"Ноолуурын зах зээлд Хятадууд ноёлж байна"

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

"Ноолуурын зах зээлд Хятадууд ноёлж байна"

"Ноолуурын зах зээлд Хятадууд ноёлж байна"

Энэ хаврын эхний ноолуур ченжүүдийн гарт хүрээд аль хэдийнээ дуусчээ. Өнгөрсөн жил ‘Эмээлт’ захад нэг кг ямааны ноолуур оргил үедээ 108 мянган төгрөг хүрч байв. Харин энэ жилийн хувьд тус захад нэг кг ноолуурын ханш 110 мянган төгрөг болтлоо өссөн гэдгийг ‘Эмээлт’ захын ченжүүд хэлж байлаа.

Мал төллөөд эхэлчихсэн байгаа энэ үед ‘Эмээлт’ захын ойр орчимд хөл хөдөлгөөн багатай байв. Биднийг үдийн 12 цагийн орчимд түүхий эд авах цэгүүдэд очиход цөөн тооны ачааны машин холхиж, ажилчид нь малын арьс ширийг хураан, ялгаж байхтай таарлаа. Дөхөөд очиход хашаагаар дүүрэн, хонины нэхий, туурай зэрэг малын бүтээгдэхүүнийг хураасан байв.

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн ноолуур чанар сайтай, үнэтэй байдаг

Бид ноолуур авч буй томоохон үйлдвэр хайсаар ‘Эмээлт’ захын хамгийн цаад талд хөдөө орон нутгаас орж ирдэг түүхий эдийн цэгээр орлоо. Түүхий эдийн цэгүүдэд ноолуур авах уу гэхээс илүүтэй хаанахын ноолуур бэ гэж их асууж байлаа.

Эндхийн хүмүүсийн хэлснээр Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн ноолуур нарийн ширхэгтэй байдаг учраас арай өндөр үнэтэй худалдаалдаг. Харин Хөвсгөл аймгийн ноолуур байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалан чанартай байдаг гэв. Өнөөдрийн ханшаар нэг кг ноолуур орж ирж буй аймгаас хамаарч 85-90 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Одоогоор арьс шир тушаахаар ирэх хүн, ноолуур авах ченжүүд ч ховор байгаа. Ер нь ноолуурын анхны үнэ энэ жил 90 мянган төгрөгөөс эхэлсэн. Гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл ноолуурын үнэ 110 мянга болтлоо өссөн. Хэдхэн хоногийн дотор үнэ нь буурчихлаа” гэсэн мэдээллийг өглөө.

‘Эмээлт’ захын ченжүүд ноолуураа Хятад руу гаргадаг

Ченжүүд ч олон жилийн туршлагаар хаанахын ноолуур гэдгийг таньчихдаг аж. ‘Эмээлт’ захын ченжүүд ихэвчлэн худалдан авсан ноолуураа Хятад руу гаргадаг бол цөөн хэдэн үйлдвэрүүд нь дотоодынхоо үйлдвэрт тушаадаг юм байна. Эдгээр түүхий эдийн цэгүүдийн ажилчид нь Монгол хүмүүс байсан ч эзэд нь Хятадууд байдаг бололтой юм. “Ноолуур авна” гэсэн хаягийн дагуу хэд хэдэн газраар ороход Хятад хүмүүс угтсан юм. Ингээд бид ойр хавийн хүмүүсээс сурагласны эцэст Монгол эзэнтэй түүхий эдийн цэгт очлоо. “Сутай төв ноолуур”  нэртэй түүхий эдийн цэг нь тасралтгүй 24 жил үйл ажиллагаа явуулсаар иржээ. Тус төвийн захирал Д.Даваасүрэнтэй ноолуурын үнэ ханш, зах зээлийн талаар цөөн хором ярилцав. 

-Түүхий эд худалдан авах цэгүүдэд нэг кг ноолуурыг хэдэн төгрөгөөр худалдан авч байна вэ?

-Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Архангай, Завхан аймгуудын ноолуурыг 102-103 мянган төгрөгөөр худалдаж авч байна. Орон нутгуудаар бас адилхан үнэтэй байгаа. Харин Зүүн аймгуудын ноолуур 85-90 мянгын хооронд худалдаж авч байна. Говийн аймгуудын ноолуур 80-85 мянган төгрөгийн ханштай байна.

-Танай үйлдвэр өдөрт хэчнээн кг ноолуур худалдан авдаг вэ?

-Манайх өдөрт дунджаар 400-800 кг орчим ноолуур авч байна.

-Ноолуурын үнэ аймгуудаас шалтгаалан харилцан адилгүй үнэтэй байна шүү дээ. Үүний учрыг тайлбарлаж болох уу?

-Зүүн аймгийн буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын ноолуурын ширхэг нь нарийн гарц өндөртэй ноолуур байдаг. Хамгийн түрүүнд гардаг сайн чанарын ноолуур учраас үнэ нь арай илүү өндөр үнэтэй. Гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэлх үеийг ноолуурын оргил үе гэж хэлж болно. Яагаад гэвэл энэ үед хамгийн чанартай ноолуур гардаг. Энэ жилийн тухайд  зүүн аймгуудын ноолуур хамгийн дээд тал нь 109 мянга хүрсэн.

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад ноолуурын үнэ хэр их өссөн бэ?

-Өнгөрсөн жилийг бодвол энэ жил ноолуурын үнэ 2-3 мянган  төгрөгөөр өссөн байна. Ноднин жил сайн байсан шүү дээ.

-Одоогоор ноолуурын үнэ буурч байгаа гэж та хэллээ. Яагаад буурах болов?

-Ерөнхийдөө ноолуурын чанар нь буурч байгаа учир үнэ нь дагаад буурдаг.

-Ченжүүдийн ихэнх нь худалдан авсан ноолуураа Хятад руу гаргадаг гэх юм. Тэгэхээр Хятадууд ноолуурын үнэ ханшийг тогтоодог уу?

-Бид нарт Хятадын зэх зээлийг дагахаас өөр ямар ч сонголт байхгүй. Хятадууд өнөөдөр зах зээлээ хаах юм бол бидний бизнес яах юм. Гол худалдан авагчид бол мэдээж Хятадууд шүү дээ. Яагаад ийм байна вэ гэхээр дотоодын үйлдвэр ноолуурын гуравны нэгийг л худалдаж авдаг. Үндэсний үйлдвэрлэгч “Говь” ХХК бол манай хамгийн том үйлдвэр шүү дээ. Гэтэл тэд ноолуурын зах зээлд монополь тогтоож чадахгүй байна. Үндсэндээ ноолуурын зах зээлийг Хятадууд эзэлчхээд байгаа. Тэгэхээр энэ асуудалд төрийн оролцоо маш их хэрэгтэй.

-Танайх улиралд дунджаар хэдэн төгрөгийн орлоготой ажилладаг вэ?

-Орлого жил жилээсээ шалтгаалан янз бүр байдаг. Хятадууд худалдан авалт сайтай байх юм бол бид нар өдөр бүр авсан ноолууруудаа дунджаар 500-1000 мянган төгрөг нэмээд худалдаална.

Ноолуурын бизнест Хятадууд ноёлж байна

-Та бүхэн төрөөс ямар зохицуулалтыг хүсч байна вэ?

-Завсрын ченжүүд гэж нэрлэгдээд байгаа бид нар ноолуурын худалдан авалтын үнийг өсгөж байдаг хүмүүс. Ард түмэн бид нарыг түүхий эдийн үнийг унагаалаа гэж яриад байна. Үгүй байхгүй юу. Завсрын ченжүүд байхгүй бол Хятадууд дуртай үнээрээ авна. Бид нар аймгуудаас 100 мянган төгрөгөөр ноолуур аваад 101 мянган төгрөгөөр Хятадуудад аваачиж өгч байгаа юм. Угтаа бол бид нар ноолуурын үнийг барьж байгаа хүмүүс юм шүү дээ.

-Ноолуурын үнийг тогтоох ямар нэгэн зохицуулалт байдаггүй гэсэн үг үү?

-Байхгүй. Үнэ тогтоох ямар ч шалгуур байдаггүй. Ноолуурын үнийг Хятадууд л тогтоож байна шүү дээ.

-Ноолуурын үнийг тогтоох боломж та бүхэнд байдаг уу?

-Бид нарт үнэ тогтоох ямар ч боломж байхгүй. Хятадууд хэдээр авна тэрийг дагахаас өөр ямар ч арга байхгүй. Зах зээл гэдэг чинь тэр чигээрээ өрсөлдөөн шүү дээ. Гэтэл ноолуурын бизнест өрсөлдөөний зарчим байхгүй Хятадууд л ноёлж байна. Хятадууд ноолуурын үнэ унагаавал манай үйлдвэрүүд баярлаад дуугүй л суугаад байдаг.

-Ноолуурын зах зээл дээр ченжүүд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Бид нар сайн чанарын ноолуурыг бэлдэж өгч чадна. Түүн дээр бол туршлагатай. Жишээлбэл орж ирж байгаа ноолуурыг нүдээрээ хараад ялгана. Ченж байхгүй болчихвол Хятадууд дурын үнээр авна шүү дээ.

-Үүнийг цаашид хэрхэн зохицуулах вэ?

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Эндээ боловсруулалт хийгээд бүтээгдэхүүн болгомоор байна шүү дээ. Үндэсний үйлдвэрлэл мөнгөтэй бол хамгийн өндөр чанартай ноолуураа худалдаад авчихна. Түүнийг боловсруулаад дэлхийн зах зээлд гаргавал хэд дахин ашигтай ажиллана шүү дээ. Жишээлбэл нэг ноолууран цамцыг дунджаар 200-250 гр ноолуураар хийж байна. Тэгэхээр нэг кг ноолуураар хэдэн цамц гарах вэ. Энэ зах зээлийн ядаж гуравны нэгийг Монголчууд эзлээд бүтээгдэхүүнээ хийгээд гаргах ёстой.


Өнгөрсөн жил хамгийн эхний ноолуурыг 108 орчим мянган төгрөгөөр авч байсан ч ханш нь унаад, 60 хэдэн мянга руу орж сүүлдээ буцаад 78 мянга хүртэл өссөн байна. Ноолуурын үе гурваас долоон сар хүртэл үргэлжилдэг ба зургаан сараас ноолуур ховорддог аж. Мөн ‘Эмээлт’ захын  ченжүүд ноолуураа ихэвчлэн малчдаас худалдан авч, авсан үнэ дээр 500-1000 мянган төгрөг нэмж худалдаалдаг гэнэ. Ноолуурын ширхэг хэдийн чинээ нарийн байна төдий чинээ гоё зөөлөн, тансаг бүтээгдэхүүн болдог. Учир нь ноолуурын чанар бүтээгдэхүүнд шууд нөлөөлдөг бөгөөд дотоодын үйлдвэрлэгчид гуравдугаар сард гарсан чанартай ноолуурыг тэр бүр худалдан авч чаддаггүй. Тиймээс ченжүүдийн зүгээс ноолуурын үнийг тогтоох асуудалд төрийн оролцоо хэрэгтэй байгааг чухалчиллаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж