүлэх боломжгүй талаар анхааруулсан байдаг. Гэвч тэд Засгийн газрын шийдвэргүйгээр, урьдчилж мэдэгдэлгүйгээр уралдаан зохион байгуулсан шигээ түүний үгийг авч хэлэлцэлгүй уралдааныг үргэлжлүүлсэн байдаг.  

Үүний дараа 16 хүүхэд мориноос унаж, бэртэж гэмтсэний маргааш нь баруун аймгуудад ажиллаж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дүнжингарав” хурдан морины уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчилд дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчигдсөн бол холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох үүргийг Шадар сайд Ө.Энхтүвшинд өгсөн.

Үүргийн дагуу гуравдугаар сарын 20-нд Шадар сайд Ө.Энхтүвшин хүүхдийн эрхийг хамгаалах чиглэл бүхий байгууллагуудтай уулзаж, буруутай хүмүүсийг тогтоох, хэнд ямар хариуцлага тооцох талаар санал ирүүлэхийг хүссэнээр уулзалт өндөрлөсөн.

Энэ уулзалтаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн ч асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь бүү хэл, хэнд ямар хариуцлага тооцохоор болсон нь тодорхойгүй байна.

Тиймээс хэнд ямар хариуцлага тооцох санал хүргүүлсэн талаар ГБХЗХГ-ын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатараас тодруулахад “Бид хуулийн байгууллага биш. Тиймээс хэнд ямар хариуцлага тооцох саналыг манайх гаргахгүй. “Дүнжингарав” хурдан морины уралдааны тухайд Шадар садын дэргэд ажлын хэсэг гарч, ажиллаж байгаа. Тиймээс тэдний баг энэ асуудлыг шийднэ” гэлээ.

Хэнд ямар хариуцлага тооцох вэ, Шадар сайд аа. Таны дэргэд ажиллаж буй ажлын хэсэг юу хийж байна вэ? Хийж буй ажил, гаргасан шийдвэрээ сонирхуулаач. Засгийн газрыг үл тоон зугаацаж, бусдын алдрай үрсийг өөрсдийн зугаа цэнгэлийн золиос болгож буй хэнэггүй нөхдөд хариуцлага тооцохгүй бол энэ явдал улам даамжирч олон хүүхэд хохирсоор байх болно. Шадар сайд та, бусдын зугаа цэнгэлийн золиос болж, бэртэж гэмтэж, эрүүл мэндээрээ хохирч, цаашлаад тахир дутуу болж бүхэл амьдралаараа хохирох хүүхдүүдийн төлөө буруу зүйл хийсэн хүнд хариуцлага тооцооч.

Үндэсний их баяр наадам хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох, өвөл, хавар хурдан морь уралдуулахыг бүр мөсөн хориглох шийдвэр боловсруулсан гэсэн чинь юу болсон бэ? 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж